Бор шувууны шулганаан

Залуу улиас салхинд ганхана. Өдрийг тэр хөгжилтэй өнгөрөөнө. Бор шувууд мөчир дээр нь бороотойд ч, цастайд ч бөндийн байдаг.

Үүрийн гэрээнээр шулганан шаагилдаж, өнгөт орчлон сэрснийг тунхаглана. Тэнгэр од эрхсийн тухай, тэнд тоглох хүүхдийн тухай, тээртэн яваа өвөөгийн тухай, тухлан ярилцах эмгэдийн тухай, хайраар жигүүрлэсэн хосын тухай, халгин цалгих далайн тухай мэдэхгүй л байгаа болохоос биш бид, мэддэг бүхнээ солилцон байгаа байх даа.

Үдшийн бүрийгээр эртлэн харьцгааж, өдрийн явдлаа дурсан хурхирах жив жив шулганадаг, жижигхэн бяцхан зүрхэн бор болжмор минь дээ.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам