http://www.mongolnews.mn/i/10496 - Үзэхийн хязгаар

Өнөөдөр Үзэхийн хязгаар гэсэн нэртэй маш ухаалаг эсээг олж уншлаа.   Надад их таалагдлаа. Амьдралын үнэ цэнэ, юм бүхний утга учрыг чин сэтгэлээсээ буулгасан гайхалтай эсээ болжээ. Хүмүүсээ бие биедээ хайр. бие биедээ зугээр л итгэл хайрлацгаая. Бид агуу орчлонгийн нэгэн эд эс хэдий ч тэр агуу бүхэн бидэнгүй бол юу билээ дээ...


Таныг уншаасаа гэж хүссэн учраас таны хөтөч болон танд хүргэж байна.Та сонирхон уншина гэдэгт найдаж байна. / Эх сурвалж:  www.mongolnews.mn /


Балын цэрэг Лувсандоржийн ӨЛЗИЙТӨГС 1994-1996 оны “Ардын эрх” , “Ням гариг” сонины сурвалжлагч
Н.Шүр эгчтэй нэгэн удаа ярьж суугаад тун сонирхолтой баримтыг сонссон юм. Бал эрхлэгчийн паспорт дээр 12 дугаар сарын 15-нд төрсөн хэмээн тэмдэглэсэн байдаг юмсанж. Уг нь эрхлэгч маань есдүгээр сарын 20-нд эхээс мэндэлсэн байна.


Гэтэл эрхлэгч өөрөө иргэний паспорт авахдаа, яагаад ч юм бэ, “12 дугаар сарын 15-нд төрсөн” гээд бичүүлчихэж л дээ. Хожим Шүр эгч ханийнхаа уран бүтээлийн дэвтрүүдийг сөхөн харж суутал тэрээр хэд хэдэн жүжгээ тэрхүү “зохиомол” өдөр болох 12 сарын 15-нд эхэлсэн, эсвэл дууссан байх юм гэнэ.
Яагаад жинхэнэ төрсөн өдрөө паспорт дээрээ тэмдэглүүлээгүй тухайгаа өөрөө бол хошин маягаар тайлбарлаад л өнгөрөөдөг байж. Ямар учиртайг нь хэн ч мэдэл гүй өнгөрчээ. Гэтэл тэрээр өөрийнхөө “сонгосон” тэр л өдөр болох 12 дугаар сарын 15-нд ертөнцөөс буцсан байна.
Үхлийг хэрэв “шинээр төрөхүй” гэж нэрлэж болох ахул Бал эрхлэгч маань ирэх төрлийнхөө “төрсөн өдөр”-ийг энэ насандаа мэдчихээд паспорт дээрээ бичүүлж шүү дээ. Шүр эгчээс сонссон дээрх баримт гэнэт санагдсан тул эрхлэгчид зориулсан сонины энэ дугаарт, хэдий долоон жилийн өмнө бичсэн ч гэсэн хаа нэгтээ хэвлүүлээгүй нэгэн бичвэрээ нийтлүүлэхээр шийдлээ. “Үзэхийн хязгаар” хэмээх доорх эсээг миний бие хайрт аав Лувсандорждоо зориулж бичсэн билээ.
-Хамгийн сүүлд би аавыгаа хаана харлаа, хэзээ харлаа? Хаана? Хэзээ? -Авсан дотор байхад нь... Уншихад хүртэл хатуухан эхлэл байгаа биз?
Амьдрал ийм хатуу. Биш ээ биш, амьдрал биш, харин үнэн гэдэг ийм хатуу. Үнэн. Би тэгэхэд долоон настай байлаа. “Аавыгаа хармаар байна” гэж гуйсанд ээж минь намайг өргөсхийв. Би хар зөнгөөрөө бөхийж, ухасхийн хөдлөөд аавынхаа хацар дээр үнслээ. Аав минь! Үгүй дээ, бурхан минь! Бурхан минь би хэчнээн цочсон гээч! Би тэгэхэд хэчнээн цочсоныг мэдэх үү, та Бурхаан? Үгүй л болов уу даа. Та миний зүрхний цочроог, хамаг биеийн минь хаанаас ч юм бэ түрсэн тэр хүйтэн татвасхийлтыг мэдэрч чадаагүй л болов уу? Аавынхаа дээрээс тонгойн... 

Тийм хүйтэнд би урьд нь хүрч байсангүй. Хүрэх хүрэхдээ халуухан, нялх уруулаараа шүү! Үхэлтэй анх учирсан минь тэр. Долоохон нас. Хав халуун, дулаан, зөөлөн хөнжилд нам унтаж байснаа гэнэт цочин сэрээд хүв хүйтэн ус руу нүцгэн биеэрээ уначих шиг л болж билээ, тэгэхэд. Тэр өдөр л би насанд хүрч, бодлогоширсон, гуниглуу, зөөлөн дуутай, эмзэг, гүнзгий нэгэн болж хувирсан... 

Уг нь миний дотор, тэр долоон настай бяцхан хүний дотор чангаас чанга дуутай, сахилгагүй, дураараа, тогтож ядсан тэмүүлэлтэй, эмэгтэй хүүхдэд ахадсан зоримог зантай, өөдрөг нэгэн бүрэлдэн, нүдээ дөнгөж нээж байсан билээ. Тэр өглөө ээж маань биднийг хар үүрээр сэрээгээд, талийгаачтай салах ёс хийхээр ирэх аймшигтай олон хүнээс (нэг дор тийм олон хүн цугласан байхыг би тэгэхэд анх удаа хараад их эвгүйцсэнсэн) өмнө аав дээр минь биднийг аваачсан юм. Халуун ам бүлээрээ сүүлчийн удаа цугласан нь тэр. 

Ээж минь бусдаас их өөр хүн учраас огт уйлж орилж биднийг айлгасангүй. Бүр ганц ч нулимс унагаагүй юм, би сайн санадаг. Аавын дээрээс чив чимээгүй тонгойх залуухан, үзэсгэлэнтэй ээжийн минь тэр хөдөлгөөнгүй, хөшсөн, цав цагаан царайг би одоо ч мартдаггүй. Тэгэхэд хөдөлж, харж, явж буй атлаа ээж минь үхчихсэн юм шиг, хүв хүйтэн болчихсон атлаа хязгааргүй амгалан төрхтэй аав минь л амьд юм шиг байсан даа. Би үхлийг тэгэхэд л таньсан юм. Ээжийн минь тэр дүр төрх л хожим надаар “Үхэж байгаа нь биш, үлдэж байгаа нь л үхлийг мэдэрдэг.
Тийм ээ, үгүй болж байгаа нь биш, хагацан үлдэж байгаа нь л үхдэг” гэж тэмдэглэлийн дэвтрийн хуудаснаа бичүүлсэн байх аа. Төвд хэлний илт өгүүлэх нэрийн тольд үхлийг “Үзэхийн хязгаар” гэж бичжээ. Гайхалтай хэлсэн байгаа биз? Үзэхийн хязгаар. Хязгааргүй амгалан төрхтэй болчихсон аав минь тэгэхэд энэ ертөнцийд ирээд харсан үзсэнийхээ хязгаарт хүрчихээд бай сан нь тэр аж. 

Бас эцгийнхээ дээрээс тонгойн зогсож асан долоон настай тэр балчир охин үзэж харж болох бүхнийхээ хязгаарт зогсож байжээ. Амьдралыг би тэгэхэд л бүрэн үзчихжээ. Түүнээс хойш үзсэн юм бүхэн зөвхөн тодотгол, тийм ээ, тодотгол. Амьдралын тодотгол, үхлийн тодотгол. Үхэл гэдэг амьдынх нь хувьд нэгэн зүйл атал, үгүй болоочийнх нь хувьд магадгүй огт өөр зүйл билээ. Тэр бол амьдралын “амьдрал биш”-тэй давхцдаг ганцхан цэг. Үзэхийн хязгаар. Үхэл бол амьдрал шиг бас л нэгэн гайхамшиг юм гэж би одоо боддог болоод байгаа.
Гэхдээ энэ л хоёрхон үгээс болоод, “Үзэхийн хязгаар” гэдэг үгээс болоод тэр шүү дээ. Үг ямар гайхамшигтай вэ, ай, үгийг мэдэрч амьдрах гээч хэчнээн гайхалтай ерөөл вэ! Үзэхийн хязгаар. Үүрээр нар мандахыг үзэх, бороон дуслууд газарт шингэхийг үзэх, од цацран цацран харвахыг үзэх, цас түрэн яргуй дэлбээлэхийг үзэх, дөнгөж төрсөн унага хөл дээрээ тэнцэхийг үзэх, цэцгийн ягаахан дэлбээ цэв цэнхэр салхин дотор нисэлдэхийг үзэх, хайртай хүнийхээ хайртай гэж хэлэх нүдийг үзэх, хаанаас ч юм бэ гэнэт намар ирэхийг үзэх... Үзэх, үзэх, үзэх... Үзэх бүхний хязгаар.
Үзсэн бүхний хязгаар. Эцсийн эцэст үхэж үзэх. Амьдралаас эрт буцсан хүмүүс тэгэхээр тэднээс хэдэн хувь илүү наслагсдаасаа ч илүүг үзсэн байх нь. Би урьд нь ингэж бодож байгаагүй юм. Үзэхийн хязгаар. Энэ хоёрхон үг намайг сэрээх шиг болов. Хязгаар гэдэг бол эцэс. Эцэстээ хүрч байж л юм гэдэг эхэлснийхээ утга учрыг гаргана. Ертөнц төгс төгөлдөр. Үүний баталгаа нь амьдрал.

Амьдрал төгс төгөлдөр. Үүний жинхэнэ баталгаа нь үхэл. Аавыг өнгөрөхөөс яг нэг жилийн өмнө. Ээж, аав хоёр галын өрөөний цонхон доорх цэнхэр ширээни хоёр талд өөд өөдөөсөө харан сууна. Аавын өмнө үзэмтэй хайлмаг. Аавын аяганд ээж цай нэмж хийнэ. Аав өмнөх хайлмагаасаа нэг үзэм гараараа авч, ээжийн аманд хийнэ. Тэр хоёр юунд ч юм бэ гэнэт инээлдлээ.

-Та хоёр яагаад инээгээд байгаа юм бэ?
Ээж аав хоёр ахиад л инээлдэв. Би өөрийн эрхгүй дагаж инээв. Гэнэт хаалга тогшлоо. -22-ын (-р байрны) өнөө ногоон дээлтэй өвгөн өнгөрчихөж ээ... Эмгэнийх нь даралт ихсээд… Ач нар нь чамайг сурж байна... Уг нь ч түргэн дуудсан гэнэ л дээ… гэхдээ эмгэн чамайг л асуугаад байна гэнэ...Ерөөсөө хоёулаа хамт ордог юм уу… Ээжийг шивнэх шахуу ийн ярихад аав: -Алив, миний охин аавынхаа чагнуурыг аваад ир! гээд цайгаа орхин үүдний өрөө рүү ухасхийлээ.
Би чагнуурыг нь зүгээр ч авчраад өгчихсөнгүй, хамт явна гэж зүүгдэж, чаргууцалдаж бөөн юм болов. Миний аав хэзээ ч уурлаж байгаагүй юм. Миний дур самжид лав үргэлжийн дөлгөөхөн, уул мэт намдуу аяар тэр л төрхөөрөө үлдсэн билээ.
-Аав нь хурдхан яваад ирье. Миний охин аавынхаа хайлмагны үзмийг түүж идээд сууж бай.
-Үгүй, би хамт явна.
-Болохгүй, аав нь ганцаараа явах ёстой.
-Би хамт явна аа.
-Болохгүй, Бандрууш аа, болохгүй. Цаана чинь хүн бурхан болчихоод байхад... Нэг эмээгийн бие муу байна… Аав нь яаралгүй болохгүй. 

-Ямар бурхан? Юун Бурхан? Бурхан болно гэж яахыг хэлдэг юм бэ?
-Тэнгэр болохыг хэлдэг юм аа.
-Ямар тэнгэр… ийм үү...? (би цонх руу, гэхдээ дээш заав)
-Тэгэлгүй яахав, яг ийм тэнгэр болдог юм.
-Яаж тэнгэр болдог юм бэ?
-Чи бүүр том болоод мэднэ ээ, Бандрууш аа! Даанч бурхан намайг “том” болохыг хүлээсэнгүй. Аавын бодлоор бол “Бүү-үүр том болоод мэдэх” ёстой байсан асуултынхаа хариуг би тэрхэн дороо авсан юм. Жилийн дараа аав минь тэнгэр болоход би тэр яриаг гэнэт санаж, галын өрөөнийхөө цонхны дөрвөлжин цагаан тавцан дээр гарч суугаад тэнгэр рүү ширтэн, өдөржин сууж билээ. Гэвч юу ч олж үзээгүй. Тэнд үүлсээс өөр юу ч байгаагүй.
Миний аав... миний хайртай аав үзэгдээгүй. Тас хар долгиотсон үстэй, цав цагаан шүдтэй, Адарсүрэнгийн дуунуудад дуртай, өндөр, бор, миний аав. Дандаа л юм бичиж суудаг, ганцхан би л өвөрт нь унтдаг, ганган гаансаар тамхи татах дуртай, гурван хурууных нь хумс тамхины утаанд шарласан нь хачин гоё зохисон, суганд нь шургаад хэвтэхэд л өглөө болчихдог… (Аавыгаа өнгөрснөөс хойш ахиж нэг ч удаа тийн нам унтаагүй мэт санагддаг юм).
Өөрөө тэнгэр болоод, охиныхоо асуултын хариу болоод яваад өгсөн миний аав. Аавынхаа хөлсний үнэрийг харин одоо дүрслэн бичиж чадахгүй нь ээ. Яагаад гэвэл тэр үнэр одоо ч миний зүрхний хавьд үнэртдэг болохоор… тэр л үнэр нь надад аавын минь царай төрх, дуу хоолойноос ч илүүтэй үгүйлэгддэг болохоор… би тэр үнэрийг зангиртлаа санаж, хэн хүнээс хайж явдаг болохоор… Тэгээд хэн ч тийм сайхан үнэргүйг нь мэдсэн болохоор… 

-Яаж тэнгэр болдог юм бэ, хүн?
Уг нь би энэ асуултын хариуг мэдэхийг тэгтлээ хүсээгүй юм шүү дээ. “Хүн тэнгэр болоод хувирчихдаг юм аа” гэсэн ч, “Хүн цонх болоод хувирчихдаг юм л даа” гэсэн ч яг таг итгэхээр тийм балчир байлаа. Гэвч, тийм л балчир байхад минь бурхан надтай анх удаа насанд хүрсэн хүний хэмжээнд шууд харьцсан юм даа. Тиймээс би яруу найрагч болсон. Үхэл, тийм ээ, эцгийн минь үхэл намайг яруу найрагч болгосон. Тиймээс би үргэлж “түүнд” талархаж явах болно. 

-Бурхан болно гэж яахыг хэлдэг юм бэ?
-Тэнгэр болохыг хэлдэг юм аа. Хожим, халуун ам бүл минь нэгнээрээ дутаж ханхайхын цагт, тэнгэр өөд харах болгондоо би сайхан аавынхаа хойноос санаж шаналах минь бага ч атугай нимгэрэх юм гэж тэр үед яахин мэдэх билээ дээ. Хүн бурхан болоод тэнгэр болчихдог... Чухам энэ үг л намайг эцгээ санаж бэтгэрэхийн зовлонгоос холуур авч гарсан шиг санагддаг Аав минь тэнгэр.
Би хүүхэд байхдаа, гэхдээ мэдээж ааваас хойш тэнгэр рүү харах дуртай болчихсон юм. Оюутан байхдаа гэнэт холын хараа муудаж, нүдний шил зүүх болоход “Би энэ том хотод ирснээсээ хойш тэнгэр рүү харахаа больчихсон юм байна шүү дээ, тэнгэр рүү харалгүй их удсан юм байна” гэж бодсон удаатай. Бас нүдний шил зүүчихээд толинд анх харуутаа, аав минь бичгийн шар ширээнийхээ ард суух үедээ бор хүрээтэй, том шил зүүдэг байсныг нь гэнэт санаж, тэр жаргалтай дурсамжийг авчирсных нь төлөө, хайртай аавынхаа дүр төрхийг өмнөх толин дотроосоо, өөрөөсөө олж харсныхаа төлөө хараа минь муудсанд үнэнээсээ баярлаж билээ.
Аав минь тэнгэр. Тэр миний дээр байж, үргэлж намайг харж, ажиж байгаа. Яг минийх шиг онигор нүдтэй тэнгэр чимээгүйхэн инээмсэглэж, ивээнгүй ширтэж байгаа. Ширтэж байгааг нь би мэддэг юм шүү. Хэрэв аав минь тэгэхэд надад “Хүн бурхан болоод уу…бүүр байхгүй болчихдог юм аа” гээд хариулчихсан бол яана. Ай, тэгсэн л бол би жинхэнэ өнчрөх байсан юм. Харин тэнгэрийн ачаар би өнчрөөгүй.
Үүлстэй ч юм уу, нартай, аль эсвэл ододтой, хаяагүй гүнтэй, хязгааргүйтэй, жинхэнэ орон зайтай ярилцсаар би сэтгэл зүрхээ хагаслалгүй авч гарсан юм. Байгаа гэсэн бодол намайг аварсан. Байхгүй боловч...Аяа... Харин одоо бол би, чагнуураа аваад ухасхийн гарч байсан аавынхаа тэр насанд хүрэх дөхжээ. Одоо би хэнээс ч, юуны ч тухай асуудаггүй. Би танигдахгүй, мэдэгдэхгүй, ойлгогдохгүй юм бүхнийг бусдаас биш, өөрөөсөө асуудаг болсон. Тэгээд яаж ийгээд өөрөө хариултыг нь олдог. 

Танигдахгүй, мэдэгдэхгүй, ойлгогдохгүй бүхнийг нээхэд минь үг надад тусалдаг юм. Гэхдээ мэдээж, миний өөрийн дотроос л оргилон гардаг тэр үгс. Өөрөө ч би заримдаа надаас гарсан гэдэгт нь эргэлздэг үл таних үгс. Бодвол тэнгэрээс шивнэдэг биз ээ. Одоо би үзгээ аваад тайвнаар дэвтэр рүүгээ тонгойн үүнийг бичиж байна. Үгүй болоочид гэдэг тэнгэр. Харин бид газар. Байгаа, байхгүй хоёр нэгдэж нийлээд энэ ертөнц, энэ амьдрал. Тэнгэр үргэлж газрын зүг ширтээстэй. Газар “тэдний” зүг хандаастай. 

Мөнхийн шүтэлцээ. Үхэл утга зохиолын хамгийн том сэдэв билээ. Үхлийн өмнө ирсэн хүн гэдэг уран зохиолын хамгийн зөрчилтэй дүр. Үхлийн тухай боддоггүй, бодож үзээгүй хүн байдаггүйчлэн, үхлийн тухай бичээгүй зохиолч цөөн. Өөрийн нь амьдралд үхэл хагацал шууд тохиолдоогүй ч үзсэн юм шиг бичиж чаддаг зохиолч олон байдаг нь үнэндээ тун энгийн зүйл юм. Хүн төрөнгүүтээ эхийнхээ хөхийг хайж олоод, үмхээд авдаг шиг тийм л совингоор бид үхлийг мэдэрч зөгнөдөг. Тэгэхээр тэр угаасаа бидний нэгэн хэсэг гэсэн үг ээ. 

Нууцлаг, тайлагдашгүй гэдэг үг үхлийн нэгэн тодорхойлолт юм. Нууцлаг, тайлагдашгүй учраас үхэл философийн хамгийн том асуудал юм гэнэ билээ. Ерөөсөө үхлийн тухай эргэцүүлэл л хүнийг философи руу түлхдэг гэсэн үг ч байдаг юм билээ л дээ. Гуниг, бясалгал, хатуужил, жинхэнэ тэсвэр тэвчээр, гэгээрэл...Тэгэхээр үхэл гэдэг зөвхөн булаан авагч биш байх нь ээ. Тэр бидэнд ямар нэгэн юмыг өгч байдаг. Бид үхлээс суралцдаг байх нь. Үхнэ гэсэн бодол амьдралд бас нэгэн утга учир нэмж, “үхэхээсээ өмнө” гэдэг бодол хүмүүнээр ихийг бүтээлгэдэг. 

Үхлийн тухай бодол бидэнд амьдралыг хайрлахуйд сургаж, цаг хугацааны үнэ цэнэ, түүний аугаа хэмнэлийг олж чагнахад тусладаг. Үхэл та биднийг, хүмүүсийг Эвлэрэхүйд сургадаг. Бид ертөнцөд ирээд жам ёсыг олонтаа зөрчдөг ч зөрчиж чаддаггүй нэг том юм бий. Тэр бол үхэл. Жам ёсны өөр бусад илрэлүүд, өвдөлт, өтлөлтийг хүн бага ч атугай захирч эхлээд байна. Харин үхлийг л захирч чаддаггүй. Тэгэхээр тэр бол жинхэнэ хүч юм. Урлаг утга зохиолын амин сүнс, татах чанар, хязгааргүй шинж нь юундаа байдаг вэ? Хаанаа байдаг вэ? Шинжлэх ухаан бол хийсвэрлэлийг бус, бодитойг хүлээн зөвшөөрдөг. Баримттайг л хүлээн зөвшөөрдөг.


1 comment:

  1. Хамгийн үнэ цэнэтэй сэтгэгдэл төрүүлсэн эсээ байна. Баярлалаа.

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам