Даруухан үзэсгэлэн гоо


Даруухан гоо үзэсгэлэн хоёр ертөнцийг холбон туульс хайлна.
Далай шиг их, мянга мянган үлгэр хайлмаар байвч
Дэндүү энгийн тэрээр дэлгэн барьсан бүтээл нь энэ аж.

Хосгүй бүхэн энгийн байдаг
Хорвоогийн жамаас гажсангүй ээ
Хайр баяр дүүрэн чимээ аниргүйхэн мишээсээр

Гадна дотор энэ тэнд хаа сайгүй бүжин дуулна
Аньсаг норгом тансаг аялгууг нь
Амин зүрхэндээ хүлхээ юу

Омголон салхи зөөлөн шивнээг нь 
Олж бидэнд харуулаа юу даа
Орчлонгийн тоглолт одоо энд ч үргэлжилсээр л . . .

Уйлмаар залхмаар уйтай орчлонг
Улам өнгөлөн итгэл өгнө үү
Уушиг цээжийг ариусган тэлэн
Ухаан санаа минь ухаажин тэллээ

Хаа нэгтээгээс шивнэсэн тарни
Хан хорвоогийн зарлигийг буулгаа юу
Хаана байна тэр жаргалангийн үлгэр. . .

Зүсээ өөрчлөн зөөлөн анирдсан
Зүрхний бичлэгийн тань мөрийг харлаа
Зөндөө удаан хайсан бүхэн
Зөрж бидэнд даруухан гоо үзэсгэлэнгээрээ тодрон тодорном...



No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам