Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
би зүрхэндээ нандигнан нутагтаа хүн дээ...
Өдөржингөө л хэдэн ангаахайнууддаа идэх юм зөөсөөр байгаад эх эцэг ангирууд бүр турсан хэдий ч дандаа л баяр жаргалангаар дүүрэн ганганалдах хэдэн ангаахайнуудынхаа төлөө байдаг хүчээ дайчилсаар л ...
Хэд хоног усан бороотой их хүйтэн хонов. Бороо намссан нэгэн өглөө тэдэн дээр сандран иртэл тэд байдаггүй ээ. Санаа зовон бодлогоширон суух ахуйд хэдэн бүдүүн ангаахайнууд миний хажууд ирцгээсэн байлаа. Миний баярласан гэдэг жигтэйхэн. Атгаж ирсэн боовны үртэснээсээ өглөө. Тэд идэж байна.
Ингээд би энэ хэдэн найз нар дээрээ зав зай гарах бүрийд л ирдэг боллоо. Яагаад ч юм бэ тэдний эцэг эх харагдахгүй байсан тул бүр илүү анхаарах хэрэгтэй хэмээн тэдэн дээр ирж байгаагаа айлынхнаасаа хүртэл нууцлав. Учир нь тэд дэндүү эмзэг санагдсан тул хайрлаж байгаа ухаан минь тэр.
Долоо хоногийн дараа эх нь ирлээ. Турж эцээд далавч нь гэмтсэн байсныг нь чиг барьж боолоо. Эхэндээ эх ангир хэдийгээр дургүй байсан ч ангаахайнууд нь хэдийн ижил дасал болсон байсан тул зөнгөөрөө дотносож эхэллээ.
Сар гаруйн дараа далавч нь ч эдгэж одоо бүдүүн бүдүүн баацганасан амьтад маань жигүүртэн болсон байлаа. Одоо тэд маань намайг ирэх үед нуурын эрэг хавиар эргэлдэн, ус үсчүүлэн тоглоно. Харин явах болсныг минь мэдээд нуурын гүн рүү холдоно.
Удалгүй миний буцах цаг боллоо. Эх нь ч сайжирсан, ангаахайнууд маань одоо бүгд л бие гүйцсэн ангир болсон тул би санаа амар гэрийн зүг жолоо заллаа.
Нутгаас холдох тусам жижгэрэн жижгэрэн нуур маань аяга шиг дараа нь сар шиг тэгээд од шиг жижгэрсээр замхарлаа. Гунигтай л байна. Ганцаараа ганцаараа энэ хорвоог элээж байгаа хичнээн олон хүн байгаа билээ гэтэл ангир шиг олон үр хүүхдээ өсгөн өндийлгөн хүний зэрэгт хүргэнэ гэдэг үнэндээ маш их ачлал аж.
Намайг бага байхад эмээ минь нэгэн домог ярьж өгч билээ. Нэгэн сайхан бүсгүй нутгийнхаа залуутай дэр нэгтгэжээ. Дэндүү сайхан тэдний тухай яриа нутгийн дээс даван амбан захирагчийн чихэнд хүрчихэж гэнэ.
Улаан хамартай намхан ханаж цадахыг мэдэхгүй тэр этгээд бүсгүйг харсан дороо бүх ухаанаа гээн дурлан тачаадан хамаг эрх мэдлээ ашиглан нөхрийг нь хилс хэргээр хол цөлж, бүсгүйг хүчээр авч явжээ.
Тэр цагаас хойш тэр нутгийнхан бүсгүй охин төрвөл зүсийг нь хувирган бүстэй хүүхэд шиг өсгөдөг болж дээ.
Иймээс тэр нутгийн бүсгүйчүүл эр хүн шиг том биетэй хүчирхэг биеэ даасан байдгийн учир тэр юм гэнэ. Харин өнөөх цөллөгөнд байсан залуу нутагтаа оргон ирж уул хадаар тэнэж явсаар бие барахдаа сүрлэг өндөр хайрхандаа сэтгэл зүрх нь шингэж үлдэж гэнэ. Харин бүсгүй амбантай нутгаасаа явах тэр үед самбаачлан оргож яваад нууранд үйж ухсэн юм гэдэг.
Тэр цагаас хойш манай нутгийн нууранд манан буух үеэр шувууд ганганалдан үймж, нуурын мандал далай шиг давалгаалан цалгин, хайрхан уул маань үүний хариуд нь хүнгэнэтэл санаа алддаг болсон юм гэж эмээ минь ярьж байж билээ.
Ард замын тоос босно, харин сэтгэлд нутгийн маань нүдэн нуур ангиртай, хайртай, хүчирхэг шувуудын жигүүртэй, нутгаа гэсэн сэтгэлийн жигүүртэй болон буцлаа.
Тиймээ, охин нь заавал нутагтаа буцаж ирээд сайн сайхан амьдрах болноо. Шувууд нь хүртэл хоргоддог нуураа үгүйлсээр л ирдэг, салхи нь хүртэл нутагтаа л хурган байдаг, миний Монголын баян тансаг бүхэн байгал эх таны агуу Бэлэг аж.
Энэ зун би шинэ хүн болоод явж байна, би зүрхэндээ нандигнадаг нутагтаа нууртай ангиртай хүн дээ...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment