Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Нарны охин чамдаа
Хүн бүхэнтэй ижий ахаа болдог хүнлэг занд чинь дурлан би л хийхгүй бол бүхий л хорвоо зогсчих юм шиг яардаг занд үнэндээ би дүргүй байж билээ. Харин одоо бодоод байхад дэндүү ариухан чи минь маш богинохон хугацаанд өөртэй ахадсан олон олон зүйлийг хийж, хүмүүст амьдрах итгэл найдвар өгч байсан юм байна лээ.
Анх чамайгаа өөрийн болгох гэж эр хүн гэдэгтээ омогшин олон залуусын сүргийн манлай болон онгирч дуулан жиргэж байсан. Жижигхэн биендээ ахадсан дэндүү их ухаандаа бардан, чамайгаа хаяа нэг гомдоож байсан даа одоо би харамсан сууж байна.
Нар сар шиг нандин хоёр үрийг минь наддаа чи минь орхиод холын холд одсон хэдий ч хонгорхон чамайгаа одоо ч би хайрласаар л байна. Хүнд хэцүү үед ханийгаа дандаа урамшуулан хүйтэн усанд гарыг минь дүрүүлж үзээгүй, хүнлэг энэрэнгүй занд чинь хайлан урсаад чамдаа нэгдэн ээнэгшсэнсэн энхрийхэн минь дээ.
Одоо найз нь удахгүй өвөө болох гээд догдолж сууна даа, олноос онцгой чинийхээ хэлдэг үгийг нандигнан тарни мэт дээдлэн одот ертөнцдөө орой болгон шившсээр л байгаа. Шөнийн тунгалаг агаар сэтгэл санааг минь ариусган сэмхэн ирээд салхиар илбэн таалдагыг мэднээ, өглөө бүхэн гэрэл гэгээг өргөөнд минь гийгүүлдэг чамдаа өнө удаан чамайгаа хайрлан үр хүүхэд ач нартай чинийхээ хайрын үлгэрийг үргэлжлүүлэн найз нь хүүрнэнээ.
... чин ариун хүсэл мөрөөдөл чинь удахгүй биелэх нээ амраг минь.
Орчлонд ирэх ач минь чиний минь хайрын үргэлжлэл билээ. Гоо үзэсгэлэнт цэцэгс адил ач минь дэлгэрэн өсөн дэгдэхийг нь хүлээж байнаа найз нь.
... хайр минь, хань минь, чамдаа би амлаж байна. Аз жаргалтай урт удаан үр хүүхдүүдтэйгээ сайн сайхан амьдарнаа .
Нарны охин минь дээ найз нь чамайгаа үнэндээ маш их санаж байна.
Хайрт эгчийнхээ гэгээн дурсгалд зориулав
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment