Гэрэл гэгээн дор наманчлан зогслоо

Амьсгалын минь эцсийн мөч ирэхэд
Амьдралд би дэндүү их хайртайгаа ухаарсан юм
Алдрайхан үрсээ ганцаардуулахгүйн тулд л
Амин зүрхнийхээ Бурхантай амь, амьсгалаа нэгтгэсэн юм

Хүслийн хар үүлийг холын холд тонилгоод
Хүүхэн хонгор заяагаа энэрэл нэрээр солиод
Хүний хүнд дурласнаа адис ерөөл болгон
Хүмүүний энэ л орчлондоо ялалтын бөмбөрийг хүсэмжилсэн юм

Надад бүү атаарх даа
Нанжид уудаггүй, найраанд ордоггүй
Нанж вандан хадаг шиг уяхан
Найман түмэн олныхоо буянг хүртэж явна даа
Шөнөжин шаагисан хүйтэн бороо
Шүүдэр орхиод нисэн оджээ
Ширүүхэн дайраад өнгөрсөн амьдрал
Шуугиантайхан хэдий ч нам гүмийг үлдээжээ

Нүдээ аниад сэтгэлээ анирдаад
Гэрэл гэгээн дор наманчлан зогслоо
Гэгээхэн хүсэл минь ариухан байсан юм болохоор
Гэмгүй ээ, гэмгүй чи минь хэмээн Гэгээн дарь эх тэвэрч авсан юм болов уу

Надад бүү атаарх даа
Надад үнэндээ юу ч байхгуй ээ
Надад бүү атаарх даа
Надад үнэндээ юм бүхэн бий
Надад гагцхүү Бурхны амь, амьсгал л бий
Надад гагцхүү итгэл, сэтгэл, мөрөөдөл минь бий

Өглөө бүхэн өр зүрх минь тэсэхүйеэ бэрх өвддөг ч
Өндөр тэнгэрт зурсан үүлэн зургаар нааддаг аа
Үдэш бүхэн харин хайрын далайг хүсэмжлэн хүсэмжлэн
Үй олон оддоос хайртай түүнийгээ л нэхдэг ээ

Алдлах гараа би буулгахгүй ээ
Агаар тэнгэртээ л дүүлэн нисье ээ
Амь амьсгал минь үргэлжилсээр ахуйд
Аз жаргал, хайр, баяр баясгалан ундарсаар л байг ээ

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам