Бидний орон зай, бидний бахархал юу билээ.

Би охиноо сургуулиас нь авах ёстой байлаа. Тэгээд л гарах ёстой цагаасаа жаахан эрт гарав. Намарт дуртай болоод л тэр. Намар болохоор л хүн бүхний сэтгэл ямар нэгэн зүйлээсээ хагацаж ядан яг л сүүлчийн навчаа тасарч унахтай зэрэгцэн ирэх жилийн бяцхан нахиагаа зэхэх шиг тийм л нэгэн мэдрэмж гунигтай бас итгэл найдвар тээнэ. Газраар нэг хөглөрөх шаргал навчис, үл мэдэг шарах нарны илч харин алсаас нэгэн дуу аялгуу яагаад ч юм нэг л гунигтай сонсогдоно. Тэр зүг рүү би ойртох тусам чин сэтгэлийн сэтгэлийн өргөл болсон маанийн аялгуу чангарсаар ...


Арав орчим насны таван хүүхэд тойрч суугаад жаахан лаархуу зүйл асаан түүн рүүгээ хамаг анхаарлаа хандуулан алгаа хавсран чин сэтгэлийн угаас орчлон хорвоогоос тасран маань хөгжөөж байлаа.

Тэдний байгаа байдлыг жаал ажиглан зогсохуйд хэн нэгнийх нь хайртай хүн эргэж уулзахгүйгээр одсон аж. Тэгээд л тэд анд найздаа туслахын тулд тэд маань хөгжөөж байгаа нь энэ аж.

Олон хүний урсгал хажуугаар нь урсан өнгөрнө. Би тэр урсгалын нэг нь , хүн бүхэн л хаашаа ч юм яаран алхана.

Аажмаар маанийн дуу сонсогдохоо болилоо. Машины чарлаан, ундууцсан хүмүүс, харин тэр ард нэгэн халуун бүл, нэгэн андын зүрхэнд хурсан гунигийг нимгэлэхээр бяцхан ертөнц үнэн сэтгэлийн угаас намрын салхитай хамт, намрын навчистай хамт, асгарах нулимсаа арчин чин сэтгэлээ өргөсөөр л.

Үнэндээ бидний орон зай, бидний бахархал юу билээ. Бидний бахархал тал нутаг минь, бидний бахархал эх орон минь, бидний бахархал монголын ирээдүй болсон хүүхдүүд шүү дээ.

Гэтэл бид квадрат сэтгэлгээнд хавчигдан их хотоос минь цааш нутаг үгүй хэмээн санадаг болж, бид өөрөө л болж байвал бусдыг бодохоо байж. Би ч гэсэн тэр хар амиа бодож байна.

Харин ядуу ч гэсэн энэ жаалхан халтар жаалуудын зүрх өнөөдөр бие биедээ илч дулаан хайрлан цохилж байна, бие биедээ хайраа зориулан лугшиж байна.

Сайхан цэлгэр талдаа нэг очихсон
Сайхан буурал ижийдээ нэг үнсүүлэхсэн
Санаанаас гардаггүй аавдаа нэг тэврүүлэхсэн
Сэтгэлийн угаасаа эх орон таньдаа хэрэгтэй хүү нь байхсан...

3 comments:

  1. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам