сэтгэлийн давалгаа

Мянга мянган жил салхины аясаар гэгэлзэх сэтгэлээ даган амьдарсаар ирсэн хүмүүний хуйсагнуур сэтгэл.

Жаргал гэж бодсон бүхэн маань зовлонгийн шалтгаан болж, улмаар уг үйлийнхээ нэгэн эд эс нь болон агуу том амьдрал хэмээх нэгэн байгууламжид өөрийгөө хайрцаглан хашнам.

Тэгээд л өөрийн гэсэн тогтсон хатуу чанга бодлоор бүхэнд цензур тавин сайн муу, сайхан муухай, надад таалагддаг таалагддаггүй хэмээн олон янзаар орчлон хорвоог шүүн тунгаана.

Гэтэл үнэндээ тоолшгүйн дундах нэгэн цэгийн аялал оргүйд юу ч биш. 

Тиймээ, цаг ямагт сэрж сэргэж, аялж байгаа замаа зөв эсэхийг шалгаж алдаа байгаа бол засч залруулж үндсэн сууриа ухаж ухаажиж байх хэрэгтэй юм байна.

Цаг мөчид дулдуйдан амьдрах бидний амины богинохон мөчид ухаалаг, бүтээл өгөөжтэй, бусдыг бодсон уяхан сэтгэл, талархалаар дүүрэн амьдрахсан.

Сэтгэлийн давалгаа минь чи тогтуун байж, бусдын төлөө гэрэлт дээ.


No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам