Гурван цэцгийн үр

Сайн байна уу. Эрхэм анд минь. Би байнга үлгэр зохиодог байлаа. Үнэндээ миний ухаан орохын амьдрал бол тэр чигээрээ гайхамшгаар дүүрэн байсан. Одоо ч гайхамшгаар дүүрэн билээ. Хүүхдүүд маань хэдий нь том болцгоож. Гэсэн хэдий ч бидний энэ дэлхийд үлгэр сонсох гэсэн мянга мянган зүрх хүлээдэг болов уу. Өнөөдөр нэгэн үлгэрээ та нартаа дэлгэн барьж байна. Зөвхөн сэтгэлээ нээгээд хүүхдүүддээ бас өөртэй уншиж өгөөрэй. Эх дэлхий маань өвчин шаналаар дүүрэн байна, хаашаа ч харсан худал хуурмаг бүчиж байна. Уйлмаар үеүд олон ч үүр гийж өглөө болдог шиг, нэгэн бяцхан горхи урссаар агуу далайд нийлдэг шиг. Эх дэлхий минь нэгэн цагт аз жаргалангийн өлгий болох учиртай билээ.
Ингээд үлгэрийн нэгэн цэцгээ Таньд Өргөн барилаа. Зүрхээрээ хүлээн авч уншаарай. Баярлалаа. Та нарын анд Дэги-с
Гурван цэцгийн үр
Эрт урьдын цагт нэгэн бяцхан тосгонд үзэсгэлэнт бүсгүй аж төрдөг байжээ. Тэр амттай сайхан бин хийж, зах дээр аваачиж зардаг байлаа.
Нэг сайхан нарлаг өдөр бүсгүй хот орж бингээ зарахаар явж байхдаа нэгэн эмгэнтэй тааралджээ.
Эмгэн: ”Сайхан сэтгэлт охин минь чиний гарт байгаа сагснаас маш сайхан үнэр үнэртэж байна. Эмээ нь хол замд ядарч, өлссөн байна. Эмээгээ дайлаач” гэж хэлээд “Охин минь гэхдээ эмээд нь чамд өгөх мөнгө байхгүй” гэж хэлжээ.
Бүсгүй: “Эмээ минь, эмээ минь би таниас юу боллоо гэж мөнгө авах вэ, Танд бингээ өгөхдөө баяртай байна. Та миний хийсэн бинг идэж болноо” гээд эмээд сагстай бингээ тэр чигээр нь өгчээ.
Ингээд эмээ бинг амтархан идээд бүсгүй рүү харан инээмсэглэн ингэж хэллээ.
“Сайхан сэтгэлээр дүүрэн байдаг чамд баярлалаа. Үнэндээ бол би чамд нэгэн бэлэг өгөхийг хүссэн юм” гээд алгаа дэлгэн үзүүлэхэд жижигхэн үрэл шиг гурван ширхэг зүйл байлаа.
Эмгэн: “Энэ бол тэнгэрийн эрдэнэ хэмээн нэрлэгддэг цэцгийн үр юм. Энэ цэцгийн үрийг гэртээ очоод тариарай. Удахгүй чиний хамгийн сайхан хүсэл чинь биелэх болноо” гэж хэлжээ.
Бүсгүй тэр гурван ширхэг цэцгийн үрийг аваад “Баярлалаа эмээ” гээд гэр рүүгээ явж, харин эмээ их хот руу хөдөлжээ.
Бүсгүй гэртээ баяр хөөртэй ирээд цэцгийн саванд шороо хийгээд, үрээ нэг нэгээр нь суулгаад тэгээд усаар усалжээ.
Шөнө унтахдаа өдрийн болсон явдлыг бодон инээмсэглэл тодруулан сайхан амарчээ.
... Өглөө үүрээр цонхон дор нь шувууд жиргэх дуугаар сэрлээ. Тэгээд цонхоор тусах нар луу хартал нүдэндээ ч итгэсэнгүй. Эхнийх нь савтай үрнээс үзэсгэлэнт улаан сарнайн бут ургасан байлаа. Өрөө дүүрэн цэцгийн анхилуун үнэр үнэртэн бүсгүй маш их баяр хөөртэй болов.
Тэгээд баяр жаргалтайгаар дуугаа дуулан бингээ хийгээд зах руу гарлаа.
... Бүсгүй их хот руу яваад л байлаа. Түүний явж байгаа замын хажуугаар ойн амьтад дагаж гүйлдээд байв. Сайн харвал туулай, жирх, хэрэм, янзага гээд л олон амьтдын үр төл байлаа. Тэд бүсгүйг явахад нь хамт яваад, зогсоход нь хамт зогсоод байв.
Бүсгүй: “ Аанхан энэ амьтад миний бинг үнэрлээд ирцгээж дээ” гэж бодоод замаас гарч ойн захад очоод бингээ тэдэнд жижиглэн хувааж өгөөд зайтайхан зогслоо.
Гэтэл нөгөө ойн амьтад эв найртайгаар бинг нь хувааж идэцгээж байлаа. Зарим нь амандаа зуугаад цааш гүйлдэцгээнэ, зарим нь амаа түнтийтэл чихнэ.
Бүсгүй эгдүүтэй хөөрхөн тэдгээр амьтдыг харж өхөөрдөн инээж нэлээн удаан сууж байгаад дараа нь тэгээд гэр рүүгээ буцжээ.
Гэртээ дөхөж иртэл гэрийнх нь үүдний урд навчин дээр ойн баялаг бараг бүгд овоолоостой байлаа. Сайн харвал зөгийн бал, самар, мөөг, жимснүүд гээд л өнгө булаалдан өрөөстэй байв.
“ Манай ойн амьтад л үүнийг надад өгч дээ” гээд гэртээ орууллаа. Үдэш болоход бүсгүй өдрийн болсон явдлаа улаахан сарнайдаа ярьж үдшийн оддыг харж жаал суугаад тэгээд тухлан амарчээ.
Дараагийн өглөө мөн л шувуудын жиргээ, нарны гэрэл гижигдэх шиг болж бүсгүй сэрлээ.
Гэтэл цонхны тавцан дээр захын нэгэн саванд шав шар өнгөтэй наран мэт гэрэлтсэн үзэсгэлэнт сарнайн бут түүнийг угтлаа. Нарны туяанд шар өнгө нь улам хурц тод гэрэлтэн дэндүү үзэсгэлэнтэй байлаа.
Бүсгүй холоос цэцгүүдээ харлаа. Зүйрлэхийн аргагүй тансаг үнэр гэрээр нь дүүрч, зүүд мөрөөдлийн үзэсгэлэнт цэцэгс өмнө нь байгааг хараад маш их баяртай байлаа. Улаахан сарнайн бут нь ч, шав шар наран мэт сарнайн бут нь ч үнэхээр сайхан байв. Хоёр цэцгийн дундаас байгалийн үзэсгэлэн ойн модод сайхан харагдаж байв.
Бүсгүй маш их баярлан инээмсэглэл тодруулан цонх руу дөхөөд голын цэцгийн үрийг харахад соёолоо ч үгүй байлаа.
Бүсгүй бүх цэцэгнүүдээ услан алсыг ширтэн зогслоо. Цонхоор ирэх салхинд түүний шанхны үс уналаа. Үсээ чихнийхээ араар хийхдээ гэнэт тэр ээжийгээ саналаа. Охин ээжтэйгээ энэ л цонхоор байгаль дэлхийгээ харан хамтдаа байнга зогсдог байв. Хаяа ээжтэйгээ хамт далайчин аавынхаа ирэх хөлөг онгоцыг хүлээдэг байсныг, өвлийн будрах цасан, зуны бороо, намрын навчис, хаврын яргуй гээд л өөрийнхөө бага байсныг өөрийн эрхгүй дурсан саналаа. Түүний зүрхэн дотор ээжийнх нь инээд цуурайтан,
”Миний охин ээжийнхээ хийсэн бинг ид л дээ” гээд шанхных унжсан үсийг илээд л эрхлүүлдэг байсныг, “Миний охин хэзээ нэгэн цагт томоо охин болоход ээж нь чинийхээ охин болж төрнө тэгээд хоёулаа үүрд жаргалтай амьдарна” гэж хэлдэг байсан үгийг санаад нулимсаа арчлаа.
Тэнгэр рүү хартал үүлс уулс, нарны цацраг, өнгө алагласан цэцэгс, горхины чимээ гээд л энэ бүхнийг харж, сонсон дахин сэтгэл нь сайхан боллоо.
Бүсгүй дуугаа аялан анхилуун цэцэгсийн үнэрт амтат бингээ хайрч эхлэв.
... Ийнхүү бүсгүй дахиад л зах руу гарлаа. Тэр өдөр салхитай хүйтэн өдөр байлаа. Гэтэл түүнтэй зэрэгцээд шувууд нисэлдэж, буугаад д байв. Бүсгүй:”Эвий дээ. Эд нар маань ийм хүйтэн салхитай өдөр нисэх хэцүү байгаа байх даа” гэж бодоод өөрийнхөө авч явсан бүх бинг тэдэнд өглөө. Шувуудын сүрэг бүсгүйн өгсөн бинг амтархан идээд алсын уулс руу нисэн одоцгоов.
Бүсгүй бага зэрэг даарсхийн гэртээ ирлээ. Түүнийг орж ирэхтэй зэрэгцэн намуухан шиврээ бороо орж эхэллээ.
Бүсгүй галаа түлэн гэрээ дулаацуулаад буйдан дээрээ тухлан суугаад ном уншиж эхэллээ. Гэр дүүрэн халуун түгж, бүсгүй аажмаар нозоорон унтсан байв.
Шөнө дунд болжээ. Тэнгэрт мянга мянган одод түгсэн намуухан үдэш байв. Бүсгүй буйдан дээрээ унтаж байв. Ном нь газарт унахад бүсгүй гэнэт цочин сэрлээ. Сэрээд хартал тавцан дээрх голын цэцгийн савнаас томоо гэгчийн цэцгийн цомирлог ургасан байв. Тэрээр гүйн очоод хартал хараахан дэлбээгээ нээгээгүй байв.
Бүсгүй: “эхний цэцэг маань улаан өнгөтэй байсан, хоёр дох цэцэг маань шар өнгөтэй байсан. Харин миний гурав дахь цэцэг маань ямар өнгөтэй бол” хэмээн бодол болон сууж байтал алсаас нэгэн гэрэл гэрэлтэн дөхөж айсуй. Гэрэл тийш ажвал шувууд нисэн ирж байх шиг.
Цонхоо онгойлгон сайн харлаа. Үнэхээр шувууд хошуундаа ямар нэгэн юмыг дундаа зуун болгоомжтойгоор нисэн ирж байв. Тэд ниссээр ниссээр, дөхөн ирлээ. Тэгээд хошуундаа зууж ирсэн навчыг голын цэцгийн саванд буулгахад тэндээс одод адил гэрэлтсэн мөнгөн ус цэцгийг усаллаа.
Гэтэл цэцгийн цомирлог гэрэлтэн амьсгалах мэт нэг агшиж нэг томорч байснаа цэв цэнхэр гэрэл татуулан нэг нэгээр цомирлогоо дэлгэн аажмаар дэлбээ дэлбээгээ нээн гэрэл гэгээ татуулан цэнхэрхэн цэцэг бүрэн дэлгэрлээ.
Бүсгүй баярлан цэцэг рүү догдлон харж байтал мянган мянган гэрлийн очис гэрэлтсээр бөөгнөрсөөр нэгэн шагай шиг гонзгой гэрэл болон эргэлдэн эргэлдсээр цэцгийн гүн рүү шингэв.
Тэгээд тэр даруй дахин хурц тодоор гэрэлтсээр нэгэн атга хирийн гэрэл болон тогтов.
Бүсгүй айх гайхах зэрэгцэн амьсгаа даран харж байтал түүний өмнө төө хэрийн бяцхан охин инээмсэглэн гэрэлтэн зогсохыг хараад нүдэндээ ч итгэсэнгүй.
Охиныг алган дээрээ аван ширээн дээр тавилаа. Гэтэл нэг, хоёр, гурав гэхэд л охин хоёр гурав орчим насны охин болон томорлоо.
Бүсгүй нулимс дүүрэн нүдээр цэнхэртэн гэрэлтэх бяцхан охиныг тэврэн авлаа. Учир нь ээж аав нь түүнийг бага байхад нь байнга ярьж өгдөг байсан үлгэрийн охин нь ингээд өмнө нь ил гарч ирсэнд нүдэндээ ч итгэсэнгүй. Зүрх сэтгэл нь оволзон догдлон хөөрч байлаа.
Түүний нүднээс баярын нулимс сувд адил асгарч охин дээр унана, охин ээжээ хэмээн энгэрт нь улам наалдана.
Цэнхэрхэн пансан даашинзтай, гэрэлтсэн охиныг өвөр дээрээ суулгаад халуун сүүгээр дайллаа. Тэгээд буржгар үсийг нь илэн шанхны үсийг нь чихнийх нь араар оруулахад хэхэхэ хэмээн инээлээ. Түүний сэтгэл цэлмээд л явчлаа. Учир тэр бага байхдаа яг ээждээ ингэж эрхэлж байсансан.
Баяр хөөр дүүрэн охинтойгоо ярилаа.
- “Миний охин ээжийгээ их хайв уу?”
- “ Их хайсан. Би цэцэгнээс, салхинаас, ойн амьтдаас, бас нар, оддоос, далайгаас таныг хайж асуусан. Тэд бүгд надад тусалсан учраас би энд байна ээжээ” гээд тэврэн авлаа.
Ингэж эхийн хайр охиндоо гайхамшиг болон дахин ирсэн үлгэр энэ ажээ.
П.Дэлгэржаргал /2020.07.27 Зуны адаг сарын шинийн 7. УБ хот./
Тайлбар: Бид бүхэн нэг л орчлонд амьдардаг. Бид энэ орчлонгийн эд эс. Бид гагцхүү сайхан сэтгэлтэй өгөөмөр байхад энэ ертөнц тэр чигээрээ амар амгалан, жаргалангийн орон болох хувь ерөөлтэй ажээ. Бурхан бүхэнд оршдог аж.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам