Энхрийхэн минь дээ



Энхрийхэн минь дээ
Ээж нь чамдаа хайртай
Дэмий үг хэлж чамайгаа зэмлэсэн бол
Дэндүү тэнэг ээжийгээ уучил

Зүрх минь чинийхээ өмнө сөхрөөд
Сэтгэл минь чинийхээ төлөө зовниод
Амьсгал минь чинийхээ төлөө цохилоод
Амин үр чамайгаа хайрлаж, харамлахдаа л уурласан байх



Гадаа харанхуй, хүйтэн байна
Голын хайртай үр минь айчих вий, даарчих вий дээ гээд л
Гэгэлгэн сэтгэлдээ чамайгаа дэнслээд
Галзуурсан мэт хайрласан юм байж

Одоо, чамайгаа зэмлэхгүй ээ, үрдээ итгэж байна
Агуу Бурханыг дуудан дуудах болноо ээж нь
Амин үрийг минь хайрлаж, хамгаалаач хэмээн
Аминчлан , наминчлан гуйх болноо

Аз, амьдрал, хайр, инээд, гэрэл, ирээдүйг
Алган дээр минь буулгасан ачит үр минь
Алдрайхан чамдаа ижий нь хайртай
Аяа миний энхрийхэн минь дээ

Эвий минь, үр минь, ээж нь чамдаа дэндүү их хайртай
Энгэрээс минь унасан эрх бяцхан үр минь дээ

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам