Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Арван алхмын цаана
Харин бид замын хажууд гоёлын зориулалтаар таригдсан болоод тэр үү, хажуугаар өнгөрөх бүхэнд мод гэж хэлэгдэх төдий л үлдэж дээ. Шувууд арван алхмын цаадах модны мөчир дээр сууна, хайрандаа бялхсан хосууд арван алхмын цаадах моддын дор инээлдэнэ.
Харин бид дүнсгэр царайлаад л түмэн машины утаанд хамаг нүх сүвээ хаалгасан болохоор сэтгэл гэж юмыг мэдрэхээ болоод удаж байна. Хорвоогийн баяр гунигийг мэдрэхийг хүссэн ч хөндий хоосон сэтгэл хөөрөн догдлохоо больжээ.
Гагцхүү гэрэл гэгээ, агаар, цас бороо салхи л бидэнд үнэнчээр үлдэн, биднийг эвийлэн энхрийлцгээнэ. Мэдрэх юмсан сайхан хайрын шивнээг, мэдрэх юмсан хөөрхөн шувуудын шулганааг, мэдрэх юмсан өндрийн өндөрт тэмүүлэн ургах бардам саглагар моддын эрч хүчийг, мэдрэх юмсан халуун өвөртөө аливааг хамгаалан хайрлах тэр л энхрийллийг...
Арван алхман цаадах аугаа сүглэгэр моддын баяр бахдалыг хүртэж мэдэрч чадахгүй ч арван алхмын цаадах модод та нартайгаа үндэс язгуураараа нэгдэн гагнагдсан болохооор гадаад байдлаараа гоо төгөлдөр биш ч дотоод ертөнцдөө та нартайгаа нэгдмэл болохийг ухаарлаа.
Өнөөдөр би өмнөхөөсөө илүү гоо үзэсгэлэтэй байна, өнөөдөр би өмнөхөөсөө илүү эрч хүчтэй байна, ирж явна ирж явна мянга мянган болжморын сүрэг. Ирж явна тэд, омог бардам миний мөчир сарвуу дээр буугаад түм бумаараа шулганан шаагилдиг.
Хорвоогийн нэгэн орон зайд царай муутай ч сэтгэл өндөр нэгэн намхан мод шувуудын хайранд бялууран салхинд найгана, миний сэтгэлийн нүд нээгдлээ. миний бусдыг хайрлах хайр аливаа бүхэнтэй нэгдмэл болсноор нээгдлээ.
Өнөөдөр өмнөхөөсөө илүү гэрэл гэгээ наашилж байна, өнөөдөр өмнөхөөсөө илүү өөртөө итгэх итгэл сэтгэл дотор минь асч байна, өнөөдөр би жинхэнэ утгаараа бусдад аз жаргал бэлэглэж байгаа учраас энэ хорвоод оршин буйгий минь үнэнхүү учир шалтгаан тэр ажээ.
Талархалын модод нахиагаа мөнхөд дэлгэрүүлэх болтугай эх дэлхийдээ....
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment