Зүрхнээс зүрхэнд- Орон зайн аялал- А.Оюунзаяа

Өнөөдөр миний бяцхан дүү Амартүвшингийн Оюунзаяа -гийн маань төрсөн өдөр. Одоо шөнийн 1 цаг болох гэж байна,  гэсэн ч дүү маань хичээлээ хийгээд л сууж байгаа гэнээ.

Дүү маань насандаа ахадсан их ухаалаг, хэрсүү охин. Өөрийн шүлгийн номоо гаргасан, бас маш сайхан фото зураг авдаг. Ер нь л бол их авьяастай охин. Ингээд дүүгийнхээ авсан хэдэн фото зурагнуудыг болон  шүлэгээс нь блогтоо оруулахаар шийдлээ.






 ...
Цас
Аяархан  чихрана
Нам гүм...

...
Над дээр
Навч уналгүй уджээ
Дахин амилах мэт...

...
Цастай мөчир дээр
Хэрээ сууна
Огцом ниснэ дээ...
...
Эртний бичээсийг
Сөхөн үзэхэд
Далавч нь сэмэрсэн эрвээхэй...

Энд байгаа ганц нар 

/дүүдээ зориулав/


Нар луу хар дүү минь, цэцэг үнэрлэ
Над руу инээ дүү минь, хэлэхийг минь чагна

Харц чинь тув тунгалаг
Хаа ч давтагдашгүй яг л нар шиг
Чи минь энд байгаа ганц нар
Чимэг, дагуулгүй чи өөрөөрөө л нар

Тэр харж байна уу?
Тэнгэр гэдэг юм хөх, улаан, цагаан

Хөвсгөрийг нь үүлс гэдэг юм
Яг л чиний үс шиг долгионтой,өөр өөр хэлбэртэй
Нисч яваа хүмүүсийг нь шувуу гэдэг юм
Нэгэн цагт чи тэдэн шиг нисч сурах болноо.

Онцолж нэг шөнө чи түмэн оддыг харахаараа
Огторгуйд ганцхан гэдгээ л мэдрээрэй, дүү минь.






Чамдаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Насан туршдаа баяр баясгаланд умбаж, аз жаргалын дээдийг мэдэрч, гайхалтай сайхан уран бүтээл олныг туурвихыг ерөөе.

3 comments:

  1. Өнгөрсөн ч гэсэн, танихгүй ч гэсэн дүүд нь төрсөн өдрийн мэнд! :).
    Нээрээ л авьяастай юм байна аа. Тэр Хайку шүлгүүд таалагдлаа.

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам