Тэнгэрийн ташуур


Манай анги нэгтгэл шинэ цэргийн баазаа нүүлгэж ирээд удаагүй байсан намар цаг сан. Салаан дарга маань бүрээн дуутай зэрэгцэн өөрийн салааны шинэ цэргүүдийг түргэхэн жагсаах гээд цэргүүд рүүгээ гүйлээ.Түүнийг ирэхэд цэргүүд нь жавхайтал эгнэн жагссан буйг ажаад маадгар маадгар алхсаар тэргүүн эгнээнд нь очин зогслоо. Ротын захирагч өндөр дуугаар шинэ цэргүүдээс шалгалт авах болсон тухай зарлан дор бүрээ бэлтгэлээ базаахыг сануулж бас хэд хэдэн даалгавар нэмж өглөө.



Би ч хувьдаа за хэдэн хүүхдүүд маань бэлтгэл нь овоо ханасан юмсан гайгүй дүн үзүүлчих юмсан хэмээн ажлаа төлөвлөн байлаа.Бүхий л талаар онц дүн үзүүлчихвэл гэсэн бодол толгойноос эргэлдээд гардаггүй. Маргааш өглөө нь эртхэн хэн хэн юу хийх ажлын төлөвлөгөөг гарган ажилдаа шамдан орлоо доо.
Манай салаанд хөдөөнөөс ирсэн хүрэн бор царайтай , өндөр нуруутай , хүнгэнэсэн сайхан дуутай хүү байдаг байлаа. Бусдыгаа бодвол гэр бүлтэй, дээд сургууль төгссөн болоод тэр үү их дөлгөөхөн хүү. Бараг дуугарна гэж үгүй харин нэг яриад эхлэхээрээ нутаг усныхаа тухай, амраг хань, алаг үрээ санаж байгаа талаараа нүдэнд харагдтал ярина. Түүний ярихыг сонсох нь гэртээ очоод ирсэн мэт тийм яруу тунгалаг , итгэл зоригтой, нинжин хайр амтагдсан ярианаас болоод манайхан гэрээ маш их санаж буйгаа мэдрэн дор дороо дуугаа хураацгаадагсан. Даанч хаяахан жинтэйхэн үг дуугардаг түүнийг их л хүндэтгэн элдэв зөвөлгөө авах гэцгээдэг байлаа.
Аан, харин манай алаг нүдэн бол өөрөө. Ботго шиг том алаг нүдээ эргэлдүүлээд л алиа хошин зангаар биднийг хөгжөөн ёстой элэг хөштөл инээлгэнэ гээч. Заримдаа жагсаалын бэлтгэл хийж байх үед манай хүн нөгөө инээдтэй сэдвийнхээ аль нэгнээр дуу авиаг гаргаж дэггүйтнэ. Дарга нар энэ дуу авиаг хэн гаргасныг нягтлан шалгах гэж ширүүн нь аргагүй эргэн хараад зогсоно. Тэр үед бид хэд хэрэндээ л хичээн инээдээ барьж ядаж байхад харин манай хамгийн инээд муутай бүдүүнээ маань бидний өмнөөс дуудагдан гарч гар дээрээ суниалгах шийтгэл хүлээнэ. Битгий инээж бай гэж хичнээн хэлээд ч нэмэр байхгүй бүхний түрүүнд инээмсэглэл тодруулан булцаг булцаг гэж гүйж гараад л суниах гээд мэрийн мурилздагсан. Бид нарын хувьд суниах бол хамгийн амархан зүйл. Харин манай бүдүүнээгийн хувьд бол ямар байдаг байсан юм бол доо зайлуул. Биедээ багтамгүй цагаахан сэтгэлтэй, байнга инээд хөөртэй байдагсан.

Манай гозгор байна. Яс нь цамцных нь цаанаас ёрдойгоод л байхад марш тактикт өөрийнхээ хэрэглэлийг үүрээд тэгээд манай бүдүүнээгийхийг нэмж үүрээд түрүүлээд хамгийн түрүүнд манлайлаад ороод ирдэг. Тэгээд юу ч болоогүй юм шиг нааш цааш холхиж байснаа тэсэхгүй буцаад гүйнэ. Бид хэд ээлж ээлжээр бүдүүнээгээ арай л үүрэх нь холгүй гүйлгэсээр ирэхэд бүдүүнээ хоолны бүрээ дуугарлаа түргэлээрэй гэж хэлнэ. Өнөөх маань саяхан л түлхүүлж нудчуулж байсны ямарч ул мөргүй урд гараад гүйсээр ирдэгсэн. Энэ бүхэн марш тактикийн бэлтгэлд дандаа давтагдана. Гозгор түрүүлээд гүйнэ , тэгээд эргэж очоод бүдүүнээгээ хоолоор урамшуулна. Бид ч үүнд нь дасчээ. Нээрээ холд гүйж байхад атга жамц давс аваад гардаг. Бид хэд чимх чимхээр нь халааслаад хоолой гашуу оргиод, нүд манарах үедээ долооно тэгээд л гүйгээд өгнө дөө. Хэн хэзээ ингэдэг гэж хэлсэн юм бүү мэд. Яагаад ч юм өвөл тэгэж байснаа санадаг юм.
Бид анх ирж байсан үеэ бодвол овоо эр хүн болж байна даа. Цээж түхийгээд л, булчин шөрмөс чангараад л урьд нь хүйтнээс айдаг байсан бол одоо дотроос халуу дүүгээд их бардам хараа дээгүүр алхдаг гээч. Бидний юм бүхэн ижил, эр улс олуулаа байхдаа маш их эрч хүчтэй тэнгэрлэг байдаг юм шиг санагддаг даа.  
Эр цэрэг байнааа гэдэг их сайхан. Ижилхэн хувцастай эгэл бор залуус. Нэр зүс ондоо ч эх орныхоо төлөө сэтгэл зүрх нь нэгдэн цохилдог юм. Манай улс төрийн орлогчийг анх харахад нх ширүүн төрхтэй. Харин хал нь гаднаа хайр нь дотроо хүн дээ. Нэг удаа манай эмч төрөх гээд хот явсан бид эмчгүй байлаа. Тэгэхэд манай нэг цэргийн бие муудахад жинхэнэ эцэг хүний ёсоор энэрэн асарч байж тэнхрүүлсэн. Сүртэй ширүүн төрхтэй хүн гэлээ ч сүүн цагаан сэтгэлтэй ёстой төрийн алтан багана шиг хүн дээ. 
Цэргийн алба биднийг эр хүн болгож, эвтэй хүчтэй, энэрэнгүйн ухаанд сурган, төрөө дээдлэн, түмнээ хамгаалан , өрх гэрээс өргөн монгол минь улбаалдагыг ухааруулж өгсөн дөө. Армийн гэсэн тодотголтой бүх хүмүүс ар гэр, эмнэлэг, сургууль гээд л бүгд л дэг журамтай, тэнгэрлэг тэнхээтэй яваа, зүрхэндээ тэнгэртэй, зүүдэндээ эх нутгаа харамладаг зөрүүд эх орончид байдаг юм. Цэрэг эрс бид энхийн харуулд зогсоод чихээ ус гүйлгэчихээд маргааш нь дахиад л харуулд гардаг. Муу чих минь намрын навч шиг хэдэн ч удаа хөлдсөн юм гэссэн юм бүү мэд. Чих бол юу юм бэ, мөнх хөх тэнгэрээ шүтэн, хөрст алтан газар шороогоо хямгадан , сайхан монгол нутгаа харж хамгаалж зогсох эр хүн болж төрсний бахархал минь байдаг юм.
...цэрэг халагдах дөхөхөд бид хэд ангиасаа явмааргүй санагдаж байж билээ. Тэр шөнө сар ингээд хоноосой,өглөө удаж ирээсэй хэмээн хэдэн биетэйгээ ижилдсэн бид хэд цурам хийлгүй хонож билээ. Өглөө нь үдэлтийн жагсаал болох үед манай орлогч бид нарын өмнө ёслоод монгол эрийн босоо хийморь, морьтон монгол эрс миньта нар одоо эх орны хүү боллоо, та нар одоо эх орны тэнгэр боллоо, амгалан энхийн үед энхийн харуул, азтай монголын ирээдүйн баатрууд минь эх орныхоо атга шороо, ариун агаар, эрх чөлөөний төлөө амиа, алдраа өргөх эрэлхэг хөвгүүд минь та нараараа бахархаж бардамнаж байна. Эзэн Чингисээс улбаалсан энэ уудам сайхан нутгаа харийн гарт алдалгүй , хацар гоо охидоо хамгаалан, эх нутгийнхаа атга шороог ч атаатанд бүү алдагтун. Амарч хэвтээд алжаах аваас тэртээ дээрээс тэнгэрийн ташуур харвасан сум шиг шунгинан ирж хайр найргүй хариу нэхэх болно . Хамаг оршнол нь тэнгэртээ гагнагдсан хатан зоригт монгол эр цэрэг, эх орны хүү та нартаа энэ уудам нутгаа даатгалаа шүү гэж билээ.
Тийм ээ тэр үг өнөөдөр өр зүрхийг минь дэлдэн, өвчүү цээжийг минь галаар хайран , ташуураа босон босож ирэх шалтгаан минь болж байна. Би эр хүн, би эгэл жирийн эх орондоо хайртай хүн, эрин зууныг гатлан эрэлхэг суман ташуур шуурга мэт шунгинан айсуй. Эх орон минь таньдаа мөргөмү.

Төрөө дээдэлсэн тэнгэрлэг монголын
Түшиг тулгуур эрэлхэг монгол дайчид минь ээ
Эх орондоо чи хэрэгтэй, энд чи байсан байх ч болно

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам