Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Янзага
Ачит авралаа минь гэж бодно уу чи тэднийг. Үгүй ээ тэд бол сэтгэлээ гээсэн хүмүүс. Амьтад хүртэл үрээ хамгаалан амиа өргөдөг энэ орчлонд хүн л үрээ хайрладаггүй.
Тийм учраас янзага минь чи хэцүү гэлээ ч сэтгэлээ барь, урд чинь сөхрөхөд тулах газар дэлхий байна, ард чинь амсаагүй хүртээгүй ариун бүхэн чинь хүлээнэм. Чи минь нулимсаа барь, чи минь сэтгэлээ чангал. Орчлон гэдэг гайхалтай юм. Олж тэр нь баригддаггүй юм. Тэрээр зөвхөн тэвчээр хатуужлаар мунхагийг гэтэлж, мунагийг хугалж, ариун бодол хүслээр жигүүрлэн амьдралд дурла. Янзага минь. Орчлон ертөнц чамайг харж, олж авах ялалтанд чинь сөхөрнөм. Аяа амьдрал та агууг мэдрүүлж, ачийг сануулнам бус уу.
… салхи нэгэнтэй хүчилж, нэгэнтээ багасна. Турьхан хөлөө цөмрөх цасан дундаас аажмаар алгуурхнаар сугалан авч хөөрхий янзага холдон одлоо. Хав харанхуйд би хаачих вэ, хаа очихоо ч үл мэднэ би, даарахад минь дэргэд минь л байдаг даанч дээ ижий минь та хаа байна гэсээр аяга аягаар нулимсаа урсган авралт эхийнхээ ариун өвөр, энгэрийг санагалзан чи минь хошуугаа өмөлзүүлэх юм даа. Чи минь зоригоо чангал, эс бөгөөс чи минь чононд идүүлнэ. Чи минь сэтгэлээ барин урагшил эс бөгөөс чамайг минь хүйтэн өвөл тэврэх болно.
... тэртээ дээрээс янзагаа харан дэмий л санаашрах эхийн сэтгэл , хөрч амжаагүй түүний биеэс бүлээн сүү нь үрдээ л эцсийн дуслаа өгөх мэт саамшран ууршина. Гэгээн тунгалаг мэлмий нь нулимстайгаа барьцалдан хөлдөж гэмгүй байсан шүү дээ би гэсгээж юунд намайг цээрлүүлнэ вэ хэмээн ой талыг цуурайттал сүүрс алдасныг ойн онгон санаашран санаашран дээш нь бичих тэр л дараалалд дэн дунтай сийрүүлэн тэмдэглэв ээ.
Тиймээ цаг цагаар орчлон тэнхлэгээ даган эргэнэ.
Тиймээ хэм хэмээр зүрх чинь чимээгүйд дурлах болноо үр минь.
Аяа агуу орчлон та аз жаргалын өлгий билээ л
Аврал энэрэлдээ миний энхрийхэн, янзагыг минь багтааж хайрла.
Үрээ хамгаалж чадаагүй ээ намайг уучил
Өршөөж бас гэмтнийг ч бас уучил
Бид нэг л хорвоод багтдаг байсныг
Бүхий л орчлонд хэлж өгөөч Бурхан минь.
Хүмүүсээ. Хүүрнэж би янзагын тухай өгүүллээ. Хөөрхийлж бүгдээрээ эх дэлхийгээ хамгаалья.
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment