Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Одод
Балчирхан охин дээш хараад тоо томшгүй оддод дурлажээ. Зуны үдэш гаднаа гараад зуу зуун оддыг тоолох гэж оролдлоо. Арван хуруу нь хүрсэнгүй, аавын хуруу ч хүрсэнгүй. Арга ядаад бяцхан охин алтан гадас, шанага 7, хүн таван од, үүрийн цолмон, үдшийн гялаан гээд л гарт багтах хэдэн одны тухай гайгүй сайн мэдэж авлаа гэнэ.
Сургуульд ороод охин одон орны дугуйланд суралцав. Үүр цайхаас өмнө урт дуран авайгаар одод эрхсийг дурандах дуртай. Тэрээр өнгө өнгөөр солигдох одод өөрий нь нүдний өмнө ирээд амьсгал аван буйг нь мэдрээд байна байна алаг энэ дэлхийгээс минь гадна амьд орчлон байдаг юм байна гээд байдаг чарлаараа баярлан хашгирлаа.
Одоо тэрээр том болжээ. Овоо сүрхий ч ухаан сууж гэнэ. Орчлон юмсын зүй тогтлын тухай, одоо ирээдүй цагийн тухай, олон юмыг мэддэг болсон.
Гэгээхэн хүсэл мөрөөдөл нь тэнгэртэй үлдсэн ч гэрэлтэй баясгалант нүдэнд нь орчлон багтдаг гэнэхэн аальтай бүсгүй заяа Хүн-Одод дурлаад хүүгийн эх болсон юм. Дэргэдээ одод тэвэрсэн дэндүү жаргалтай бүсгүй та бум түмэн одод дундаа бүгээхэн орчлонг амирлуулан байна.
Цэцэг адилхан цэвэрхэн охин минь, цэлмэг ухаантай хөвгүүд минь, чин үнэнч хань минь , булт олноороо хүн зон нь Бурханаас өвөлсөн Газарт буусан Одод билээ.
Миний хайртай бүхэн мөнхийн гэгээн тэнгэртэй одод адил асч яваг, орчлонд нэрээ дуурсгаж яваг, Хайр гэрэлтсэн нүдэнд нь хайртай од нь бадамлаж байг. Ум.
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment