Хязгаарын чанадад нэвтрэхүй

Дээр цагт нэгэн хийдэд хэнд ч үл анзаарагдам нэгэн хүү шавилан суудаг байжээ. Тэрээр хэн хүн бүхэнд мэдэж сурсан мэдлэгийн чанадаас сэтгэлийн угаас гүн их энэрэл нигүүлсэлтэйгээр тусладаг байжээ. Олон жил өөрт ноогдсон үүрэгт ажлаа итгэлтэйгээр хийсээр л байлаа.

Нэгэн удаа


голын эргийн элсэн дээр зам татуулан гүйх бяцхан шоргоолжийг харж л дээ. Тэр шоргоолж ер бусын хурдаар, дэндүү хурдан гүйж байлаа. Түүнийг дагаж явья хэмээн шийдээд нэлээн удаан дагаж гэнэ. Гэтэл мань шоргоолж явсаар байгаад үүрэн дээрээ ирэхдээ нэгэн мэдээтэй ирж л дээ. Түүнийг үүрэндээ орсны дараа бүх шоргоолжнууд үймэлдэн сандралдан үүрнийхээ нүх сүвийг юу ч үгүй битүүлж эхэллээ гэнэ шүү. Хүү жаал ажиглан зогсож байснаа тэдний сандралдан байгаагаас санаа аван бушуухан өндөрлөг газар өөд сандчин гараад удаагүй байтал асар хүчтэй аадар орон, тэр ойр орчим нэлэнхүйдээ усанд автжээ.

Хүү тэр орой хийд дээрээ ирээд өдрийн болсон явдлыг удаан тунгаан сууж гэнэ. Учир нь санаандгүй тэр шоргоолжийг дагаж яваагүй бол үерт урсаж ч мэдэх байснаа бодон гэр орноо бүл олноо хамгаалахаар бараг л нисэх мэт хурдалж байсан шоргоолжны хүч чадлыг бахдан бодлоо.

Гэтэл хүмүүн бид атга будааны төлөө нэгнээ хүний тооноос хасаж адалдаг, алдар нэрийн төлөө худал хуурмагийн дээлийг нөмөрдөг, хар буруу санадаг хэрнээ ариун гэгээнтний дүрд тоглодог, амь насаа бусдын эрх чөлөөгөөр сийхчгүй сольдог гээд л олон зүйлийг бодон, худал хуурмаг амьдралаас холдохын тулд юм үзэж нүд тайлах хэрэгтэй юм байна даа хэмээн бодон нойргүй хоножээ.

Тэгээд багш дээрээ очин би байрнаасаа явах цаг минь иржээ, ертөнцийн учир шалтгааныг өөрийнхөөрөө ольё хэмээн хэлээд бадар хэрэглэлүүдээ аваад аянд гарсан юм байж.

тэрээр элсэн цөлийн ангам халуунд ч, тэсгим хүйтний жаварт ч , сэрүүн үдэш-сэргэлэн үүрээр ч явсаар л байлаа.

Хэдэн жил явсан юм бүү мэд, нэгэн удаа яг анх шоргоолж олж харсан тэр л газраа иржээ. Тэгээд голын усанд тэргүүнээ норгох гээд тонгойхдоо өвгөрч хөгширсөн эцэнхий туранхай амьтныг хараад, өөрийгөө болохыг хүлээн зөвсшөөрөх гэж нэлээн хичээж гэнэ.

Ингээд тэр аян анх эхэлсэн газраа удтал суулаа. Түүний нүднээс нулимс өөрийн эрхгүй зад тавин урсаж байлаа. Энэ олон жилүүдэд юуг ч мэдрэхийг оролдолгүй бадарчин хэмээх нэрээрээ л хоолоо олж идээд л зүгээр л яваад байснаа ойлголоо.

Үнэндээ орчлон хорвоогийн чанадын чанадын баялаг , нууц, учир шалтгаан, эхлэл төгсгөл гээд л юм бүхэн өөрт нь өөрийнх нь гүнд, сэтгэл зүрх дотор байгааг яг энд сууж байхдаа мэдрэн байлаа.

Хатсан навч модноосоо тасран голд унан ургсалд туугдан одохдоо түүний дэмий өнгөрүүлсэн хэтэрхий олон жилийг ч бас аваад явлаа. Нулимстай нүдээрээ голын урсгалыг ширтэн суухдаа хөх тэнгэр, хөхөмдөг гол, хөрст дэлхийн хүйн холбоо хүмүүний өр зүрхэнд байдгийн учгийг олон зүрхэн тарниа давтан давтсаар агуу нэгэн зүрх болон орчлон хорвоодоо гэрэл болон уусан нэгдсэн ажээ...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам