Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Бурхадын инээмсэглэл
өврийн дэвтрээс
өврийн дэвтрээс...
Хэн нэгэн магадгүй чамайг гомдоох вий тэгвэл тэр хүнийг өөрийнхөө үрийг байна гээд уучлаарай.
Нэг мэдэхэд та бүхнийг өөрөөр өөриймсөг харж энэрдэг болно. Ид шид бол хайр юм даа. . .
их аян
юуных вэ
өврийн дэвтрээс
өврийн дэвтрээс
Гэсэн ч би чамдаа хайртай
Усны тусгал дуулдаг болов уу
хослон
Чамайгаа би сарнин сарнисан ч нандигнасаар гэрэлд өгөхүйд
Хязгааргүйн бүжиг тоолшгүйд жаргаланг түүчээлэн нэгдэн нэгднэм
Чамдаа баярлалаа
Шинэхэн солонгон 🌈 зам зурайнам
Хүн-Шувуу
зүрхэн гэрийн эрэл
Одоо л нэг түүнийгээ олсонсон
Орчлонгийн хүлээсэнд олзлогдоод
Оосор бүчгүй жаргалд гуниж суух юм даа
Хэзээ хэдийд бид
Хайрыг эрх чөлөө энэрлийн урсгал гэж ухах буй
Хэзээ хэдийнээс бид
Хайр бол хэмжээ хязгааргүй итгэл гэдгийг онох вэ
Хөөрхийлөх тушаагаа тас татья
Хүмүүний мөрийг чөлөөлөлд тушаая
Анхны алхам нь өршөөлийн гуйлга байг
Аяа орчлонгийн хүлээс бүхэн уяралд бууж өгсөөр л байг
Харанхуйд аниргүйхэн алхая
Хамаг жим аяндаа гэрэлтэг
Нилэнхүй чөлөөлөлд тэмүүлэг
Нээрээ хүн бүхэн итгэлээ улам батжуул даа
Тэр цагт, тэрхэн агшинд
Тэвэр дүүрэн дэлхий ч инээнэ
Тэгээд бурхад бүгд дуулан дуудна
Тохилог зүрхэн гэр тань өнө батжиж
Та хязгаарыг давсан Хүмүүн-Бурхан болог.
Агшин бүрд мөр тань гэгээн байг
2023.09.10. УБ хот.
та минь
та минь
Эвийлж амжилгүй ууршсан шүүдрийн дуслуудыг хайгаа юу
Огтлолцол, давтамж, анзаараггүй он жилүүд минь чи
Одоо чандманаас ч илүү үнэнч сэрэмж төгөлдөр нэгэнд урва даа...
Мэлмэрэн тунарах таны үггүй харцанд
Мөнхийн гоо сайхан, эгэлгүй хайраар сүлэлдэн булгилнам
Зүрх минь өнөө таныхаа өмнө сөхрөн сөхөрнөм
Зүйрлэшгүй нинжин таныхаа халуун хайранд дахин нэг урамшнам...
Таныг хайрлах сайхан
Таныгаа харах сайхан
Орчлон хэдий удаан оршном
Олон амьтныг гэгээрэлд хөтөлнө үү Та минь
Ижийнхээ энхрийллийн харцыг таниасаа дахин дахин харлаа Эма хо
Эцгийнхээ өр зөөлөн уяныг таниасаа дахин дахин мэдэрлээ Эма хо
Өрөөлийн төлөө өөрийгөө золиослох өр нинжин бүхнийг тань магтья Эма хо
Өнөөдрөөс зөвхөн таныхаа хязгааргүйд уусан эрхлэн жаргая Эмо хо
Таныг харах сайхан, таныгаа мэдрэх сайхан
Мянган мянган нигүүлслийн дусал агуу далай болохуйд Далай их багш минь та бүхний зүрхэнд мишээн мишээнэм.
Таньдаа баярлалаа.
Энэхэн цагт хамт байгаад баярлалаа.
Таныхаа сургаалиар оюунаа номонд одуулж, номын мөр маань саадгүй түргэнээ дэлгэрэн жаргаж гэрэлтэх болтугай
Баруунтаа
Зөөлөн салхи илбэн илбэнэ
Зөндөө удаан хайсан жаргалан
Зүйрлэшгүй намуухан давалгаанд бүүвэйлэгднэм
Туулайн дүрст инээмсэглэхүйд
Тунамал оршихуй амран ухаажнам
Амар амгалан халгин цалгина
Агшинаа хязгаарын чанадад уусан одном
Ариухан Арьяабал рашаанаа мэлтэлзүүлэн
Аядуухан Амидэва улаахан гэрлээр урина
Шувууд зүрхэнд жиргэж сэтгэлийн солонго нэлэнхүйг хучихад
Шаагих гэрлэн бороо энд тэндгүй гэрэлтэн гялтганана
Тийм нэгэн ангид оршихуйд
Тэнд л өнө удаан сэрүүцэн суумаар
Агаар нь таван тансагаар бялхана
Аяа амгалан цогцолсон бурхадын өлгий
Алтан оройт Очирдарийн шүтээнээ
Аврал эрэх өр зүрхийг минь энхрийлнэм
Ачит багшаа санан санан мэгшихүйд
Алсын одны тэврэлт тайвшруулан эвийлнэ
Зүрх минь баруунтаа цохилохуй яа
Зөндөө удаан хайснаа олох адил аа
Зүрх минь баруунтаа ....
тэр л чигээрээ чамдаа уусахсан
Санааны мухарт чамайг үгүйлсэн бүхэн
Уйлан уйлмаар эрхлэн тунирхмаар тийм нэгэн мэдрэхүй
Улаан галд зүрхээ атган зүтгэх миний тэнэглэл...
Толинд тусах усны бөөм тунарч одлоо
Тэнгэрт хурах сэмжин үүл салхины аясаар одлоо
Давалгаалан давалгаалах сэтгэл аанай номхороход
Далай их хайр тэр л янзаараа инээмсэглэн инээмсэглэнэ
Анх байсан тэр л чигээрээ
Ахиад ирэхэд ч тэр л янзаараа
Хувьсан өөрчлөгдөх хүмүүн сэтгэл л
Хязгааргүйн өмнө өнөө сөхрөн ухаажнам
Гэрэл олон өнгөөс гэрэлтэн цогцлохын адил
Гэрэлтэх сэтгэлтэн чамайгаа үдэн явуулья даа
Өмчлөх тороо гэрэлд өргөлөө, өглөө
Өнөө чи минь дураараа нис дээ, гэрэлт дээ...
Чиний хоолой зүрхийг минь гижигдэн
Чиний нүд намайг хоослоход
Чамгүйгээр би яаж ийм удаан байснаа
Эрээд хайгаад олсонгүй, эрхэмлэн нандигнан чандлая даа.
Сэтгэлийн агууг
Хайрын сайхныг
Харамгүй харуулсанд баярлалаа.
Өөрийгөө олоогүй намайг уучлаарай
сэтгэлийн давалгаа
Жаргал гэж бодсон бүхэн маань зовлонгийн шалтгаан болж, улмаар уг үйлийнхээ нэгэн эд эс нь болон агуу том амьдрал хэмээх нэгэн байгууламжид өөрийгөө хайрцаглан хашнам.
Тэгээд л өөрийн гэсэн тогтсон хатуу чанга бодлоор бүхэнд цензур тавин сайн муу, сайхан муухай, надад таалагддаг таалагддаггүй хэмээн олон янзаар орчлон хорвоог шүүн тунгаана.
Гэтэл үнэндээ тоолшгүйн дундах нэгэн цэгийн аялал оргүйд юу ч биш.
Тиймээ, цаг ямагт сэрж сэргэж, аялж байгаа замаа зөв эсэхийг шалгаж алдаа байгаа бол засч залруулж үндсэн сууриа ухаж ухаажиж байх хэрэгтэй юм байна.
Цаг мөчид дулдуйдан амьдрах бидний амины богинохон мөчид ухаалаг, бүтээл өгөөжтэй, бусдыг бодсон уяхан сэтгэл, талархалаар дүүрэн амьдрахсан.
Сэтгэлийн давалгаа минь чи тогтуун байж, бусдын төлөө гэрэлт дээ.
цалума жимс
Хоосон хананд түгжигдэгч
Хязгаарт хүлэгдэх хүмүүний үйл
Үгэн ташуураар түмэнтээ ноолуулжээ. .
Гомдох ч эрхгүй, баярлах ч шаардлагагүй тэрээр
Хий хоосон хананд дахин бүү түгжигдээсэй. . .
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам