Гэтэл саяхан л нарлаг дулаахан байсан байгаль дэлхий хувьсан өөрчлөгдөн хар бараан үүлс бөөгнөрч, салхи ширүүсэн модод шуугин ганхан том том дусалтай бороо орж эхэллээ. Борооны дусал бүхэн моддын навчин дээр буух нь, борооны дусал бүхэн гарын алган дээр минь бөмбөр адил дэлдэн буух нь маш хөгжилтэй байлаа.
Харамсалтай нь энэ баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Хүйтэн бороо, ширүүн салхинд дэндүү дэндүү их даарч байгаагаа бас хаашаа явахаа ч үл мэднэ, зүгээр л би түүнийг ямар их мэдэрч байгаагаа л мэдэж байгаа болохоор түүнийг дуудан сэтгэлдээ мэгшин мэгшин уйлсаар л байлаа.
Хэн нэгэнг хаана байгааг нь мэдэхгүй ч тэр миний зүрхэн дотор хамтдаа инээж, тэр намайг гуниглахад хамтдаа гуниглаж, тэр намайга баярлахад хамтдаа инээн хөөрч баясдаг болохоор л тэр нэгэн мэдрэмжиндээ найдаад түүнийг л хайхын тулд гарсан юмсан.
Манай нутагт юу хүснэв тэр бүхэн биелэгддэг юм. Харин би энд бол ердийн л нэгэн охин байгаа нь гайхалтай сайхан хэдий ч миний хувь заяа миний мөрөөдөл, миний итгэл найдвар, миний зүрхний дуудлага намайг хааш нь ингэтлээ дуудна вэ?
Би дэндүү их даарснаасаа болоод чичрээд л чичрээд л алхаад л алхаад л байлаа. Нар нэвт гэрэлтсэн хувцас маань шалба норжээ. Бороо оруулж байсан болохоос биш бороонд норж үзээгүй болохоор яах ёстойгоо ч үл мэднэ, зөвхөн хувь заяа минь хаашаа хөтлөнө вэ?
Гэнэт хэн нэгэн хүүе охин минь, энэ хүйтэн борооноор хаашаа явж байгаа юм бэ? гэх дуу ард гарлаа. Эргээд харвал гэрэлтсэн нүдтэй, нүдэнд дулаахан хүү зогсож байлаа. Би түүнд юу ч хэлж чадсангүй. Би сэтгэл дотроо би чамайг хайсан юм шиг байна, миний хамгийн анх уулзах хүн миний хайр юм шүү дээ гэж өөрөө өөртөө хэллээ.
Хүү тэрээр ээ бүр уг хэлж чадахгүй болтлоо даарсан байна ш дээ, манайх дэндүү хол байна, харин энэ хавьд нэг байшин байдаг юм хоёулаа тийшээ явсан нь дээр юм байна гээд миний гараас хөтлөн гүйлээ.
Голдоо ортлоо даарсан байсан болохоор түүний дулаахан гараас атган гүйж байхдаа маш их аз жаргалтай байв. Тэр миний төсөөлж байсан шиг сэтгэлд минь их ойр, дулаахан байсан төдийгүй түүнд л түүнд л гагцхүү итгэж найдаж болохоор тийм нэгэн нууцхан зүйл биднийг холбож байх шиг ...
Бороо ширүүсэх үед хүглэгэр моддын мөчир дор хоргодон, бороо намжих үед цааш гүйсээр л байлаа. Аянга цахилгаан цахиж тэнгэр хүчтэй дуугарахад би түүн рүү айсан нүдээр харан түүн рүү хурган нуугдахад намайг тэвэрч тайвшруулах гэж оролдоно.
Яасан, чи ямар их айгаа вэ, зүгээрээ би хажууд чинь байна хэмээн хэлэхдээ охины буржгар нойтон үснээс дуслах үсны дусал, бага зэрэг даарснаасаа улайсан хамар нь, туулай шиг айсан гэнэхэн нүдний харц, охины гоо үзэсгэлэн, түүний энхрийхэн аалинд уусаж байх шиг хүүд санагдаж байлаа.
Бид хоёр даарсан хэдий ч моддоос моддын хооронд борооны хэмнэлийг тааруулан инээлдэн гүйсээр л байлаа.
Хүү тэгтэл: одоо нэлээн хол гүйнэ шүү тэсээрэй, тэнд нөгөө миний ярьж байсан байшин байгаа гэлээ. За нэг хоёрын гурваа гэхээр гүйнэ шүү гэлээ. Бороо хүчтэй шаагин орсоор л байлаа. Хэдийгээр даарч норсон хэдий ч түүнтэй байгаадаа би баярлан түүнд наалдан зогсож байлаа. За нэг хоёрын гурваа гээд тэр миний гараас тас атгасан чигээрээ гүйлээ. Би түүнд хөтлүүлэн гүйж байхдаа яг нисэж байгаа мэт, амьдрал өөд тэмцэн эцсийн хүчээрээ шавхан гүйж байгаа мэт, миний үл мэдэх орчлон нууцаа дэлгэх гээд яарч байгаа мэт байлаа.
Хүглэгэр ойн гүнд нэгэн бяцхан модон байшин гарч ирлээ. Бид хоёр гүйсээр нөгөө байшин дээр ирлээ. Хүү хаалгыг нь сурмаг гэгч онгойлгон бид хоёр дотогшоо орлоо.

Энэ байшингийн эзэн хаяа ирдэг юм шиг байна лээ. Би түүнтэй ерөөсөө таарч байгаагүй л дээ. Яагаад ч юм бэ би энэ байшинд ирэх их дуртай байдаг юм. Энд ирэхээр цаг хугацаа зогсох шиг сайхан мөрөөдөлд автдаг юм.
За би гал асаагаадхья. Алив чи наад нойтон хувцсаа тайлаад энэ нөмрөгийг нөмөр. Май гээд над рүү цагаахан зузаан нөмрөг сарвайв. Би ичингүйрэн байтал даарч байж юун ичихтэйгээ билээ гээд миний хувцсыг тайлан нөмрөгийг нөмрүүлэн намайг галын хажууд сандал чирч авчран суулгалаа.
тэгээд за одоохон гал асаая гээд мод бэлтгэн гал өрдлөө. Би түүнийг хараад л хөлөө хумин чичирсээр л байлаа. Хүү хоёулаа халуун юм уунаа гээд ус чанах хувин хайсаар байгаад оллоо.
Би нойтон үсээ сэгсрэн биеэсээ холдуулан байхдаа түүнийг намайг цоо ширтэж байгааг, би ч бас түүний харж байлаа. Тэгээд устай саваа гал дээр тавиад миний хажууд ирж суулаа. Ус буцлангуут тэр хоёр бяцхан аяганд хийн маш гоё жимс үнэртсэн цайг миний гарт бариуллаа.
Би түүн рүү харлаа. Тэрээр хамаг хувцаснаас нь ус дуслан чичирсээр л байлаа. Би түүнд чи бас даарсан байна, нойтон хувцасаа тайлаад хатаагаач гэхэд над руу нэг харснаа тэгье гээд хувцасаа тайлан дэлгэж тавьлаа. Би анх удаагаа эр хүнийг нүцгэн тэгээд ийм ойроос харж байгаа болоод тэр үү ямар нэгэн зүйл дотор талд минь жирвэлзэхийг мэдэрлээ.
Би алгандаа халуун аягатай цайгаа барин овоо бүлээцэж эхэллээ. Түүн рүү хартал биеэ хумин даарснаасаа болон чичирсээр л байлаа. Би түүнд чи миний нөмрөгт орооч гэхэд за гээд бид хоёр нөмрөгөө хумлайдан цайгаа оочиж эхэллээ.
Тас няс хийн шатах моддын дуу, хаяа хаяахан шор шор хийн сорох чимээ, дээвэр тогшин ширүүсэх борооны дэлдээн, салхи ширүүсэн багасах энэ бүхнээс илүүтэй өр дотор минь ямар нэгэн хүн бөмбөр зогсоо зайгүй дэлдэн бөмбөрдөх нь гайхалтай.
Хүү охин хоёр цай уусны дараа овоо дулаацлаа. Цонхны цаана бороо шаагин орсоор л байх ажээ.
/үргэлжлэл бий/
No comments:
Post a Comment