Showing posts with label аялал. Show all posts
Showing posts with label аялал. Show all posts

Хотол баясгалангийн дунд торнин өснөм бид

 Бид бол Бяцхан хүүхдүүд...

 Өнөөдөр  Упанишад судрийн 

... Хотол баясгалангаас ахуй орчлонд ирэв бид

Аялалынхаа эцэст Хотол баясгаландаа эргэн одох болно хэмээх мөрүүдийг түмэнтээ давтаж байна.

Хаяа хүний амьдрал утгагүй мэт санагдан хаашаа амьдралын завиа залуурдахыг мэдэхээ байж, яг л манан дунд ганцаараа төөрөх үе тохиолддог. 

Би яг одоо манан дунд төөрчээ. Тэр манан  дундаас амьдралын зөв зам руу ороход тэр зүг рүү чиглэхэд надад юу хэрэгтэй вэ...

Мэдээж хүн төрөлхтөн хэдэн арван зуун жил энэ хорвоод ирсэн  бас буцсан. Нэгэн нэрээр нэг газар ирнэ, дараагийн удаад өөр нэрээр огт  өөр газар ирнэ. 

Хэдийгээр хүмүүний амьдрал төгсөшгүй үргэлжлэх  мэт боловч өдөр өдөртөө,  сар сардаа, жил жилдээ нэгэн төгсгөл нэгэн эхлэл ирдэг болов уу. Ингэж л бидний амьдрал, бидний амьсгалах агаар, бидний итгэл найдвар, бидний хайр бахдал шинэчлэгдэн хувирч эцсийн эцэст гэрэл гэгээ өөд тэмүүлсээр л байдаг байх даа.

Тийм ээ анд минь та би бид бүгдээрээ энэ орчлонгийн салшгүй эд эс нь болсон сэтгэлийн  анд нөхөд, нэгэн амин судлаар холбогдсон аугаа том гэр бүлийн нэгээхэн хэсэг нь, тийм учраас л бид бие биедээ урам хайрлаж, бие биедээ халуун дулаан үг хэлж, бие биенээсээ цэнэг тэжээл итгэлийн гал дөлийг авч, басхүү зарим үед зүгээр л тэдний хайрыг холбож өгч байдаг.

Аугаа том урсгал, аугаа том итгэл найдварын шидэт дэнлүү бидний гарт байдаг аж. Тэр дэнлүү энэ хорвоо дээр мөнхөд бадамласан,  хэзээ ч мөхөхгүй буй за.

Иймийн учир юм бүхэн бидэнд байдаг юм байна, бас юм бүхэн байхгүй байдаг юм байна.  Байгаа нь байхгүйдээ, байхгүй нь байгаадаа байраа тавьж өгдөг нь хорвоогийн тоглолт юм бол хайр харуусал, итгэл цөхрөл энэ бүхэн бүгд л нэг л нэртэй юм байна. Тэр бол хайр.

Бидэнд бидний гүнд хайр байгаа цагт бид хэн нэгнийг уучилж өршөөнө, бас хэн нэгнээр хайрлуулна. Яг л алтан нарны илч гэрэл тасардаггүй шиг, яг л агаар хэмээх бидний холбоо мөхөдгүй шиг бид хорвоогийн мөнхийн тоглолтийн нэгээхэн хэсэг нь учраас бидэнд энэ орчлон тэр чигээрээ байгаа юм байна.

Хэдийгээр  амьсгалахад хүнд хэдий ч энэ бол амьдрал, бас эхлэл.  Гэрэл гэгээ өөд тэмүүлсэн хэн бүхэн гэгээн тэнгэртээ дүүлдэг нь орчлонгийн жам буюу. 

Тиймээ бүгдээрээ сэтгэл хэмээх аугаа тэнгэртээ цэнгэл жаргалаар дүүрэн нисэн дүүлцгээе.  Зүгээр л баяр жаргаланд умбан умбан дүүлье, зүгээр л өөрөө өөрөөрөө байж болох тэр л тэнгэрийн хаяа руу өндрийн өндөрт улам дээдийн дээдэд дүүлье хамтдаа. 

Бид бол хувь заяаныхаа эзэд нь бид бол энэ орчлон дээр баярлах гэж, дуулах гэж, уйлах гэж төрсөн Бяцхан хүүхдүүд...

... Хотол баясгалангаас ахуй орчлонд ирэв бид

Хотол баясгалангийн дунд торнин өснөм бид

Аялалынхаа эцэст Хотол баясгаландаа эргэн одох болно...

бидний аялал

. Хань бид хоёр 1990 оноос хойш хамтдаа гадаадад аялаагүй, 24-25 жил ах,эгчтэйгээ цагаан сараа тэмдэглээгүй байсан юм. Хамгийн гол энэ үеэр ах минь Францад элэгний том хагалгаанд ороход нь хажууд нь хамт байх гэж эрсдэлтэй үед шийд гарган Европыг зорьсон юм.  
Бид хоёр 2 сарын 20-ны орой Белгийн  Rumst хотод эгчийндээ ирлээ. Маргааш нь Тнео ах, Цээгий эгч бид 4 Нидерландын хойд мөсөн далайн боомтод байх музейг үзээд оройдоо Белгийн Rumst хотдоо эгчийнд ирээд маргааш нь Цээгий эгч, Санаа дүү бид 4 ахынх руу шинэлэхээр Парисыг зорив.
Цагаан сарын энэ хэдэн өдрүүдэд ёстой л аз жаргалын дээдийг мэдэрлээ. 
Гэр дүүрэн инээд хөөр,  эгчийн хийсэн бууз амттайг хэлэх үү Парисын сарнай хэмээн нэр өглөө.   Дуулж хуурдан, тоглож наадан ахындаа бид элэг бүтэн, сэтгэл тэнэгэр цагааллаа. 
Ахын маань хагалгаа хойшлогдож 3 сарын 13 болсон тул бид 4 буцаад Белги рүүгээ явахдаа Францын Monte blac уул, Eivan нуур, Швейцарийн Interlaken, Германы Fursen дэх шилтгээнийг үзээд 2800 гаруй км замыг туулан Белгидээ 29-ныхоо орой ирсэн байлаа.  
Тэгээд л: 
Наран мандах зүгт нутаг минь бий
Нандин үрс минь тэнд бий
Нарлаг Монгол минь амгалан байг
Цэнхэрхэн эх дэлхийг минь аварч хайрла гээд л өдөр, шөнөгүй нутгийнхаа зүг залбирдаг боллоо.

Ээлж дарааллаар Европын улсууд хилээ хааж эхэллээ. Бид хэд ахын хагалгаа амжилттай болоосой хэмээн залбирсаар л. . .

наран мандах зүгт нутаг минь бий

Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 
Би  монголдоо ирээд тусгаарлагдаад 4 хонож байна. 3 сарын 12 ны өдөр УБ т ирэх нислэг маань цуцлагдаж, 30-ны Истанбулын нислэгт бүртгүүлээд хүлээж суутал  Европын орнууд шил дараалан олон улсын нислэгүүдээ хааж эхлэхэд  хамгийн сүүлийн нислэгээр 23.30д  хил хаахаас 30 минутын өмнө Белгиэс Москва руу амжиж нислээ. 
Ингээд л өглөө нь буугаад орой нь Улаан-Үүдийн орон нутгийн нислэгт суулаа.  
Үүрээр нар мандах агшинд Улаан-Үүдэд буугаад хэдэн монголчуудынхаа хамт такси хөлслөн Хиагтын зүг довтолголоо.
Хиагт дээр ирээд орж чадахгүй бол хил нээгдтэл Нэг айл олоод мөнгийг нь төлөөд амьдраад байна даа гэсэн бодолтой байв.
Гэтэл Монголчуудыгаа оруулж байгаа гэдгийг сонсоод нулимс цийлэгнээд, сэтгэл цэлмээд явчлаа.
Хаашдаа тусгаарлагдахаа мэдэж байсан болохоор Хиагтын Абсолют дэлгүүрээс хэрэгтэй зүйлээ аваад бид хэд Хиагтын хилийн зүг алхлаа.
Хилийн наана том том машинууд зогссон нь транзит тээврийн машинууд аж. 
 Нэг хөх эрээн куртиктэй, масктай нөхөр биднийг дуудаж уулзан хаанаас явааг асууж монголын талаас хил нэвтрэх хүмүүсийг хувиарлана гэв.

Тэгээд хаанаас ирсэн гэдгээр нь ангилан ялгаж тус тусад нь зогсоолоо.

Улаан-үүдээс шууд гарч байгаа бол өөрөө алхаад л гарч байх юм.

Харин 3 дагч орноос ирсэн бол нэг талд, азийнх  нөгөө талд, Москвагаас ирсэн нь гээд тус тусдаа зогсоцгоох. Бүгд бээлий өмсөн, маск зүүцгээсэн ганц үүргэвч, жижиг ачаатай хүмүүс байлаа. 

хамгийн настай нь 1950 оных гэнэ, 3 хоногийн өмнө гарч чадаагүй буцсан ажээ. Ихэнх нь богино хугацааны визээр гарсан залуу хүмүүс байв. Настай нь бид хоёр.

... Монголынхоо хил дээр ирсэн болоод тэр үү, машин ирж яваа гэдгийг сонсоод гэрээ, ард үлдсэн хүүхдүүдээ улам их санаж, харуулдан харуулдан зогслоо. 
... хаашаа ч  хөдлөх хүсэл байсангүй, хувцасаа давхарлаж дулаараад л зогсоод л байлаа.

Хүйтэн салхи салхилаад голдоо ортол даарсан ч хараа хүрэх газарт байх нутгаа хараад итгэл өвөрлөн зогсоод л байлаа. үдээс хойш 15 цагийн үед Монголын талаас эмнэлгийн машин орж ирэн хувиарласан багаараа машинд суув. 

Манай онцгой болон хилийн нөхдүүд бидэнд сайныг ерөөн, их ажлаа зохицуулан ард үлдлээ. 

Манай машины жолоочын кабиныг битүү тусгаарласан, жолооч нь бүрэн хамгаалалтын хувцас өмссөн, машин бүрэн ариутгагдсан байв.
Нэг машинд жолооч ороод 10 хүн байна гэж Орос ах нар тогтоожээ.

Бид паспортаа ил барин суусаар хил дээр маш хатуу хяналтанд орлоо. 
 Хүн нэг бүрийг буулгана, суулгана, бүх ачааг нэг бүрчлэн задалж үзнэ. 6-7  удаа хяналт шалгалт хийж байж гарах штамб дарж нутгийн зүг хөдлөхөд бид дуу шуу оров.

Монголын хилийн багана өнгөрөөд л алаг нүдтэй охин сайн явж байна уу, ядрав уу, за тайван байгаарай одоо монголдоо ирсэн нэг нэгээрээ гар цүнхээ аваад гараарай гэлээ.

 Бид нэг нэгээрээ аажуухан халдвар ариутгалаа хийлгээд з дагч орноос ирсэн нь нэг өрөөнд азиас ирсэн нь зэргэлдээ шилэн хаалттай өрөөнд орлоо. 

Монгол улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг дээд зэргээр хангаж бүх зүйлийг сайн гүйцэтгэж байгааг хараад Тэврээд авах сайхан нутагтай, Монгол улсын иргэн болсондоо бахархах сэтгэл төрж бүгд л нулимстай нүдээр бие биеэ харан чимээгүйхэн сууснаа аажмаар дуу орцгоож, хил гаалын хуудас бөглөн, 00- д орсон шиг тухтайхан сууцгаалаа. 



Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам