Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Дээрээс бүр дээрээс
Бүхнээс түрүүнд тэрээр өөрийн зургаа зурж эхлэв ээ
Бүжин туулай, мөнгөн хонх
Бяцхан шувуухай, бондгорхон гүзээлзгэнэ
Аясын салхи тэднийг уусган уусган одов оо
Аян замын уртад тэд ингэж гарчээ
Хорвоо дээгүүр нисэн байхдаа
Хонгорхон нэгэн хүүг онцолжээ
Ногоохон эрэг дээр тоглон байгаа
Номтой эрдэмтэй жаал хүү
Насан туршийн амьдралын хичээлээ
Нууцгайхан сурч байгаагаа мэдээгүй байжээ
Сэтгэлд сэрүү татуулан
Сайхан бодол харван ирлээ
Сэмжин үүлсийн наадмыг ажин
Сэргэн баясан догдлон хөөрчээ
Талд буусан адуу мал
Тэнгэрт бэлчих олон дүрс
Сэтгэлд буусан гэрэлт наран
Сэмхэн үлээх бүлээн салхи
Голын усанд хүү тоглоно
Гайхан өндрөөс тэд дуслана
Хоёр дусал нэгдэх агшинд
Хорвоод солонго солонгорон татлаа
Дээрээс бүр дээрээс
Дэндүү тансаг байгаль дэлхий
Дээрээс бүр дээрээс
Догдлон баясах бидний зүрх
Өнгө өнгөөр алаглах хорвоод
Өөр өөрийн зургаа бид зурнаа
Өршөөл хайр сүлэлдсэн будгаа
Өнө мөнхөд ашигласаар л байг ээ
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment