Гэрэл гэгээ


Бага байхдаа би солонгон туяаг барих гэж
Балчир биедээ багтамгүй догдлон хөөрдөгсөн
Аниргүйд амилах мэт одод эрхэст дурлан
Айзам хэмнэлт нь уусан алдрах дуртайсан
Харин одоо, би нэгэн жаргалд хүрсэн мэт
Эрхгүй санаашран баясан цэнгэнэ
Хаа нэгтээ, хаа ч байдаггүй Итгэл өөрөө
Инээд хөөрөө илтгэн баясан хөөрнө
Цаг мөчтэй уралдан нэгэн үйлийг барихгүй бол
Жаргалаа би хэрхэн яаж ихэсгэх билээ
Миний хүсдэг жаргал бол энгүй их диваажин
Миний Бурхан, өөрөө та айзам хэмнэлт соронзон лугаа
Ариун амь, амьсгал минь билээ
Ум

Том айлын аав хаачсан бэ

Бодол болон суусан аав минь тэнгэрийн хаяа руу хараа билчээх дуртай. Хүнд хэцүү цаг тулгарахад дандаа л тэнгэрээс од шүүрэх мэт нухацтай нь аргагүй уулсын орой дээр гараад хэдий нь суусан байдагсан. Хэдэн хүүхдүүдээ хаа нутгийн хэнтэй ураг барилдуулах вэ, зан ааш нь энэ айлд тохирох эсэх, юунд гаргуун байх нь вэ гээд л хүүхдүүдийнхээ бүгдийнх нь төлөө нүүдэл алгасан хувь заяаг нь шинжинэ.
Хэдэн хүүхдүүдийнхээ төдийгүй айл саахалтынхаа хүмүүсийн амьдрал ахуйг хэрхэн дээшлүүлэх вэ, хэн хэн нь ямар ажилд гаршсан байна гээд л тухайн хүнийх нь чадавхид таарсан ажил олоод л өгсөн байдаг юм.

Хил залгаа айл хотлын хөгшидтэй эх нутаг, зах хязгаарын аюулгүй байдлын талаар ярилцан эрхтэн мэдэлтэнд илч илгээнэ. Миний аавыгаа харах болсон шалтгаан нь аав шигээ хангай шиг том ханхар биетэй, холч ухаантан болох гэснийх байлаа.

...Өнөөдөр, цаг хугацааны эрхээр юм бүхэн дүрэм журамд захирагдан эмх цэгцтэй болж байгаа мэт боловч өвгөдийн минь өвлүүлэн үлдээсэн холч хараа, ясны эх оронч сэтгэлгээ, өр нимгэн ард олноо энэрэхүй хэмээх бодлого үнэндээ алдагсан байх юм.

Нарны охин чамдаа

...чиний тухай бодол бүхэн намайг орчлонгоос тасдан аваад онхи ондоо ертөнцөд хүргэдэг. Өндөр зэгзгэр нуруутай үсээ хоёр сүлжсэн, чин сэтгэлээсээ гэрэлтэн инээдэг чамайгаа би нарны охин хэмээн энхрийлдэгсэн. Чамд тоогдох гэж чиний нүдэнд олзлогдох гэж мөн ч их хичээж билээ. Намайг тоохгүй бол яанаа хэмээх бодлоосоо болж олон ч шөнө нойргүй хоносонсон. Эгэл даруухан хэрнээ эрч хүч бялхсан чамдаа би одоо ч хайртай хэвээрээ.

Хүн бүхэнтэй ижий ахаа болдог хүнлэг занд чинь дурлан би л хийхгүй бол бүхий л хорвоо зогсчих юм шиг яардаг занд үнэндээ би дүргүй байж билээ. Харин одоо бодоод байхад дэндүү ариухан чи минь маш богинохон хугацаанд өөртэй ахадсан олон олон зүйлийг хийж, хүмүүст амьдрах итгэл найдвар өгч байсан юм байна лээ.

Дотоод эрх чөлөө
















Би орой бүхэн гэгээвчээрээ гадагшаа харах дуртай. Гэхдээ энэ гэгээвч маань цэлгэр том биш л дээ, өндөрт маш өндөрт байдаг жижигхээн гэгээвч. Өдөр нь гэрэл муухан тусна. Харин оройдоо хязгааргүй уудам одот тэнгэрийн хэсэгхэн жаахан орон зай л харагддаг. Яг л миний хаачихаа мэдэхгүй гадаад харанхуй итгэл шиг.

Тэртээх алсын баяр жаргаланг хамтдаа дуудья

Сэм сэмхэн санаа алдан зүрхээ би чагнана.
Сэрүү татсан сайхан нутгаа хэн хэнээс илүү би үгүйлнэм.

Өндрийн өндөрт байдаг юм миний эх орон
Өөрөөсөө ч илүү чамдаа би хайртай эх нутаг минь.

Дэлхий эх


Алдар нь үл дуурсагдах даруухан нэгэн эмэгтэй үр ачаа тэжээсээр одоо өтөл буурай болжээ.
Тэртээ холоос нэгэн үр нь тэнгэрээс аврал эрэн гуйна. Тэрээр тэнгэрээс хурыг , будаа мэт арвин хоолыг, тэнхээрэл тэвчээрийг өлөн нүдээр бус үнэн сэтгэлийн угаас сүслэн залбирна.
Аяа ямархан хувь тавилангаар орчлонгийн олон амьтад эрээнтэй бараантай, өндөртэй намтай явнам бэ? Яалтай ч билээ дээ. Бүхнээс хатуу байж бүсээ чангалах гэхээр бүлээхэн сүү минь дусагнах гээд байх юм, ханаж цадталаа хагартлаа идчих гэхээр хаа нэгтээ үр минь өлсөж ядарч яваа.

Ядмагхан хэрнээ яг цагаа болохоор язартлаа баяжих боломж ирдэг яасан сонин орчлон бэ. Хэтэрхий олон үр хүүхдүүд минь хэн нэгнийгээ танихаа ч байж. яаж явснаа мартаад ямбатан дээдэстэн болчихсон байх юм.

Цас

Цас бударна. Нэг л мэдэхэд хорвоо ертөнц тэр чигээрээ цав цагаахан болсон байлаа. Будран будрах цасан ширхэг ээлж дараатай хөгжин бүжин байснаа салхины аясаар шууран догширно.

Тэгээд л удалгүй намуухан симфони хөгжмийн аясаар эмх цэгцтэй буух нь үнэхээр хөгжилтэй. Гадаа хүүхдүүд шуугилдана. Одоо л тэд нар цасаар наадаж байгаа байх гээд яаран цонхон дээрээ очлоо. Гэтэл юу ч олж харсангүй. Түрүүхэн л хорвоог тэр чигээр нь бүрхсэн цас хаачив.

Үүн лугаа хүний амьдрал хорвоодоо уусан шингэж дурьдатгал болон үлддэг юм байна даа. Цаг үетэйгээ байх сайхан, цаг үеэсээ хоцрох муухай.

Хаврын зугаатай цас нь зуны урь орох үетэй давхцан орсноос л байгалийн жам нь дийлж хөрсөнд хураа хайрлаж, сэтгэлд минь мөрөө үлдээсэн дурсгалтай мөчөө дурсаа юу гэлтэй.

Янагхан сарнай чи

Яв ягаахан сарнай минь
Чи минь хичнээн үзэсгэлэнтэй билээ.
Яв ягаахан сарнай минь
Чинийхээ үнэр анхилгад би мансуурнам,
Яв ягаахан сарнай минь
Чинийхээ гоо үзэсгэлэнд
Би түмэнтээ сөхөрнөм бусуу.

Яв ягаахан сарнайхан чамайгаа хараад л баймаар, хайрлаад л, харамлаад л харамлаад л баймаар чамдаа би дэндүү, дэндүү их дурласан шүү дээ.
Чамдаа гэсэн сэтгэлийг минь тэнгэр газар бүгд мэднэ

хэрээ

Тас хар өнгөтэй намайг дан ганц хүмүүс л адлах юм даа. Олноос онцгой төрөөгүй л юмсан. Ороо бусгаа цагт хэн нэгэн гэмтэн байх ёстой юм болохоор олны мууг би үүрч байна даа. Миний модны дэргэд өнөө хэн гуайнх одоо болтол байсаар. Эвий минь цагийн аясаар хурдан өтөлж байна даа. Энгэрээс нь уяатай өссөн эрх танхил хүүхдүүд нь өдийд том л болсон баймаар сан. Эвий минь элгээ мэгштэл, ирхээ нимгэртэл тэднийхээ төлөө залбирсаар олон ч жилийг үзлээ дээ.

Дээр тэнгэр хол гэдэг ч дэргэдээс нь огт холдмооргүй байна. Хүмүүн төрөлд бууж очоод хөөрхий хэн гуайд үр хүүхдийн дээдийг мэдрүүлэхсэн дээ.
Аяа Амьд Бурхан минь азай бууралд минь үрийн заяа хайрлах даа ачлал энэрлийг хамт өгөхгүй яав даа.

Янзага

Алсад бүүр түүрхэн утаа үнэртэнэ. Хөөрхий хөөрхийлөлтэй янзага минь чи хүнд юуны учир итгэсэн юм бэ? Хайрлан дулаацуулдаг, халамжлан энхрийлдэг цорын ганц аврал болсон эхийг чинь хомхой сэтгэлт араатан лугаа хүн хөнөөж, ангийн олз өөдөө гээд архи сөгнөн бахирнам бус уу.

Ачит авралаа минь гэж бодно уу чи тэднийг. Үгүй ээ тэд бол сэтгэлээ гээсэн хүмүүс. Амьтад хүртэл үрээ хамгаалан амиа өргөдөг энэ орчлонд хүн л үрээ хайрладаггүй.

Тийм учраас янзага минь чи хэцүү гэлээ ч сэтгэлээ барь, урд чинь сөхрөхөд тулах газар дэлхий байна, ард чинь амсаагүй хүртээгүй ариун бүхэн чинь хүлээнэм. Чи минь нулимсаа барь, чи минь сэтгэлээ чангал. Орчлон гэдэг гайхалтай юм. Олж тэр нь баригддаггүй юм. Тэрээр зөвхөн тэвчээр хатуужлаар мунхагийг гэтэлж, мунагийг хугалж, ариун бодол хүслээр жигүүрлэн амьдралд дурла. Янзага минь. Орчлон ертөнц чамайг харж, олж авах ялалтанд чинь сөхөрнөм. Аяа амьдрал та агууг мэдрүүлж, ачийг сануулнам бус уу.

Одод




Балчирхан охин дээш хараад тоо томшгүй оддод дурлажээ. Зуны үдэш гаднаа гараад зуу зуун оддыг тоолох гэж оролдлоо. Арван хуруу нь хүрсэнгүй, аавын хуруу ч хүрсэнгүй. Арга ядаад бяцхан охин алтан гадас, шанага 7, хүн таван од, үүрийн цолмон, үдшийн гялаан гээд л гарт багтах хэдэн одны тухай гайгүй сайн мэдэж авлаа гэнэ.

Сургуульд ороод охин одон орны дугуйланд суралцав. Үүр цайхаас өмнө урт дуран авайгаар одод эрхсийг дурандах дуртай. Тэрээр өнгө өнгөөр солигдох одод өөрий нь нүдний өмнө ирээд амьсгал аван буйг нь мэдрээд байна байна алаг энэ дэлхийгээс минь гадна амьд орчлон байдаг юм байна гээд байдаг чарлаараа баярлан хашгирлаа.

Тэнгэр

Би хөмөрсөн сав биш. Би цэв цэнхэр ч биш. Би энд тэндгүй байдаг юм. Хүмүүс намайг тэнгэр гэдэг.

Хараа сунган нүдээ билчээ. Миний орон зайд юм бүхэн байдаг юм. Үнэндээ тэнгэр гэдэг дэлгэн барьсан хадаг биш ээ. Тэнгэр гэдэг тэр чигээрээ Та л юм шүү дээ. Гэрэлтэй гэгээтэй үед цэлмэг байна гэлцдэг, гунигтай бодролтой үед минь бөөгнөрөн үүлшдэг гэлцдэг.

Үнэндээ би өдөр ч, шөнө ч, өнөө ч маргааш ч байсан байрандаа байж л байдаг. Байнга таны итгэлтэй анд, амьсгал чинь шүү дээ. Би таны дотор орно, Та миний дотор орно. Та бид хоёр ээлжлэн нэгэн том ертөнц билээ л.

Уулзалт

Хаврын тэр нэгэн өдөр хайрт чамтайгаа дахин учирлаа. Халуу дүүгсэн харц, дулаан гараараа миний сул асгарсан үсийг илэн үнэрлэнэ. Чамаар л эрхлүүлэх гэж чамдаа л эрхлэх гэж би хичнээн их бодон санаснаа одоо болтол гайхах юм. Нэг л өдөр чи минь намайг хайсаар ирлээ. Саяхан уулзаад л салсан мэт тийм ойр дотно байх юм. Арга ч үгүй байлгүй дээ амьсгал бүрдээ санан дурссан учраас л тийм дотно, өөрийнх мэт байсан юм.

Энгэрт чинь асах зүрхэн цэцэг болоод эндээс ерөөсөө явмааргүй байна. Цаг хугацааг түр ч болов зогсоогоод чамтайгаа хамт байж хамтдаа хамтдаа л байхсан.

Хаврын дулаан уур хэдий нь оржээ. Шувууд дээгүүр маш дээгүүр хараа хүрэмгүй өндөрт нисэн дүүлнэ. Өндрийн өндрөөс биднийг шоолон өнөөдөр ирж л байгаа биз дээ. Чи тэгэхэд юу гээд байлаа гэх шиг айлгүйтэн ниснэ.

Алиа жаахан дүү минь


 Алиа жаахан дүү минь алс хол байгаасан. Алсын хараагаа амин дүүдээ чиглүүлэн агуу Бурханыг аврал нигүүлсэлдээ багтаахыг аминчлан наминчлан гуйдагсан. Тиймээ хэцүү хүнд үед хайр энэрэлдээ багтаан хамгаалан халхалж байгаа таньдаа баярлалаа.

Алсын алсад хэрнээ амьсгал амиараа холбоотой миний монгол хүүхдүүд минь эх орон нь та нарыгаа хамгаалж байна, их тэнгэртээ залрах долоон бурхан од нь ч эвийлэн байна. Миний монголын үрсийг мөнх хөх тэнгэр нь ч мөнхөд ивээж байг.

Шивнээ

Амьдрал таны аяархан шивнээ салхитай хамт сэтгэлд минь шингэв. Тэрээр алаг хорвоогийн түмэн зүйлсийн тухай эцэс төгсгөлгүй ярихыг хүссэн авч тэгсэнгүй. Харин аргадан аргадан учирлан учирлана.

Илбэн илбэн хайраа илчлэх эх шиг минь, эрс шулуун үнэнийгтүс тас хэлэх эцэг шиг минь нэг зөөлөрч, нэг хатуурхана.

Гэвч амьдрал та аядуу зөөлнөөр аанай л ухааруулах гэж бүхнээ барив.

Тиймээ цаг мөч бүхэнд хамт байж царай царайгаа хараагүй ч сэтгэлд минь байж, амьдрах итгэл, хүсэл, тэмүүлэл бүхнийг харамгүй өгсөн Амьдрал таньд баярлалаа.

Эндээс би явмааргүй байна.

Эндээс би явмааргүй байна. Эрхлэн үрдээ, ээждээ, аавдаа, энхрий хайртай та нартаа эрхэлмээр байна. Үрийнхээ хайрын шулганаан, өсөж дэгдэх эгшинг, ханиа дагуулаад хангай шиг орж ирэхийг нь хармаар байна, хайрламаар байна.

Чамаас би гуйж байна. Чандлан чандлан хүслээ хэл хэмээвээс эрх чөлөө, амь амьсгал, гэрэл гэгээнд шүтэн барилдан гэмгүй даруухан зүгээр л аж төрөхийг зүйрлэшгүй их хүснэм.
Үхэл би чамаас өөрийгөө харамлаж байна. Чанга хатуу чиний л өмнө сөхрөхгүйг хичээнэм.

Тэр цаг ирнэ. Тэнгэрт би уусан гэрэл болон тэгээд та нар руугаа илч болон анирлах тэр цаг ирнэ. Тэр цаг одоо биш, тэр цаг тэр цагт ирнэ. Тэр цагийг хүртэл надад эрх чөлөө, амь амьсгал өгөөч, найдаж би сүслэн мөргөнөм.

Нүдэн булаг

Би харанхуйд насан туршдаа амьдарч ирсэн. Харанхуйд ч бас амьдрал буцалж байдаг гэдэгт та итгэх үү.

Би гэрэл гэгээ гэдэг тэр гайхалтай зүйлийг олж харахыг гартаа атгахыг маш их хүсэж билээ. Миний мэддэг тэр халуун дулаан гар, духыг минь үнэрлэх тэр нэгэн ачтан бол миний эмээ. Би хэн болохоо, юу хийхээ ч үл мэднэ. Эмээгийн минь заасан бүхэн бол хууль. Тэр л жаахан гэр дотроо бүхнийг баримжаалан явсаар нэг л мэдэхэд би яг л хараатай хүн шиг бүхнийг мэдрэмжээрээ хийдэг боллоо.

Манайд эмээгийн найзууд ирнэ. Тэд ирэхээрээ гэрээр дүүрэн баяр хөөр, инээд шуугиан. Манай хэд даалуу эсвэл хөзөр тоглоно. Харин сардаа бол ямар ч байсан хоёроос гурван удаа маань хөгжөөнө. Тэгээд л залуу насны хөгжилтэй явдлууд, хэнд таалагддаг байснаа хэрхэн эрвээхэй адил даль жигүүрээ дэвэн хорвоогийн эрх бяцхан дагина байсан тухайгаа ёстой ярьж өгнө дөө. Миний эмээгийн найзууд бас л миний найзууд тэд нар минь яг л эмээ шиг минь намайг энхрийлэн эрхлүүлнэ.

Бор шувууны шулганаан

Залуу улиас салхинд ганхана. Өдрийг тэр хөгжилтэй өнгөрөөнө. Бор шувууд мөчир дээр нь бороотойд ч, цастайд ч бөндийн байдаг.

Үүрийн гэрээнээр шулганан шаагилдаж, өнгөт орчлон сэрснийг тунхаглана. Тэнгэр од эрхсийн тухай, тэнд тоглох хүүхдийн тухай, тээртэн яваа өвөөгийн тухай, тухлан ярилцах эмгэдийн тухай, хайраар жигүүрлэсэн хосын тухай, халгин цалгих далайн тухай мэдэхгүй л байгаа болохоос биш бид, мэддэг бүхнээ солилцон байгаа байх даа.

Үдшийн бүрийгээр эртлэн харьцгааж, өдрийн явдлаа дурсан хурхирах жив жив шулганадаг, жижигхэн бяцхан зүрхэн бор болжмор минь дээ.

Тэнгэрийн ташуур


Манай анги нэгтгэл шинэ цэргийн баазаа нүүлгэж ирээд удаагүй байсан намар цаг сан. Салаан дарга маань бүрээн дуутай зэрэгцэн өөрийн салааны шинэ цэргүүдийг түргэхэн жагсаах гээд цэргүүд рүүгээ гүйлээ.Түүнийг ирэхэд цэргүүд нь жавхайтал эгнэн жагссан буйг ажаад маадгар маадгар алхсаар тэргүүн эгнээнд нь очин зогслоо. Ротын захирагч өндөр дуугаар шинэ цэргүүдээс шалгалт авах болсон тухай зарлан дор бүрээ бэлтгэлээ базаахыг сануулж бас хэд хэдэн даалгавар нэмж өглөө.



лха таван тэнгэр нь гялалзаж байхад

... Биднийг бага байхад уран зохиолын хичээл л бидэнд хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би хэмээн ухааруулж, холхи газраас гялалзан харагдах оддод дурлуулан, аргалын утаа боргилсон монгол гэрээс орчлон ертөнцийг анх таньж мэдэрүүлсэнсэн.

Үүнтэй адил олон юм чимээгүйхэн үгүй болсоор л байна. Үгүйлж байна, ардын аман зохиолоо, үгүйлж байна сайхан өвөөгийнхөө үлгэрийг, үгүйлж байна алга болсоор байгаа уул толгодоо, үгүйлж байна сайхан монгол нутгаа, үгүйлж байна тэнгэрлэг ард түмнээ, үгүйлж байна эх оронч андыгаа, үгүйлж байна үр хүүхдээ, үгүйлж байна ханиа, хайраа, сайхан билэг ерөөлөөр дүүрэн шүлэг үлгэр хүлхэж өссөнсөн.

Хайр минь гүнээс ундарна

Хорвоод би хайртай
Хайр минь гүнээс ундарна
Би уйлна уйлна
Гэвч би аз жаргалтай

Хан тэнгэр минь


Чамдаа би эрхлэн тунирхан
Чихэн дээр чинь хайртай гэж шивнье
Чинийхээ энгэрт хоргодон хоргодон
Чинхүү хайраа чамдаа илгээе

Хайрлахгүй байхын аргагүй
Хантэнгэр минь чамдаа би хайртай
Энэрэхгүй байхын аргагүй
Энэрлийн дээд тэнгэр минь ээ

Зүрхнээс зүрхэнд- Амартүвшингийн Оюунзаяа

 Энд байгаа ганц нар 

/дүүдээ зориулав/

Нар луу хар дүү минь, цэцэг үнэрлэ
Над руу инээ дүү минь, хэлэхийг минь чагна
Харц чинь тув тунгалаг
Хаа ч давтагдашгүй яг л нар шиг
Чи минь энд байгаа ганц нар
Чимэг, дагуулгүй чи өөрөөрөө л нар
Тэр харж байна уу?
Тэнгэр гэдэг юм хөх, улаан, цагаан

Хөвсгөрийг нь үүлс гэдэг юм
Яг л чиний үс шиг долгионтой,өөр өөр хэлбэртэй
 
Нисч яваа хүмүүсийг нь шувуу гэдэг юм
Нэгэн цагт чи тэдэн шиг нисч сурах болноо.
Онцолж нэг шөнө чи түмэн оддыг харахаараа
Огторгуйд ганцхан гэдгээ л мэдрээрэй, дүү минь.

Би үхэр Монгол

Тиймээ, намайг үхэр Монгол гэдэг. Би ямбалж суудаг торонд орсон тогос шувуу биш. Хатуу хүйтэнд тэсвэртэй хайнаг, сарлаг гээд андтай элсэн дээр гишгэсэн мөртэй, эрдүү чанга хөөмийн аялгуутай, тэргүүндээ төрөө залсан тэнгэрлэг Монгол хүн би байна.Хэцүү цагт бодлоо хураан, хүрэнтэн би зүтгэж байна. Хөрс шороондоо амиа хүлхэн, хөх тэнгэртээ зүрхээ өргөсөн хөх монголын үр сад бид хүч түрэн тэмцэж байна.Ариун бүхний дээд цагаан баяраа дээдлэн айл хотлоороо айлсан найрсаж байна.

Хуурийн чавхдас хуй салхи шиг түрэн хурайлан хурайлан энхжингийн үүдийг нээж байна. Цан хүүрэг савсуулан цахилж яваа гөрөөс шиг, сунан сунайх талын хөх чоно шиг тэнгэрлэг хийморио тэнд эндгүй дуурсган байнам.Азтай, одтой, хийморьтой, атганд нь амжилт багтсан, аманд нь ерөөл бялхсан азийн бардам монгол хүмүүн би тэнгэр өөд цэх бардам харж тэртээх ирээдүйн жаргаланг мэдрэн , цээж тэнэгэр цэх шулуун зогсож байна.Хажуу хавирганаас хайрах хатуу хүйтэнд үл ажран хангай шиг хайрхан уул ус, нутаг гол гольдролдооо уусан шингэж байна.

Эргэцүүлэл

Тийм ээ би саяхан ойрд уулзаагүй найзтайгаа тааралдлаа. Удахгүй тэтгэвэртээ гарах санаатай юм байх. Ихэнх насаа энэ л ажилдаа зүрх сэтгэлээ зориулсан тэрээр өмнө нь ийм дуу шуу муутайхан таардаггүйсэн.

Би түүний ярьсан үг бүрийг бодох тусам энэ байдлаас гарах арга зам байх л ёстой хэмээн бодсоор л сууна. Тийм ээ хамтдаа бодьё л доо.

Манай улс эдийн засгийн хямралд нэрвэгдээд ажилгүйдэл ихдээд гэх. Сайхан сайхан хүмүүс минь алслан одоод л, ард нь эх орон нь юу болж байна гээч таминь ээ. Өдөрт 200 -аас 300 хятад иргэн монголд ажил хийхээр магадгүй эрчүүдийн минь орон зайг эзлэх гээд хошуурцгааж байна. Эх нутгийн минь алтан хөрс шороон дээр буунгуутаа сурсан заншлаараа шүлсээ хаялцгааж байна.

Монгол хүн битгий хэл монгол адуу хичнээн холоос ч нутгаадаа гүйсээр нэг л өглөө уяан дээрээ ирээд дүүхэлзэн байдаг тухай домгийг мөн ч олонтаа сонсож уйлж байж билээ.

...зүгээр л ирэхийг чинь хүлээж байна


Сайн байна уу эрхэм дүү минь, эх нутгаа санаж байгаад тань, ижий ааваа элгэн саднаа санан санан байгаад тань таларханам.

Тиймээ монгол хүн бүр эх нутгаа санан байна, магадгүй эх орон нь бүр ч илүү санаад л байгаа. Гадагшаа урсгалтай голуудтай ч дотогшоо сэтгэлтэй монгол байж чадсанд тань талархнам.

Миний монголын хүмүүс монголоо дандаа санаж байгаасай. Бэтгэртлээ санасан нутаг нь хүнийх болохоос нь өмнө та нар минь бидэн дээрээ ирээрэй. Нутгийн салхи нь, нуурын мандал нь эхийн сэтгэл нь, эцгийн хараа нь, үрийн сэтгэл, андын нөхөрлөл нь , ардын дуу нь бид бүгд зүрхээ даран даран та нарыгаа зүгээр л ирэхийг чинь хүлээж байна.

Үнэхээр эдийн засгийн хямрал болсон гэж үү?

Тийм ээ, эдийн засгийн хямрал болсон гэж та бодож байна уу? Би л лав үгүй гэж бодож байна. Яагаад вэ гэвэл айл бүхэн өөр өөрсдийн хувь зохиолоороо хоолоо залгуулаад л болоод байна. Харин сонгууль нэрээр овоо хэдэн бор юмаа зарлагадсан харуусал, дээр нь дэлхийн зах зээл дэх байж л байдаг тэр эгзэгтэй агшинг өөрсөддөө ашигтайгаар эргүүлээд бидний хэдэн ноомой нөхдийг элэг бариад байгаа юм биш үү. Худал үгийг мянга давтвал үнэн болдгийн үлгэр энд монголд үргэлжилсээр л байна.

Үнэхээр л тэр хямрал энэ тэр нь нүүрлээд, амьсгал авхуулахгүй багалзуурдаад байна уу гэвэл үгүй. Харин ч бүх зүйл эсрэгээрээ монголчууд шоугаа хийгээд л, наргиад л, имиж хөөсөн үнэтэй машиндаа хот хахаж цадаад харин ч хөгжөөд байна хөөе.

За нээрээ хямраад сүйд болсон юм бол яагаад хэмнэлт гэж хэн нь ч ярихгүй байгаа юм бэ? Та бодоод үз дээ.

Хичээгээрэй үр минь

Хичээгээрэй үр минь
Насан туршдаа талархаж явсан юм шүү үр минь би чамдаа
Нандин мөрөөдөл, хайр гэрэл гэгээ минь билээ чи
Цэнхэртэн мэлмэрэх далай адил
Цэвэр ариунаарай гайхуулах амь амьсгал минь

Хичээгээрэй үр минь
Бүхий л цаг хугацааны турш би чинийхээ төлөө залбирч
Бүр илүү шунан дурланам үр минь би чамдаа
Анирлан суунам чинийхээ өмнө
Аминчлан даатганам амин үр чамайгаа

Энхрийхэн минь дээ



Энхрийхэн минь дээ
Ээж нь чамдаа хайртай
Дэмий үг хэлж чамайгаа зэмлэсэн бол
Дэндүү тэнэг ээжийгээ уучил

Зүрх минь чинийхээ өмнө сөхрөөд
Сэтгэл минь чинийхээ төлөө зовниод
Амьсгал минь чинийхээ төлөө цохилоод
Амин үр чамайгаа хайрлаж, харамлахдаа л уурласан байх

Яргуй хэнзлэх цагаар…




Яагаад хайр чамайг хайр гэж хэн хэзээ нэрлэсэн юм бол. Яагаад итгэл, энхрийлэл, янаглал гээд хэлчихгүй хайр, хайр хэмээсэн юм бол.

Гадаа жавар хайран, дүн өвөл цасан салхи хөлөглөн ниснэм. Харин хайр хайр хэмээн хөлдөөн дааруулах утгыг нь хэдий нь хэн бүхэн үл дурсана.

Гагцхүү дурлал хайр хэмээх үгтэй хоршин хаврын илч дулааныг билэгдэн өглөөн нарнаар аливаад итгэл найдварын галыг дамжуулан энэ өдөр эх дэлхийд минь хайр та халуун янаглалтай, хайрын сарнайтай, хайрын харц, халуун энхрийлэл хайртынх нь шивнээнтэй хамт зүрхнээс зүрхэнд анирлан уусан алдарнам.

Үр минь



Цаг цохилон, зүрх цохилон, амьдрал цохилно.
Амьсгал аван, цэцэг дэлбээлж, гоо сайхнаа илтгэнэ.
Үр минь уйлж, дуулж, өсөн дэгдлээ.
Хайр минь энхрийллээр дүүрч, нисэн дүүлнэ.

Татах хүч оршсоор л..

Чамайгаа би үгүйлнэм. Өөрөөсөө өр зүрхээсээ чамайгаа би бэдрэн хайнам. Яг адилхан харагддаг, яг адилхан сэтгэн боддог, яг л адилхан яг л адилхан учраас л бидэн хоёр одоог хүртэл бие биеээ хайж , харамлаж , хайрлаж байгаа нь тэр ээ.

Мөрөөдлийн мөнгөн цэцэгсээр цэвэр ичимтгий цэцгэн жим татуулан тэндээс эндээс хайраа дурсан суугаа нь бидэн хоёр.

Би байгаа нь чи байгаа нь нар саран зэрэгцэн цэнгэл жаргалаа буман олонд хүртээхийн адил цэл залуухан хайрын цэцэрлэгтэй цэнгэн баясан зүрхний гүнээ нисэн дүүлнэм хорвоо минь.

Өдөр бүр алтан наран илчээ хайрлан

Миний эх оронг Бурханы буудалласан буянт нутаг гэдгийг

 Санаж байна уу та тэр нэгэн өглөөний цасыг. …

Урьд өмнө нь цас ингэж их инээж байл уу, урьд өмнө нь цас ингэж их энэлэн шаналж байл уу, урьд өмнө нь цас ингэж их эрхлэн жаргаж байл уу.

Тиймээ, тэр нэгэн өдрийн өглөө тэнгэрээс түм түмэн цасан ширхэг буусийм. Тэнхээ мэдэн тэрлэг нь болохоор тэнгэрээс газарт шүхэрлэн буусийм эх нутагтаа.

Амин насаа тэнгэртээ залсан, амьсгал юугаа эх орондоо өргөсөн амьд түүх , баатрууд минь тэр өглөө тэнгэрээс тэнгэрлэг эх орондоо анирлан шингэсийм.

Эрт дээрээс миний өвгөд тэнгэртэй хүүрнэх тэрхэн агшнийг мэддэг байсийм.

Ээжээ таньдаа баярлалаа

















Тэнгэрлэг нэгэн эх даруухан аж төрнө
Тэвэр дүүрэн цэцэгс адил үрсдээ хайртай
Өөрийн бус өрөөлийн төлөө бүхнээ зориулах
Өрөвч, өглөгч нэгэн та бол миний Эх

Бусдын сэтгэлд цучил нэмэх гэрэлт Очис
Балчир үрсдээ хайраа зориулах агуу Нигүүлсэл
Хариу нэхээгүй ариун хайрын тань өмнө
Хайлан үр тань мөнхөд сөгднөм.

Биеэсээ Бурхан амирлуулсан Эх минь
Биднийгээ Бурхан гэж хардаг Та минь


Гэрлэн цэцэгс бүжнэм

Хайр гэж юу юм бол. Яагаад хайр гэж нэрлэсэн юм бол. Яагаад хэзээ ч дуусашгүй хайр ундран урсах булгийн ус адил цалгилан цалгилах далай адил, цэнхэртэн мэлмэрэх тэнгэр адил агуу уудам баян тансаг байдаг юм бол.

Тиймээ хайр үнэхээр сайхан. Хайртай гэдэг үгээ бид эжии аавдаа, эх орондоо, үр ачдаа, хайртаа бүхэндээ харамгүй хэлдэг. Хэлээд л байгаа хэрнээ улам олон удаа хэлмээр энхрийлмээр, хайрламаар эвийлмээр байх нь гайхалтай.

Сайхан сайхан амьдрал өөрөө сайхан. Хичээгээд л мэрийгээд л байна. Хүндлэл дээдлэл, энэрэл эгээрэл, ухаарал энхрийлэл энэ бүхэн хайрын анд нөхөд.

Шинэ он айсуй. Ухаарал эгээрлийг улам илүү ойртуулдаг болохоор л хүмүүн бид шинэ онд хайртай. Ухаажин саруулсахын тулд урамшиж жавхаажихын тулд бусдаас онцлон шинэ гэж нэрийдсэн буй за.

миний үлгэрүүд - Хэнд эрх мэдэл буй, түүнд хилэн буй.

Эрт урьдын цагт нэгэн тэнэг хаан байжээ. Тэрээр тоглоом наадам зугаа цэнгэл хөөн хэн гэдгээ хүртэл мартсан байлаа. Зүгээр л өдөр хоногууд түүний өмнө амттан дүүрэн ширээ адил алаглан байдаг ч өнгө, үнэр, амтны мэдрэмж үгүй тарган түндгэр нэгэн, тоглоом адил тонтгонон гүйгч нэгэн, дуржигнах яриаг нь сонсох нэгээхэн ч үгүй болтлоо өөртөө дурласан нэгэн болсон байж дээ. Цаг хугацаа хэзээ эхэлсэн юм, цан жавар хэзээ арилдаг юм, гэрэл хаанаас ирж хаашаа буцдагыг мэдэх ч үгүй зөнгөөрөө тоглон наадсаар л, ан амьтдыг хөөн араа шүлсээ гоожуулсан амьтан хүний дундах арчаагүй нэгэн болон хоног сар жилийг хойно хойноос нь хөврүүлсээр л байлаа.
… Нэгэн удаа

Тэнгэрт од харваж байна


Тэнгэрт од харваж байна
Тэндээс аз жаргал атганд минь бууж байгаа нь тэр ээ
Тэгээд хүмүүн төрөлд хувилаад
Тэнгэрлэг хайрыг тэнд эндгүй дуурсгана

Гэрлэн дагинас

 
Цав цагаахан гэрлэн цэгүүд хөөрөн хөгжилдөнө
Нэг нэгээр аниргүйхэн уусан жарган үржсээр л
Гэрэл гэгээн өнгөт захиасыг гэм зэмгүйхэн дамжуулан
Гэгээрэл, баяр жаргалангийн далайг тунхагланам бус уу

Сайн байна уу. Анд минь

Урд минь зөндөө их ажил овоорч байна. Өнөөдөр тун ч их завгүй байна. Тиймээ, өдөр бүхэн бид өөр өөрсдийн өмнөх амьралдаа хөтлүүлэн тэмцсээр, урагшилсаар л байна. Гэхдээ нэг л биш байгааг та ч би ч бид бүгдээрээ мэдэж байгаа хэрнээ яаж чадахгүй байна.

Миний Монгол өнө эртний түүхтэй. Дэлхийн түүхэнд үнэндээ маш олон зүйлийн эхлэлийг бид л тависан. Гэхдээ бид хэзээ ч цээжээ дэлдэж байгаагүй.

Алдаанаас бүү ай



Анд минь чиний амьдралд алдах үе байсан уу. Надад алдаж эндэх явдал бишгүй л тохиолдож байлаа. Үнэндээ алдах вий эндэх вий гэж хэтэрхий их болгоомжлон, өөртэй итгэх итгэл дутсанаас л алдаа нэрээр агуу туршлага ирдэг юм байна даа. Одоо энэ цаг мөчөөс хойш би алдсан ч бай хамаагүй урагшлах болно, зүтгэх болно.

Тэнгэрт тэтгэгдсэн Миний Монгол

Төрөө дээдэлсэн
Миний Монгол
Тэнгэрт тэтгэгдсэн
Бидний Монгол

Амин хайр


Хөтлөлцөөд алхаж байсан тэр л газраа би одоо зогсож байна.
...Он жилүүдийн уртад элэгдэн хорогдсонгүй харин улам гүн бат байраа эзлэн миний зүрхэнд чи агуу том мод болон ургажээ.Тэр модны сүүдэрт суугаад тэртээх он жилүүд рүү би очлоо. Анх би чамайг харахдаа өөрийгөө харах шиг болсон. Ахиад нэг харахдаа хаа ч юм урьд нь хамт байснаа мэдэрсэн. Амьдралд ганцxан тохиох аяа амраг минь чамдаа би ямар их хайртай гээч.

Тийм ээ, би Энхнаран


Эрт урьдын цагт нэгэн гоо бүсгүй байжээ. Түүний гоо үзэсгэлэнг харсан бүхэн ариусч, нэрийг нь сонссон бүхэн итгэл найдвараар дүүрэн болдог байж дээ.
Цагаахан, цэх шулуухан туяахан хус шиг түүнийг мөрөн дээр сул задгай асгаран долгионтон буусан хүрэн ус, өргөн тэнүүн магнай, гэгээн тунгалаг харц, тэгш шулуун хамар энэ бүхэн нь ариун дээд бүхний илрэл, уярал хайрын охин тэнгэр гэлтэй.

... Нэгэн удаа охин


Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам