Дэлхий эх


Алдар нь үл дуурсагдах даруухан нэгэн эмэгтэй үр ачаа тэжээсээр одоо өтөл буурай болжээ.
Тэртээ холоос нэгэн үр нь тэнгэрээс аврал эрэн гуйна. Тэрээр тэнгэрээс хурыг , будаа мэт арвин хоолыг, тэнхээрэл тэвчээрийг өлөн нүдээр бус үнэн сэтгэлийн угаас сүслэн залбирна.
Аяа ямархан хувь тавилангаар орчлонгийн олон амьтад эрээнтэй бараантай, өндөртэй намтай явнам бэ? Яалтай ч билээ дээ. Бүхнээс хатуу байж бүсээ чангалах гэхээр бүлээхэн сүү минь дусагнах гээд байх юм, ханаж цадталаа хагартлаа идчих гэхээр хаа нэгтээ үр минь өлсөж ядарч яваа.

Ядмагхан хэрнээ яг цагаа болохоор язартлаа баяжих боломж ирдэг яасан сонин орчлон бэ. Хэтэрхий олон үр хүүхдүүд минь хэн нэгнийгээ танихаа ч байж. яаж явснаа мартаад ямбатан дээдэстэн болчихсон байх юм.


Цаг хугацаа мөнх биш юм хойно цаг нь болохоор нисээд л одно. Харин би энэ бүхнийг хараад л халагдан хайрлаж суух юм даа. Агуу том бүхний бүтэц нь алтан тоосноос бүтдэг юм. Алтан тоос нь харин амьсгалын тоогоор хийсэн одном. Тоост энэ орчлонд тоостой тоглож чадахгүйгээс хойш тоос хөдөлгөж яваа үрс минь тонгойж нэг, өнгийж нэг орчлонг хараарай.
Өглөө үүрийн гэгээ уулын цаанаас гарна гэдгийг мэдсээр байж үргэлж харанхуйд бүү нуугдаач. Чи ийм тавиланг мөнхөд авч явж чадна гэж бодож байна уу. Үгүй ээ нэг хоёр гурав гээд л тоолоод байхад нэлээд хугацаа нисэн одлоо.


Алив бос, авхаалжтай бай, өөртэй итгэл зүтгэл , илч хайрла.Өөрийгөө хурцал, өөрийгөө ирил. Чамаас өөр хэн ч чамайг ойлгохгүй, чамаас өөр хэн ч чамайг өрөвдөхгүй. Өрөвдмөөр амьдрах сайхан гэж үү. Өрөвдлөөс өр тасарч унана, өсөөтнөөс энгүй их гансрал гарна. Одоо болно. Энэ орчлонд чи яах гэж ирсэн юм. Тэр бүхнээ одоо ухаар, чиний хийж чадах, чиний сэтгэлийг догдлуулсан, чамд урам зориг, баяр баяслыг өгдөг тэр зүйл чинь хүлээж байна. Түүнийгээ ол.
Хаяж гээх зүйл байгаа бол түүнээсээ зоригтой хагац.Хагарсан өндөгний хальсыг хэдий болтол дэгдээхэй болох байсан юм шүү гэж харж суун ачтан нь би гэж тэнэглэн өөрийгөө хуурдагаа боль.

Болсоон болсон. Цаг нь болсон. Тэр цаг ирсэн. Чи чадна. Чиний хийж чадах, чи өөртөө бардам байж болох тэр зүйл байгаа. Итгэ үр хүүхдүүд минь.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам