Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Нүдэн булаг
Би гэрэл гэгээ гэдэг тэр гайхалтай зүйлийг олж харахыг гартаа атгахыг маш их хүсэж билээ. Миний мэддэг тэр халуун дулаан гар, духыг минь үнэрлэх тэр нэгэн ачтан бол миний эмээ. Би хэн болохоо, юу хийхээ ч үл мэднэ. Эмээгийн минь заасан бүхэн бол хууль. Тэр л жаахан гэр дотроо бүхнийг баримжаалан явсаар нэг л мэдэхэд би яг л хараатай хүн шиг бүхнийг мэдрэмжээрээ хийдэг боллоо.
Манайд эмээгийн найзууд ирнэ. Тэд ирэхээрээ гэрээр дүүрэн баяр хөөр, инээд шуугиан. Манай хэд даалуу эсвэл хөзөр тоглоно. Харин сардаа бол ямар ч байсан хоёроос гурван удаа маань хөгжөөнө. Тэгээд л залуу насны хөгжилтэй явдлууд, хэнд таалагддаг байснаа хэрхэн эрвээхэй адил даль жигүүрээ дэвэн хорвоогийн эрх бяцхан дагина байсан тухайгаа ёстой ярьж өгнө дөө. Миний эмээгийн найзууд бас л миний найзууд тэд нар минь яг л эмээ шиг минь намайг энхрийлэн эрхлүүлнэ.
Тиймээ, эмээ минь дайнд нөхрөө өргөөд, бас охиноо надаар солихдоо амьдралд огт гомдоогүй юм гэдэг. Би бол эмээгийнхээ эрх жаалхан охин нь. Амьдралын гол утга учир нь. Баяр жаргалан итгэл найдвар гээд л юм бүхэн нь юм шүү дээ. Би ийм сайхан эмээтэйдээ хичнээн их баяртай байдаг гээч.
Харин эмээ минь намайг хаяа гадагшаа дагуулаад гарна, тэгээд бид хоёр үүр цүүрээр гэрийнхээ хажууд байдаг сургуулийн арын талбайд шувуу шиг дураараа ийш тийшээ алхаж өгнө. Энд тэндээс салхи салхилаад, дээрээс бороо цас ороод л их гоё. Ямар нэгэн агуу том зүйл намайг тэвэрч аваад л бүйвээлээд л эрхлүүлээд л ямар нэгэн зүйл шивнээд ч байгаа юм шиг маш сайхан байдаг юм.
Эмээ бид хоёр гар гараасаа чангаас чанга атгалцаад өглөө нарны туяаг хүлээн сууж байна. Эмээ минь нар хэрхэн мандаж байгааг сэтгэлд харагддал ярьж өгдөгсөн. Би бүр зүрхнийхээ цохилтыг бараг зогсоох шахаад л аниргүйхэн сонордоно.
Тэрхэн үед нүүр өөд минь ямар нэгэн илч дулаан бага багаар ирж намайг дулаацуулдаг. Яг л эмээ минь гарыг минь дулаацуулдаг шиг. Энэ халуун дулаан таатай мэдрэмжийг би хүмүүсийн тэр хэлээд байгаа гэрэл гэж ойлгосон юм.
Намайг эвий минь , хөөрхий минь гэхэд би үнэн голоосоо дургүй, би яасан юм болоо, надад эмээ минь байна ш дээ, яагаад би тийм хөөрхийлөлтэй болохоо мэдэхгүй байна.
Эмээгийн минь найз надад унших аргыг заасан тэр бол цэгэн тэмдэглэгээт ном. Түүнээс би чадах чинээгээрээ их олон зүйлийг мэдэж авсан.Өөрийнхөө хэмжээнд энэ хорвоог чадах чинээгээрээ мэддэг болсон. Даанч бидэн шиг хүмүүст унших ном цөөхөн байдаг. Харин гадаад хэл дээр бол хангалттай байдаг. Би бас өөрийн гэсэн сайхан номын сантай, хөгжмийн цуглуулгатай, түүгээрээ ч бахархдаг. Би харин дуулах маш их дуртай. Миний дуунд хүн бүхэн дуртай байдаг юм.
Намайг эмээ минь дамжаанд сурган, гар урлалын нэг жаахан төвд оруулсан. Одоо би тэндээ ажиллаж байна даа. Харин эмээ минь намайг өдөр бүр л жаахан хүүхэд шиг хөтөлдөг нь одоо ч хэвээрээ. Би өсөөд л харин эмээ минь жижгэрээд л эвий минь миний хайртэй эмээ минь миний энэ орчлонгийн амь амьдрал, нүд, итгэл найдвар минь таньдаа би маш их хайртай. Миний жаалхан эмээ минь дээ.
Хаяа манай байрны хүмүүс миний өсөж байгааг сайхан хүүхэн хэмээн шагшран, ийм сайхан амьтанд ийм ч юм тохиолдох гэж дээ хэмээн шогширохыг олонтаа сонссонсон. Зарим үед намайг гэрийнхээ үүдний саравчинд салхилаад сууж байх үед бүдүүн хоолойтой залуучууд сайн уу чиний нэр хэн бэ, танилцъя л даа бүсгүй минь хэмээн өднө. Харин би өөдөөс нь чимээгүйхэн инээмсэглэл тодруулна. Би тэр залуучуудтай, үеийнхээ хүүхдүүдтэй найзлаж нөхөрлөхийг маш их хүсдэг. Даанч тэд нар миний сохор гэдгийг дуулангуутаа сүүлээ хавчаад зугтдаг болохоор би одоо дээр нь хэлгүй хүний дүрд тоглон юу ч хэлдэггүй болсон. Ярихыг хүсэхгүй байна. Тэр нь ч дээр байдаг юм.
Хн, дээр нэг залуу мөн ч олон удаа намайг хоргоосонсон. Би бүр түүний дуу хоолойг их үгүйлдэг болсон байж билээ. Тэгээд за яг маргааш ирэхээр нь зориг гаргаад танилцана даа гэж бодож байтал даанч тэр ирээгүй.Тэр цагаас хойш хаяа би түүний дуу хоолойг үгүйлдэг юм.
Манай төвийнхөн надаас бусад нь жаахан ч болов гэрэл гэгээг бүүр түүрхэн хардаг гэсэн. Тэгээд л онгирч өгнө шүү дээ. Харин би бол ямарч төсөөлөл алга. Гэхдээ анх ухаан орохын энэ бүхэнтэйгээ эвлэрсэн болохоор харанхуй бол миний амьдрал, оршихуй минь юм шүү дээ.
Хүмүүс харанхуйгаас айлаа энэ тэр гээд л олон л юм ярьдаг. Миний хувьд бол харин хүн амьдрах итгэл найдвараа алдах, хүн чанараа алдах л хамгийн аймаар зүйл гэж бодож байна.
Эмээ бид хоёр тэр нэгэн зун эмээгийн нутагт очсон. Би жаахан ч байж билээ. Хүний нутаг ус гэдэг үнэхээр сайхан. Яг л эх хүн үрээ тэврээд сайн явж ирэв үү гэх шиг , олон юм асуух гээд тухтай нь аргагүй хөлөө бохироод хүлээгээд л, хайр энхрийлэл дүүрэн харцаар үрээ харах шиг, сэтгэл нь ханасан шинжтэй үнсэх шиг тийм л сайхан санагддаг юм байна лээ.
Эмээ минь нутгийнхаа нүдэн булагт очин тэнд майхан барин суугаад долоо хоног мацаг барин миний төлөө залбирал үйлдсэнсэн. Манай нутагт нэг домог байдаг юм.
Нүдэн булаг хайр энхрийлэл дүүрэн, сайхан сэтгэлтэй хүнд харах хараа хайрладаг юм гэнэ лээ гэсэн үгэнд эмээ минь итгэсэн болоод тэр . Эмээ минь чин сэтгэлээсээ олон ч удаа намайг жилийн жилд нутаг руугаа аваачсансан. Нутгийнхаа жаахан хүүтэй айл гэр болж тоглоод л, намайг юм хардаггүйг мэдээд найз минь надад зориулж янз бүрийн хэлбэр дүрстэй чулуу авчирч өгсөн. Бид хоёр атгаж үзээд л нэрлэж гардагсан. Одоо би хэдэн чулуугаа хаяа гарандаа атгахдаа нутагтаа очсон мэт сайхан санагддаг юм.
Одоо энэ хэцүү үед бид хоёрын хэдэн төгрөг байрны мөнгө, талх энэ тэртээ л дөнгөн данган хүрдэг. Одоо чинь нэг зүсэм талх гучин төгрөгнөөс их болсон болохоор хаяа тэтгэврээ буухаар талх идэх их амттай сайхан байдаг. Ялангуяа тэр зах нь тос даагаад ямар гоё үнэртэй амттай гээч. Нэг талх яг хорин зүсэм болдог юм.
Бид хоёр сайхан амьдарч байна аа. Ямар азаар байранд амьдарч байгаа юм бэ. Хэрэв гэр хороололд байсан бол бид хоёр бүр зүдрэх байсан. Бурхандаа л талархах юм даа.
За тэгээд орой болохоор төрийн дуулалаа сонсоод бид хоёр унтана даа. Энэ хөгжил хөдөлгөөн, эрч хүч дүүрэн эрин зуунд эмээ бид хоёр одоо болтол радиотойгоо нөхөрлөсөн хэвээрээ. Манай радио манай гэрийн нэг хөгжилтэй гишүүн л гэсэн үг. Энэ орчлонгийн нүд чих болдог юм.
... Манай ажил гэрээс минь жаахан хол болохоор эмээ бид хоёр хоёроос гурван цагийн өмнө гэрээс гарна. Дээр нь одоо машин их болсон болохоор зам гарах нь хамгийн хэцүү асуудал. Гэхдээ яах вэ болоод л байна. Өнөөдөр манай ажил дээр шалгалт иржээ. Дарга маань дуу муутайхан. Бидэн шиг хүмүүс хорь гаруй ажилладаг юм. Манай дарга маш сайхан сэтгэлтэй хүн байдаг юм. Гэр бүлээрээ л бидний төлөө ажилладаг. Ашиг энэ тэр бараг байхгүй юм шиг байдаг юм. Гол санаа нь бид хэдийн сэтгэлийн итгэлийн галыг нь, амьдрах итгэл найдварыг нь хөсөрдүүлэхгүй юмсан гээд л эрвийх дэрвийхээрээ зүтгэнэ. Гэхдээ албан газар л юм чинь төр засаг маань ийм сайхан сэтгэлтэй хүмүүсээ олж хараад тэдэндээ туслаасай гэж сүслэн залбирдаг даа.
Энэ хорвоо хатуу хүнд байна л гэнэ. Амьдрах амьд явах хичнээн сайхан гээч хүмүүс минь. Дүү нь амьдралд хайртай, амьдрал үнэхээр сайхан, миний эмээ шиг, миний өглөөний нарны илч шиг, анд нөхдийн минь халуун сэтгэлийн илч шиг, хоолой гашуу оргиулдаг ч гэсэн хотдоо би хайртай, байгаа бүхэндээ сэтгэл ханамжтай байдаг.
Тэр нэгэн өвлийн хүйтэн жавартай өдөр би зам гарч чаддаггүй ээ. Зогсоод л байлаа. Яагаад вэ гэж үү эмээ минь өвдөөд. Тэгээд би ганцаараа ажилдаа яваад буцаж байна. Эгэл даруухан номхон бор морь шиг надаас машин хүртэл үргээд давхиад ч байх шиг. Би уйлж байна.Голдоо ортол даарч байна. Гэр рүүгээ очих замыг би мэднэ л дээ. Харин энэ замаар л гарч чаддаггүй ээ. Тэгээд даарснаасаа болоод, зам гарч чадахгүй байгаадаа өөртөө гомдон уйлж байна. Яасан их даарч байна вэ. Эвий минь эмээ минь өлсөж байгаа даа. Охин нь энэ замаар л гарчихвал тань руугаа нисээд очно. Тэгээд таньдаа бантангаа сайхан хийж өгнө өө эмээ минь охиноо хүлээж байгаарай хэмээн сэтгэлдээ шивнэн нулимс асгаруулан Бурхандаа шивнэн шивнэн хурайлан хурайлан зогсож байна даа.
Гэтэл чи минь мөн үү хэмээн миний хүсэн хүлээсэн цорын ганц танил дотно хоолойг би сонслоо. Би юу ч хэлж чадсангүй ээ. Миний гарыг халуун дулаан гар атган авлаа. Эвий минь чи минь дээ хэмээн хэлэх тэр агшинд би улам ихээр уйллаа. Яагаад гэвэл би түүнийгээ сэтгэлдээ мөн ч их үгүйлж байсан юм. Тэр нэгэн сайхан нинжин дууг би сэтгэлдээ мөнхөлсөн байсан юм.
Миний найз гэр нь хуучин даа биз дээ. Найз нь хүргээд өгье. Миний машинд суу гээд намайг суулгаад гэр рүү минь хөдөллөө. Анх удаагаа би амьдралдаа анх удаагаа хүнээр хүндлүүлэн тэгээд ийм сайхан дулаахан хөсгөнд суугаад гэр рүүгээ эмээ рүүгээ хайртай сэтгэлийнхээ ханхүүгээр хүргүүлж байгаадаа итгэж ядан байлаа.
Миний энхрийхэн минь, би чинийхээ дуу хоолойг л мэдэхээс биш өөр юу ч мэдэхгүй. Чиний нэр хэн болох, хэдэн настай, хаана хэнтэйгээ байдаг, өндөр нам, өргөн нарийн альнийг нь ч мэдэхгүй. Гэхдээ би ганцхан сэтгэл зүрхэндээ итгэсэн. Чинийхээ дуу хоолойг хэнээс ч илүү мэднэ. Зүрх минь зөвхөн чиний төлөө л хүчтэй цохилдог болоод л тэр.
Би гэртээ анх удаагаа эрэгтэй хүнтэй ирж байна. Эмээ минь намайг хаалга онгойлгох чимээнээр хий ханиалган чимээ өглөө.
Эмээ охин нь ажлаасаа ирлээ. Охин нь оройтож ирлээ уучлаарай миний хайртай эмээ. За охин минь чи минь ирсэн бол болох нь тэр.
Та ийшээ суу даа. Баруун талд тань гал тогооны өрөө байгаа сандал байгаа та суу. Би одоохон цай чаная гэх чимээнээр эмээ минь босоод ирлээ.
Сайн уу, манай байрны хүү юу даа. За миний хүү сайн уу хэзээ ирээв. Чамайг чинь сургуульд явсан гэж сонссон гээд л эмээ маань яриа өрнүүлж гарлаа. Тэгээд миний охиныг дөхүүлж өгсөнд баярлалаа гээд л эмээ минь дуу шуутайхан.
Миний сэтгэл догдлоод зүрх минь оволзоод би ч бас нэг сандарсан хүн. Тэр цагаас хойш намайг ажилд аваачиж, орой нь гэрт минь хүргэж өгсөөр бид хоёр даруухан андын ёсоор нөхөрлөсөөр.
Нэг өдөр эмээ дээр минь түүний аав нь ирээд явлаа. Хүү нь бэр гуй гэж гуйгаад байхаар нь танайд ирлээ. Тэгээд ч нэг нутаг усны бие биеээ сайн таних улс байна монгол улс байна даа сайхан хурим хийнээ гэсэн чимээ энэ насандаа миний сонссон хамгийн том бэлэг минь байлаа.
Тэр зун бид хоёр хуримаа хийлээ. Даруухан хурим болсон. Зарим хүмүүс хүртэл атаархаж байлаа. Би тэр хүмүүсийг хараагүй ч зүү шиг намайг шивж байгааг мэдэж байлаа. Яагаад үлгэр мэт сайхан хайр байж болохгүй гэж…
Гурван жилийн дараа би хүүгээ гаргаад удалгүй хараа орсон. Миний хайр надад гэрэл гэгээ, инээд, гэрэлт нарны туяаг энгэрээс минь эрхлэх энэ жаалхан амьтантай хамт бэлэглэж билээ.
Тэгээд би хараа орсныхоо дараа эмээгийнхээ Бурхан залардаг хэсгийг их л удаан ажиж билээ. Миний жаалхан эмээ минь нутагтаа очиж чадахаа болих нь гэдгийг мэдээд нүдэн булгийнхаа фото зургийг томоор угаалгаад, тэгээд сүншиглүүлээд өдөр бүр түүндээ залбирч байсан юм байна лээ. Дараа нь бас миний хань бас л тэр зурагтаа залбирч хоёулаа чин сэтгэлээсээ хараа оруулж өгөөч гэж үргэлж л залбираад байж дээ эвий минь.
Намайг хараа орсны дараа миний хань надад нүдээ ань даа гэлээ. Би нүдээ аниад аанай л чимээгүйхэн хүлээж байлаа. Гэтэл өвөр дээр минь зөндөө их зүйлийг асгасан юм. Би зөнгөөрөө нэг нэгээр нь атгаж барилж үзлээ. Миний багын нөгөө л хайртай байсан чулууд минь байлаа.
Тиймээ, би хэдийгээр юм хардаггүй байсан ч хань, эмээ хоёрынхоо итгэл сэтгэлээр жигүүрлэн насан туршдаа нисэн дүүлдэг байсан юм байна лээ.
Тэгээд л амьд Бурхад минь энээ яваа насан туршдаа амь амьсгалаа надад хандуулж чинхүү сүсэглэдэг байсан учраас л тэнгэр тэтгэж би хараатай болсон юм шүү дээ.
Би танд хэлээгүй билүү. Амьдрал сайхан гэж . Түүний дотор амьд явах хичнээн сайхан гээч хүмүүс минь. Энэ агуу орчлонд бие биеээ хайр-итгэл хэмээх нандин зүйлээр холбосон цагт амьдрал цаг тутамд мөч бүхэнд гайхамшигт хувилдаг юм шүү дээ.
Тийм ээ одоо эмээ минь өдөр бүр тэнгэрээс ээж, өвөө хоёртой минь хамт охин үрээ өнөр өтгөн сайхан айл болоод амьдарч байгаа үлгэрийг ярьж өгч байгаа.Тэртээх холын одод рүү охин нь хараа билчээн тэнгэрлэг та нарыгаа гайхамшигт хувилсан амьд шүтээн хань, үр хоёроо хэмээх баганаар түшүүлэн бардам сайхан амьдарч байна. Амьдрал хайрласан та нартаа баярлалаа.
Өглөө нарны илчийг би мэдрэх дуртай хэвээрээ л байна. Миний жаалхан эмээ минь таныгаа маш их санаж байна. Таныхаа заасан итгэл хэмээх энгүй урт тарнийг өр зүрхэндээ шивнэсээр л байгаа шүү таны жаахан охин нь. Одоо алзахгүй ээ сайн сайхан байна. Хайртай шүү таньдаа. Баярлалаа. Энэ хорвоогийн юм бүхэн минь. Амьдрал сайхаан. Гэрэл гэгээ минь таньдаа мөргөмү.
Хорвоогийн бүх сайхан эмээ нарынхаа гэгээн дурсгалд зориулав.
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment