Гэсэн ч би чамдаа хайртай

Хайраас  зугтаад удсан юмсан
Хайлан зүрхэнд минь чи гэнэт л гарч ирсэн
Чиний сонсголонт, юм бүхэн эгдүүтэй гэрэлтэж
Чин шулуун зан чинь хүртэл өхөөрдөм байсан 

Чамдаа би бүхнээ гээн гээн дурлаад
Чамгүйгээр өдөр хоног бүхэн уйтай санагднам
Дахин амьдралд баяр хөөрөөр цэнэглэгдэн
Даль жигүүр ургасан мэт хайрын тэнгэртээ дүүлсэнсэн

Өмчлөх эрхгүй хайрын өмнө
Өнөө би гэмтэн хэмээгдэн зогсоно
Өөрөө би гэмгүй ээ
Үнэн зүрхээ нээн нээн л дурласан минь л буруутай

Хэзээ орчлон ертөнц хайрын сайхныг эрх чөлөө гэдгийг ойлгох вэ
Хэзээ хүмүүний атгаг миниймхэрэл  уучлал өршөөлөөр солигдох вэ
Хэзээ ариухан бүхнийг ариухнаар нь харж мэдрэх вэ
Хэзээ хамаг оршихуй гүнд хайр өөрөө жарган цэнгэж байдгийг ухах вэ

Гэсэн ч би чамдаа хайртай
Гээгдэж орхигдсон ч зүрхнийхээ гүнд нандигнана
Хаяа нэгхэн үгүйлэн үгүйлэн уйлан жаргах байх
Харин мөч бүхэнд чамдаа жаргалангийн дээдийг ерөөе дөө

Би чамдаа хайртай

2023.10.05

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам