Би орой бүхэн гэгээвчээрээ гадагшаа харах дуртай. Гэхдээ энэ гэгээвч маань цэлгэр том биш л дээ, өндөрт маш өндөрт байдаг жижигхээн гэгээвч. Өдөр нь гэрэл муухан тусна. Харин оройдоо хязгааргүй уудам одот тэнгэрийн хэсэгхэн жаахан орон зай л харагддаг. Яг л миний хаачихаа мэдэхгүй гадаад харанхуй итгэл шиг.
Гэвч би холын холд зорисон бодлын хөлгөндөө суугаад хязгааргүйн үзүүрээс чангаас чанга зууран аялах дуртай. Хаана байгаа минь гол бус, харин хаанаас ирсэн хаачихаа мэддэг болоод би ийм тайван амирлангуй суудаг юм. Хайртай бүхнээсээ хол хэдий ч би яг дэргэд нь байгаа юм шиг мэдрэхийг хичээж байна.
... Бага байхад минь аав минь зөндөө олон үлгэр түүх хүүрнэдэгсэн. Би байнга л гэрэл гэгээ. харанхуйн учир шалтгааныг олох гэж их асуудагсан. Аав дандаа л бүгд ижилхэн, бүхний дотор гэрэл байдаг, юм бүхэн гэрэл гэгээ . Энэ олон янзын өнгө гэдэг чинь хаанаас хэзээ харж байгаагаас мөн тэр гэрлийг тогтоож буй хүчийн их багаас шалтгаалдаг юм, харанхуй ч гэсэн бас нэг төрлийн гэрэл гэж хэлдэг байж билээ. Би энэ бүхнийг одоо энд байхдаа задлан ухаж ойлгон ухааарах гэж хичээж байна даа. Тийм дээ, гэрэл хэмээх энэхүү бидэнд байгаа ачтан үнэндээ маш их зүйлийг хийсээр л байх юм даа.
... огторгуйн уудам орон зайд элдэв төрөл , түвшний бидний бодол ухаанаас чанад орших их бага бүхэн байх ч гагцхүү гэрэл задран амилах боломжтой цэнхэр нүдэн гариг минь аливаа бүхэн төгөлдөржих, шинээр өсөн дэвжих боломжтой цорын ганц ай сав ажээ. Орчлон ертөнцийн нандин эрдэнэ, амь амьсгал, итгэл найдвар энэ л гаригыг минь оосор бүчгүй орд цагаан өргөөний эзэд эрхэмлэн дээдэлнэм.
Үнэндээ гэрэл хэмээгч нь агаар, орон зай, цаг хугацаа, хурд, хүч , учир шалтгаан гээд бүхэн багтдаг ажээ. Тийм ээ, би орчлонгийн хүү. Бодит ертөнцөд бие минь дөнгөлөөтэй ч борхон зүрхэндээ хязгаарын чанадад умбан шумбанам...
Гав гинжний хахир дуу, гарч болохгүй чөдөр тушаа чи өөрт ноогдсон ажлаа хий дээ, чи ч бас нэгэн цагт хувиран өөрчлөгдөнө. Чимээ аниргүйхэн гэрэл гэгээ та ундраагч нэгэн хайрлагч нэгэн байсаар байх болно.
No comments:
Post a Comment