Амьдрал сайхаан...

Би гадаа сууж байна. Тэнгэр цэлмэг шувууд энд тэндгүй хөөцөлдөн нисэцгээнэ. Хэдийгээр хавар өдийд аль эрт ирсэн байх ёстой ч энэ жил өвөл жавраа бидэнд сануулан сануулсаар л байна. Тэртээ тэргүй урин дулаан цаг ирж байгааг мэдэж байгаа учраас жаварт хайруулан ингэж юм бодож суух нь нэг талаар жаргал гэлтэй. Би уншихаар авч гарсан номоо дэлгэтэл завсраас нь нэг цаас уналаа. Түүнийг үзвэл миний тэртээ хориод жилийн өмнөх хүсэл мөрөөдөл минь бичээстэй байв.




Нэг бүрчлэн уншиж үзвэл ихэнх нь биеллээ олжээ. Аз жаргалтай амьдрах тухай захиалгаа эргэн үзэж байна уу даа гэж санагдахаар байлаа. Би тогтуухан нэг бүрчлэн үзэж дуусаад сэтгэл дүүрэн байсан хэдий ч нэг талаар сэтгэл зүрх минь маш их гонсойж байлаа. Учир нь би эмээ өвөөтэйгээ хамт тэднийхээ нутагт очно гэж бичсэн байлаа. Гэтэл энэ олон он жилүүдэд би энэ тухай бүр мартаж дээ. Бодоод бодоод олсонгүй өвөөгийнхөө эмээгийнхээ нутаг ус, уул хангайн нэрийг бас тэднийхээ ярьсан дурдатгалыг. Тэд минь одоо хайгаад хайгаад олдохооргүй миний мэдэхгүй алсын алсад одсон байнам.

...Жилийн жилд нь манай гэрийн хажуугийн цэцэрлэгт хавар бусдаас түрүүлж ирдэгсэн. Жилийн жилд л өвөө минь эмээ минь ямар нэгэн онцгой зүйлийг хийж үр хүүхэд ач гуч биднийгээ баярлуулах гэж хичээдэг, бүр чин сэтгэлээсээ хичээдэг байж билээ. Тэд минь биднийгээ дааруулаагүй юм, өлсгөөгүй, өвтгөөгүй юм шүү дээ. Тэд минь л энэ хорвоод шувууд нисдэг, бас дуулдаг, гол горхи үлгэр шивнэдэг, уул ус түүх хүүрнэдэгийг, тэнгэрийн цахилгаан зарлиг явуулдгийг, тэндээс бороо бас цасаар айлтгал хүмүүн бидэнд ирдэг тухай сургаж, өглөөн нарнаас өмнө босгож , өндөр уул руу хамт гардаг байсийм, үдэш өндөр тэнгэрт гялалзах түг түмэн оддын дууг сонсгож, долоон бурхан одондоо өнө удаан жаргалаа даатган даатган залбиран наманчилахыг заан сургасан буурайнууд минь шүү дээ.

Гэтэл өнөөдөр би хэн болсон байна вэ, аз жаргалтай амьдралдаа ташууран өглөө эртлэн босохоо больжээ, аливааг энэрэн хайрлах нэгдлээ гээн гээж, алтан дэлхийнхээ сонорыг сонсохоо болтлоо дүлийрчээ. Ээ халаг гэж....

Энэ жил хавар ирэхгүй удаад байсны учир нь би тэднийхээ хайрыг мартсанд байсан юм байна шүү дээ. Хорвоо дэлхийд бүтэхгүй зүйл гэж байдаггүй гэж өвөө минь дандаа хэлдэгсэн. “Нүдээ ань сэтгэлээ тольд, нарны гэрэлтэй нэгд, гэрэл гэгээг илч дулааныг өвөөгийнхөө чамайг хайрлах хайр байна гэж бод, хамгаас сайхан цэцэгхэн үр минь хан хорвоод уяран дуулах гэж л ирсэн юм шүү дээ” гээд л яг энэ салхи шиг, яг энэ гэрэл гэгээ шиг та минь шивнэж байсаныг саналаа өвөө минь.

Хорвоог тольдсон цэнхэр тэнгэртээ хүслээ илгээн цайныхаа дээжээрээ цагаан сүүн зам татуулан эмээ минь эх орноо, үр хүүхдүүдээ хамгаалж байсан юм байна, цайлган сэтгэл нь цэлмэг тэнгэр шиг уудам тунгалаг байж шүү дээ. Тэгээд л эмээ минь өөрийн хоолоо шувуудад өгдөг, өрөвдмөөр амьтадыг эвийлэн энхрийлдэг байсан юм байна. Айлын ганцхан охин эмээ минь ах дүү олон байх жаргалыг мөрөөдөн долоон бүрхан од шиг долоон хүүхэд төрүүлж өсгөсөн хэдий ч ач гуч зээ биднийгээ харамгүй хайраараа энхрийлэн өсгөсөн энэрэлтэн билээ.

Манай гэрт их олон амьтан байдаг байсансан. Туулай, чоно, усан хулгана, тоть, загас, нохой байдаг байлаа. Хаяа манай гэрийн цонхоор болжмор, тагтаа орж ирээд эмээгийн аяган дах хоолноос иддэгсэн. Хн бид нар тэр амьтадтай тоглохын тулд салхивчаа хаагаад л хөөж гарна тэр үед эмээ минь “Ядарсан амьтны зүрх нь айснаасаа болоод зогсох вий тэгвэл цаана нь байгаа гэр бүл нь бас санаа нь зовсоор байгаад харангадаж үхдэг юм. Тэнгэрийн амьтан нисэх л гэж ирсэн юм хөөрхийс” гэхийг сонсоод бушуухан цонхоо онгойлгон тэднийг явуулах үед зүрх нь булгилан бүр дэлбэрэх шахан бомболзсон байдаг байж билээ. Тэр их айдас тэр их өрөвдмөөр байдлыг мэдэрснээс хойш амьд амьтнаар тоглож болохгүй харин ч тусалж боломжынхоо хэрээр хоол хүнснээсээ илүүчилдэг болцгоосонсон.

Үнэндээ аливааг хайрлана гэдэг нь заавал би чамайг хайрлаж байна гээд барьж аваад энхрийлэээд байдаггүйг ингэж эмээ минь бидэндээ сургасан юм байна даа. Хайртай байна гэдэг нь аниргүйхэн нам гүмхэн сэтгэлийн гүндээ хайрлаж тэр хайрынхаа илчинд өөрөө ч бас дэлгэрэн гийж гэрэлтдэг нь хорвоогийн нууц юм байна .

Тиймээ эмээ минь, өвөө минь үр нь та нартайгаа хамт зугаалдаг цэцэрлэгт ирлээ. Гэтэл тэнд хаврыг хамгийн эрт авчирсан мод ногоорон нахиагаа дэлгэж байлаа. Тэр бол бидний мод байлаа. Бидний бидний зөвхөн бид л мэдэх тэр модон дээр таны минь хадсан шувууны үүр яг хэвээрээ байлаа. Бид багадаа энэ модоо тойроод л хөөцөлдөж тоглодогсон. Тэр үед шувууд бас л дагаж нисэн нааддагсан . Тэр мод минь яг тэр үеийн шигээ хорин жилийн өмнөх шигээ үзэсгэлэнтэйеэ зогсож байна бас шувууд нь мөчир дээр нь эрхлэн жаргаж байна.

Тиймээ, би оллоо, хайгаад хайгаад байсан хайраа ч бас оллоо, гомдол цөхрөлийн учир шалтгаанаа ч бас оллоо. Одоо үр нь өөрийнхөө үр хүүхдүүдтэйгээ энэ л цэцэрлэгтээ ирэн яг л та нар шигээ орчлон хорвоотойгоо хамт байж хайрын энэрэл нигүүлслийн, нэгдлийн хичээлээ заах болноо, амьдрал намуухан үргэлжилсээр л ..

Одоо та нартайгаа үүрд хамт байх арга ухааныг мэдэж авлаа, үр хүүхдүүд минь ч бас намайг одсоны дараа миний хайрыг үгүйлэн санахдаа яг л над шиг энэ байгаль дэлхийтэйгээ ойр байж сэтгэлээ онгойлгож ухааран саруулжих болно. Өглөө бүхэн гэрэлт наран илчээ өгдөг шиг хүмүүн бидний хайр -энэрэл орчлон хорвоодоо шингэг.

Удахгүй тун удахгүй үр нь та нарынхаа нутагт очноо амлаж байна. Таныхаа байнга ярьдаг байсан тэр хүүхэд насаа өнгөрөөсөн хайрхандаа очно бас таныхаа солонго наадуулан тоглодог булаг шандан дээр очно.Тэгээд таныхаа үр удам сайн сайхан байгааг, таны хайр, итгэл, сэтгэлийн илч гэгээ тань үргэлжлэн гийж байгааг заавал дамжуулнаа амлаж байна.

Өнөөдөр онцгой өдөр, яагаад вэ гэвэл амлалтаа эргэн санасан болохоор, аз жаргалын нууцаа нээсэн болохоор бас аливаа бүхэнтэй нэгдэн сайн сайхан замаар замнахаа мэдэрсэн болохоор сайхан байнаа буурай нар минь. Үр бас та нар шигээ нэгэн өдөр та нар шигээ азай буурай болно тэр цагт энэ хорвоотойгоо улам ээнэгшин нэгдэх байх даа.

Амьдрал сайхаан, аз жаргалын учгаа олон зорилготой амьдрах бүр ч сайхан. Амьдралын аугаа дуулал шувуудын жиргээ шиг, өглөөний нарны гэгээ шиг, үдшийн сэрүүн салхи шиг орчлон хорвоо ертөнцийг холбон хөвөрсөөр л....

2010.04.05 УБ хот

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам