Баруунтаа

Зүрх минь баруунтаа дуудагднам
Зөөлөн салхи илбэн илбэнэ
Зөндөө удаан хайсан жаргалан
Зүйрлэшгүй намуухан давалгаанд бүүвэйлэгднэм

Туулайн дүрст инээмсэглэхүйд
Тунамал оршихуй амран ухаажнам
Амар амгалан халгин цалгина
Агшинаа хязгаарын чанадад уусан одном

Ариухан Арьяабал рашаанаа мэлтэлзүүлэн
Аядуухан Амидэва улаахан гэрлээр урина
Шувууд зүрхэнд жиргэж сэтгэлийн солонго нэлэнхүйг хучихад
Шаагих гэрлэн бороо энд тэндгүй гэрэлтэн гялтганана

Тийм нэгэн ангид оршихуйд
Тэнд л өнө удаан сэрүүцэн суумаар
Агаар нь таван тансагаар бялхана
Аяа амгалан цогцолсон бурхадын өлгий 

Алтан оройт Очирдарийн шүтээнээ
Аврал эрэх өр зүрхийг минь энхрийлнэм
Ачит багшаа санан санан мэгшихүйд
Алсын одны тэврэлт тайвшруулан эвийлнэ

Зүрх минь баруунтаа цохилохуй яа
Зөндөө удаан хайснаа олох адил аа
Зүрх минь баруунтаа ....

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам