хэрээ

Тас хар өнгөтэй намайг дан ганц хүмүүс л адлах юм даа. Олноос онцгой төрөөгүй л юмсан. Ороо бусгаа цагт хэн нэгэн гэмтэн байх ёстой юм болохоор олны мууг би үүрч байна даа. Миний модны дэргэд өнөө хэн гуайнх одоо болтол байсаар. Эвий минь цагийн аясаар хурдан өтөлж байна даа. Энгэрээс нь уяатай өссөн эрх танхил хүүхдүүд нь өдийд том л болсон баймаар сан. Эвий минь элгээ мэгштэл, ирхээ нимгэртэл тэднийхээ төлөө залбирсаар олон ч жилийг үзлээ дээ.

Дээр тэнгэр хол гэдэг ч дэргэдээс нь огт холдмооргүй байна. Хүмүүн төрөлд бууж очоод хөөрхий хэн гуайд үр хүүхдийн дээдийг мэдрүүлэхсэн дээ.
Аяа Амьд Бурхан минь азай бууралд минь үрийн заяа хайрлах даа ачлал энэрлийг хамт өгөхгүй яав даа.

Одоо эртхэн нисье. Хот гэж хүн олны тал нь цугласан цуутай суутай тэр газраас л хэн гуайн хэдэн хүүхдийг хайхаас. Энэ яваа нас минь өнө удаан юм хойно өнөө хэн гуайн гэрэлтэй царайг харахыг ямар их хүсч байна аа. За Та минь энх тунх байж, эргэж иртэл минь тэсээрэй дээ гуйх л юм тэр байна. Уул ус минь хан хайрхан минь аврал энэрэлдээ азай буурлыг минь аваад асарч энэрч байгаарай.
Холын холд зорьсон хэрээ хот гэдэг их айлд зочиллоо. Зөн билгийн хараа, зүрх сэтгэлдээ тусган байж олон сараар тэднийг хайлаа. Овоо дориун сайн яваа нь архичин залхуу гэж нэгнээ адалж байх юм. Хүний хэл мэдэхгүй болохоор борхон болжморуудаас тусламж гуйлаа. Өглөө эрт тэднийг сэрээж өөрийн хэлээр шулганаж гарлаа. Нэг өглөө тэнгэр сайхан нөгөө болжморуудыг хөөрхөнийг гайхлаа. Дараагийн өдөр тэнгэн бүрхэг далдриа болжморуудын шуугианаас зугтан цонх хаалга хөшгөө дориун яваа нь нээхээ болилоо.
Цаг хугацаа өнгөрсөөр цалгих нас нь яаж байгаа бол доо. Харсаар суугаад байж чадсангүй хар хэрээ гөлөгнөөс гуйлаа. Гудамжинд архи уун гутлаа чирсэн гуйлагчингаараа дуудуулах буурлын хүүг олж очоод гөлөг нүд рүү нь харлаа.
Салхи салхилан сэтгэл нимгэрээд зөөлөн гараараа хэн нэгэн илэх шиг. Дээшээ хар лаа алтан наран тайвнаар мишээлээ. Аясын салхи сэтгэл өөд нь ар гэрийг нь санагдуулан үлээнэ. Нутгийн салхи, багын анд, нууцхан дурлал, бор аяга, хийцтэй цай, аргалын үнэр энэ бүхнээ ямар их үгүйлж байгаагаа энэ жижигхэн гөлөгний нүднээс харлаа. Гав гав гиншин бяцхан гөлөг нялхарна. Хэзээ ч билээ би ээждээ эргэн хурган байсан сан. Ээжээ хүү нь тань руугаа очиж байна.
Овоо доо хүү минь сайн байна. Олж ижий дээрээ чи ирлээ. Одоо тэрээр алиалж байна. Аргалын утаанд үрээ хурайлан байна. Үрийн заяа сайхан юм аа. Үртэй хүн жаргадаг хувьтай өнө эртний түүхтэй энэ миний Монгол сайхаан.

Тиймээ. Зүс нь хар ч зүрх нь цагаан.
Зөөлөн сэтгэлт хэрээ минь үү

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам