Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
дэггүй цас гэгээвчээр орж ирнэ.
дэрэн дээр бас алган дээр буусаар л ...
Намуухан хаялах цасан ширхэг над дээр өнөөдөр бууж байна. Олон жил энэ цонхны цаана байгаа амьдралыг би гэгээвчээр орж ирэх агаарын урсгалаар ажин мэдэрдэг юм. Одоо муу хүү минь хичээлээсээ ирэх дөхөж л байгаа даа хэмээн бодож байтал хаалга торхийн дуугарч хүү минь гаднаас орж ирлээ. Тэрээр:
- Ээжээ, ээжээ гадаа цас орж байна. Зөндөө их цас орж байна гэсээр Тулга хүү ээж дээрээ ирлээ. Тэгээд ээж рүүгээ сэтгэлийн угаас мишээн зогсохдоо:
- Ээжээ, та даарч байна уу? Хүү нь цонхийг нь хаачих уу гэхэд
- Жаахан байг дээ, цас айлчлан ирж байхад угтахгүй бол гомдоно шүү дээ гэхэд
- За ээжээ, хаах болохоороо хэлээрэй, хүү нь гараа угаагаадхья гэсээр өрөөнөөс гарлаа.
... тиймээ, яг өнөөдөр шиг цас орж байсан тэр жилийн намар. Цайныхаа цагаар үеийн бүсгүйчүүлтэйгээ зам гарах гэж явахдаа нэг жаахан хүүхэд машинд дайруулах гэж байхад тэрээр гүйн очиж тэр хүүхдийг замаас холдуулан шидэж байснаа л санадаг юм. Харин дараа нь ухаан орох үед түүнийг нэлийсэн цагаан юм угтаж авлаа. Амьсгалахад төвөгтэй ам хамартаа гуурстай тэрээр нүдээ эргэлдүүлэн эргэн тойрноо харлаа. Түүнд цагаан тааз л харагдаж байлаа. Нүдэнд нь нулимс нь
цийлэлзэн тийчлэх гэж оролдлоо. Харамсалтай нь одоо түүний бие түүний эрхээр хөдлөхөө больсон байлаа. Ингээд л хорин зургаахан насандаа хэвтрийн хүн болсон юм.
Уг нь тэр өдөр би цайндаа гармааргүй санагдаж байсан юм. Хүйтэн өрөөнд сууж байхаар гэж бодоод хэд гурван хуушуур идэнгээ гараад ирье дээ гэж бодсон юм. Ийм явдал болно гэж хэн мэдэх билээ дээ. Гэхдээ тэр хүүхэд одоо миний өмнөөс явж байгаа, бас гүйж байгаа, одоо ч том болж байгаа байх даа. Миний л заяа тавилан юм байлгүй дээ. Нэг ч гэсэн эх үрээ хараад элэг нь дэвтэж байгаа, эм амьтан ялгаа юу байх вэ хэмээн бодох зуур хүү нь аль хэдий нь ээжийнхээ дэргэд ирчихсэн эхийнхээ шанхны үсээр тоглон:
- Ээжээ, цас ороод сайхан байна тээ гэхэд
- Харин тийм ээ, цаг хугацаа тун ч хурдан юм. саяхан л хавар болж байсансан, гэтэл одоо өвөл болж байна
- ээжээ, та наад гар дээрээ хайлж байгаа цасан ширхэгээ хар даа.
- аанхан. буунгуутаа л хайлчих юм
- ээж, таны цамцны ханцуй дээрх цасан ширхэг харин овоо удаан хайлж байна даа.
- тийм байна, их гоё хэлбэртэй юм
-харин тийн
... хүү бид хоёр цасыг агаарт байхад нь барьж авах гэж жаал хөөцөлдөж тоглолоо. Цас улам ширүүсч шуурч эхлэх үед хүү маань цонхоо хаангаа:
- Ээжээ, хоёулаа сайхан тоглолоо шүү тээ, цас одоо улам ширүүсээд л байна, Хөөх шар навчнуудын дээр цас ороод их гоё болчихож. Зарим мод ямарч навчгүй байхад харин зарим нь бараг ногооноороо байна. Газарт буусан цас хайлаад л. Яг л бороо орж байгаа юм шиг замыг юу ч үгүй норгочихож, ха ха ха урд байрны нэг хүүхэд шоорттойгоо гадаа гараад иржээ сандраад дэлгүүр рүү гүйж байна гэсээр надад зориулж гадаад орчинг хэлж зогсохдоо алс холын уулын орой тийш санаа алдангуй харсаар, зогссоор л байлаа. тэгээд:
- ээжээ, та бүлээн цай уух уу хүү нь аваад ирье гээд нусаа татан миний хажуугаар шуртхийн өнгөрлөө.
Үнэндээ хүү минь сэтгэл дотроо уйлж байгаагаа нуух гэж оролдож байгаа нь тэр. Хн хүүгийнхээ хэлж ярьсан бүгдийг би дотроо төсөөлөн байтал хүү маань аягатай цай барьсаар орж ирлээ. Тэгээд ээжийнхээ цай оочлон уухыг харж суухдаа ийм сайхан залуугаараа ядаж үрчлээ ч суугаагүй цэцэг шиг гоо ээж минь ийм болчихдог. Хэзээ нэгэн цагт хоёулаа босдог болноо, гол нь хайраар дутаачихгүй юмсан хэмээн бодож байлаа.
Энэ үед ээж нь
- миний хүү одоо явж амар даа, дараа нь гэрийн даалгавраа хий. Ээж нь радио сонсоод байж байна аа, санаа зоволтгүй ээ гэхэд ээжийнхээ духан дээр үнэрлэчихээд хүү гал тогооныхоо өрөө рүү явлаа.
Энэрэл бүсгүй өрөөндөө ганцаар үлдэн элдвийг бодсоор хоцорлоо. Цонх руу харвал саяхан л дээр дооргүй шуурч ширүүсч байсан салхи, цасны аль аль нь замхран одоод тэртээ дээл үүл хөвж байгаа нь үзэгдэнэ.
Хүн нээрээ сонин юм бодох юм. Би бага байхдаа сайхан тэнгэр хараад л хэвтээд л хэвтээд л байх юмсан гэж найзууддаа их ярьдаг байж билээ. Хүн юу хүснэ түүнийгээ авдаг нь үнэн л юм байна. Насан туршдаа үүрд тэнгэрийг л хардаг чулуу болох юмсан, насан туршдаа нэг байсан газраа л байдаг мод болчих юмсан гэж яах гэж боддог байв даа.
одоо би яг мод шиг , яг чулуу шиг хөдөлгөөнгүй дээшээ ширтээстэй хүн болчихлоо. Амны билгээс ашдын билэг гэдэг яасан үнэн үг вэ. Одооноос үгээ бас бодлоо цэгнэж байх хэрэгтэй юм байна, бүтэхгүй ч гэсэн алс холын сайн сайхан бүхнийг голоо тасартал амьсгалаа анирлатал бодох л болноо амьдрал минь....
Эхний хэдэн жилүүдэд найз хүүхнүүд маань овоо эргэж тойрч байлаа. Аажимдаа багассааар манай дэлдэн шараас өөр хүн ирэхээ больж дээ. Манай дэлдэн шарыг уг нь Чимгээ гэдэг юм л даа. Харин би л дотроо дэлдэн шар гэж өхөөрддөг ухаантай. Хаанаас нь ч харсан нар гэрэлтдэг дэлдгэртэй болохоор нь тэгж байгаа юм. Ер нь бол их л дуугай хүн, харин намайг урамшуулах гэж ёстой хичээж өгнө. Их ярина, хаяа бүр зохиож ярина гээч, тэрнийг нь би мэдсэн ч найзыгаа бодоод мэдээгүй юм шиг байдаг юм. Зайлуул намайг л хөгжөөх гэж хичээж байхад нь чи худлаа яриад байна гэж шоолж болохгүй шүү дээ. Манай дэлдэн шарыг ирэх чимээнээр хүү маань гадаа тоглох гээд гардаг болохоор бүсгүйчүүлийн яриа ч ёстой урсаж гарна шүү дээ.
...Нээрээ намайг ажиллаж байхад нэг залуу мөн ч их хоргоож билээ. Тэр залуу хүү бид хоёрт хань болоод амьдраад байж чадна гэж хэлээд л гарыг маань зөндөө их удаан атгаад өөдөөс хараад л суудаг байж билээ. Би түүний өөдөөс хараад сууж байхдаа маш их аз жаргалтай , нөмөртэй болдогсон. түүний гэмгүйхэн инээд, цайлган зан, бага зэрэг тэвдэх энэ бүхэн нь эгдүүтэй шүү. Маш зөөлөн халамжтай хүн шиг л санагддаг байсансан. Би хаяа түүнийг ирээсэй гэж их боддог болоод байсан тэр үед надад энэ золгүй зүйл тохиолдсон юм.
... Хүү бид хоёр орой гурилтай хоолоо идээд зурагт үзээд сууж байтал хаалган тогших чимээнээр хүү маань хаалга руу гүйлээ. Би хөлийн чимээ чагнан хэвттэл:
- сайн уу ? Энэрэл минь гэх дуу нэг л дотнохон. Тэр зүг рүү харвал бор шаргал пальто өмссөн гартаа цэцгийн баглаа, бас тортоо зүйл барьсан миний сэтгэл дотроо дурсан нандигнадаг Баяр маань байлаа. Их л дэгжин намба суусан харагдаж байлаа.
Би түүнд:
- сайн уу? Та сайн уу? гэхэд
- Найз нь сайн, хэд хоногийн өмнө Монголдоо ирээд , тэгээд танай ажил дээр очоод чамайг хайлаа, ашгүй танай найз Чимгээтэй таараад, тэгээд л ирж байна. Миний найз сайн сууж байв уу? гээд цэцгийн баглаагаа надад өгөөд миний хацар дээр үнслээ.
Энэ үед дэлдэн шар маань :
- Энэрэлээ? найз нь өнөөдөр гүйлгээгээ хаагаад яг ээлж солилцож байтал хүлээлгийн танхимд нэг сайхан залуу нааш цааш холхиод л их л догдолсон байртай нэлээн удаан байгаад л байсан юм. Би дотроо энэ царайг хаана харлаа даа гэж бодсоор хажуугаар нь зөрөх үед
- Найзаа, надад Энэрэлд хэлэх үг байгаа юм дуудаад өгөөч, би энэ хавиар удаан эргэлдлээ, түүнийг олдоггүй гэсэн юм,. Ингээд л би түүнд чамд тохиолдсон зүйлийн талаар ярисан юм. Тэгээд ирж байгаа маань энэ л дээ гээд.
- Тулгаа хоёулаа цай цүү бэлдье гээд хүүг дагуулан одлоо.
Баяр маань сандал дөхүүлэн миний хажууд суугаад уртаар санаа алдсанаа:
- миний найз намайг уучлаарай, ийм их удсанд уучлаарай. Би чинь эх орондоо хүлээсэн үүрэгтэй болохоор хугацаагаа дуусгаад л ирлээ. найз нь чамд дипломатын тэрэг барьдаг гэж хэлж байл уу?
- Үгүй хэлж байгаагүй.
- Хн, тийм ч байх аа даа. Чи бид хоёр 2-3 удаа л уулзаж байсан. Гэхдээ би энэ хугацаанд би чамайг л байнга бодсоор байсан. Найз нь чамд тохиолдсон зүйлийг сонсоод өөрийгөө их буруутгалаа. Уг нь би чамайг хүүтэй чинь хамт аваад явья гэж хэлэх гээд зүрх хүрээгүй юм л даа. Хэрэв тэр үед зориг гаргаад хэлчихсэн бол яах ч байсан юм билээ гэхэд
- Би юу боллоо гэж сайн танилцаагүй байж хол яваж билээ дээ, үүнд чиний буруу байхгүй шүү дээ гэхэд
- Одоо найз нь дахиж хүлээхгүй ээ, шийдсэн. Та хоёрыгоо аваад явна. даргадаа хэлчихсэн байгаа. Одоо бичиг баримтаа цэгцлээд хамт явья гэлээ
Би Баярын энэ үгийг сонсоод анх юу ч ойлгосонгүй, чихнийхээ хажуугаар өнгөрүүлэв. Тэгээд л бодоод л , эргэлзээд л, үнэн болов уу? гэсэн бодолтой байж байтал Баяр суудлаасаа босож ирээд миний өмнө сөхөрч суугаад хоёр гарыг маань атган, өнөөх л сайхан харцаараа өөдөөс цоо ширтэн:
- Энэрэлээ, би чамдаа хайртай, цаг хугацаа өнгөрөх бүрд би чамд ямар их хайртайгаа мэдсэн юм шүү дээ. Найз нь чамайгаа босгох болно. Тулгаагаа яг хүү шигээ л өсгөх болно. Амлаж байна. Би чамгүйгээр хэн ч биш шүү дээ. Хайр гэдэг бол хайртай хүнийхээ төлөө бүхнээ зориулахыг хэлдэг юм. Чи минь дэндүү сайхан сэтгэлтэй болохоороо өөрийгөө умартан өрөөлд амьдрал хайрласан ачтан шүү дээ. Хувь заяа бидэнд хишгээ хайрлах л болно. Энэ хорвоо дээр би чамайгаа анх олж харсанаас хойш чи миний хувьд бүх зүйл маань болсон. Чамгүйгээр, чинийхээ хайргүйгээр, чамайгаа хайрлахгүйгээр байж чадахгүй юм байна гэдгээ ухаарсан юм. Энэрэл минь чи минь миний эх орон, миний эрх чөлөө, миний хайр, миний хайртай бүсгүй минь.
Энэрэлээ баярлалаа, найзыгаа хүлээж байсанд баярлалаа, хүнд хэцүү хэдий ч амьдралд итгэн, тэмцэж байсанд баярлалаа. Одоо найз нь чамтайгаа дандаа хамт байх болно гээд л өвдгийг минь дэрлээд эхэр татан уйлж эхэллээ...
Би түүндээ юу ч хэлж чадсангүй, ганцхан түүнийхээ толгойг нь илэн илэн баярын нулимсаа унагаж байлаа. Учир нь миний сэтгэл хайраа танисан байж. Би энэ хорвоо дээр хайрлах, хайрлуулах хүнтэйдээ баярлан уйлсаар л байлаа.
... тэр цагаас хойш яг гурван жилийн дараа би тэргэнцэр дээр суудаг болсон байлаа, дараа нь хоёр жилийн дараа бид гурав хөөрхөн охинтой болсон юм. Харин өнөөдөр би таягтайгаа энэ лангууны ард ажлаа хийгээд байж байна даа...
.... гадаа цас орж байна. Би дэлгүүрийнхээ үүдэнд гараад гараа алдлан нүдээ анин будран бууж буй цасыг мэдрэн зогсож байна. Хацар дээр минь цас зөөлөн бууна. хайлан одно.
цас дахин дахин лавсан орсоор л. Салхи татуулан цас будран орсоор л. Хацрыг минь даган халуун нулимс унана. Хайр, аз жаргал, амьдралын амтыг мэдрэх агшин яг цас шиг аялгуухан, намуухан орсоор л...
Монголд маань өдийд хүйтэн байгаа байх даа. Нутгаа их л санах юм.
Аяа амьдрал минь. амраг хань Баяр минь чамдаа баярлалаа. Хоёр үр минь, миний сэтгэлийн жигүүр. Та хоёр минь энэ сайхан орчлондоо баяр хөөрөөр жигүүрлэн, хайрын аялгуунд уяран ниссээр байх болтугай.
... цас орсоор л, би зогссоор л.
.. амьдралыг би цастай адилтган зүйрлэнэм, амьдралаа би таньдаа хайртай...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment