тэр л чигээрээ чамдаа уусахсан

Сэтгэлийн үзүүрт чам руу гүйсэн бодол
Санааны мухарт чамайг үгүйлсэн бүхэн
Уйлан уйлмаар эрхлэн тунирхмаар тийм нэгэн мэдрэхүй
Улаан галд зүрхээ атган зүтгэх миний тэнэглэл...

Толинд тусах усны бөөм тунарч одлоо
Тэнгэрт хурах сэмжин үүл салхины аясаар одлоо
Давалгаалан давалгаалах сэтгэл аанай номхороход
Далай их хайр тэр л янзаараа инээмсэглэн инээмсэглэнэ

Анх байсан тэр л чигээрээ
Ахиад ирэхэд ч тэр л янзаараа
Хувьсан өөрчлөгдөх хүмүүн сэтгэл л
Хязгааргүйн өмнө өнөө сөхрөн ухаажнам

Гэрэл олон өнгөөс гэрэлтэн цогцлохын адил
Гэрэлтэх сэтгэлтэн чамайгаа үдэн явуулья даа
Өмчлөх тороо гэрэлд өргөлөө, өглөө
Өнөө чи минь дураараа нис дээ, гэрэлт дээ...

Чиний хоолой зүрхийг минь гижигдэн
Чиний нүд намайг хоослоход
Чамгүйгээр би  яаж ийм удаан байснаа
Эрээд хайгаад олсонгүй, эрхэмлэн нандигнан чандлая даа.

Сэтгэлийн агууг
Хайрын сайхныг
Харамгүй харуулсанд баярлалаа.
 
Өөрийгөө олоогүй намайг уучлаарай


No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам