Намар оройтсон бороо

намар оройтсон бороо цас болон алслахад
надаас зугтсан сэтгэл зүрхний минь  гүнд нуугдана
алтан наран алгасалгүй бүхнийг гийгүүлдгийн адил
амин хайр чамайгаа би ирэх хаврын нахиа адил нандигная аа



мянга мянган жилийн тоос түүх өгүүлдэгсэн бол
мөнхийн оршихуйн талаар үлгэр олныг шивнэх биз
марал мичдийн гялбааг алсын мөрөөдөл хэмээвээс
магад хүмүүн бидний орон зайн аялал хөвөрсөөр л...

нүцгэн дурлал цэцгийн дэлбээн дээр уйлна
нүгэлгүй ээ чи,  орчлон тэр чигээрээ гоо сайханд дурланам
моддын оройд хоргодох сүүлчийн ганц навчис
магад өнөөдөр л хорвоогийн эцсийн наранд дулаацнам

намар оройтсон бороо цас болон алслахад
надаас зугтсан сэтгэл зүрхний минь  гүнд нуугдана
алтан наран алгасалгүй бүхнийг гийгүүлдгийн адил
амин хайр чамайгаа би ирэх хаврын нахиа адил нандигная аа

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам