Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Тэнгэр
Хараа сунган нүдээ билчээ. Миний орон зайд юм бүхэн байдаг юм. Үнэндээ тэнгэр гэдэг дэлгэн барьсан хадаг биш ээ. Тэнгэр гэдэг тэр чигээрээ Та л юм шүү дээ. Гэрэлтэй гэгээтэй үед цэлмэг байна гэлцдэг, гунигтай бодролтой үед минь бөөгнөрөн үүлшдэг гэлцдэг.
Үнэндээ би өдөр ч, шөнө ч, өнөө ч маргааш ч байсан байрандаа байж л байдаг. Байнга таны итгэлтэй анд, амьсгал чинь шүү дээ. Би таны дотор орно, Та миний дотор орно. Та бид хоёр ээлжлэн нэгэн том ертөнц билээ л.
Амьсгал амьсгал аван байхдаа та агуу бүхний хэлтэрхий гэдгээ сана. Алдлан алдлан байж та газарт ч жигүүрлэн нисэж чаддаг юм шүү. Тэнгэр тэнгэр гэж би тэртээ хол байдаггүй юм шүү. Тэнд ч энд ч зах хязгааргүй ертөнцийн холбогч гүүр амин судал нь билээ л.
Та амьсгалж буй бол таны гүнд би орсных.Та баясаж буй бол таны дотор тэнгэр багтсаных.Та гуниглаж буй бол тэнгэр гэдгээ мэртсаных.
Хүрч боломгүй хана хэрэм мэт
Хий бодлоор өөрийгөө бүү тэтгэ
Тэнэгэр уудам орон зайн элч
Тэнгэрлэг хүн та юутай бахдалтай
Та амьсгалж буй бол таны гүнд би орсных.Та баясаж буй бол таны дотор тэнгэр багтсаных.
/ Дээр нойрсох тэнгэрлэг аавдаа, дэргэд минь байгаа, сэтгэлд минь мөнхөрсөн хорвоогийн бүх аавуудад таларханам./
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment