Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Санахын дээдээр санаж байна
Хувь заяа минь, оршин тогтнол минь, хөх тэнгэр алсын алс дахь одод, хөвөлзөх салхи хөрст алтан дэлхий та бүхнээсээ би чин сэтгэлээсээ гуйя. Би хэн юм бэ, би яах гэж ирсэн юм бэ...
...одоо энэ замбуулингийн хаа нэгтээ нэг нь төрж нэг нь үхэж байгаа, нэг газар нь үүр гийж нөгөө газар нь үдэш болж байгаа, хаа нэгтээ хэн нэг нь аз жаргалаар жигүүрлэж байгаа хаа нэгтээ хэн нэг нь хувь заягаа адалж байгаа. Хорвоо та ганц хоёрхон өнгөтэй бус түм буман өнгөнөөс бүрджээ.
тэрээр амьдралыг утга төгөлдөр зурвал уран Бурхан, харин хоосон дэмий сараачвал хий зэрэглээ болох мэтээ...
Санаж байна би Таныгаа
Санаж сарвайх үрээ хайх мэт
Санааны гүнд хадаатай Таныгаа
Санахын дээдээр санаж байна
Олоон олон өдөр
Орчлон хорвоог би сонжин харлаа
Ондоо амьдрал үгүй мэт
Одоо байгаа газраа эргэлдсээр удлаа
Амьд яваагаа би Таниасаа асуулаа
Алдрайхан үр минь урагшил урагшил хэмээн
Ариун мутраараа адис өгөн
Амьдрал минь чамтай хамт чиний дотор хэмээлээ
Хоёр.
Эцсийн амьсгалаа хураахдаа энхрий хатныхаа дурсгалыг гэгээн мэлмийдээ үлдээж, бүлээн салхиар мөнхөд илбэсэн үлгэрийн түүхтэй өнө мөнхийн хайрын шүтээн Аяа аа Таж махал минь.
Хайрлан хайрлавч хүрч үл чадах хайран хайраа бодон гунигласангүй. Амьсгал юугаан амьд тарнид хувилган цэцэглүүлсэн Аяа аугаа Гэгээнтэн та нартаа мөргье.
Амьсгал тань адислал болог
Алив бүхнээ сайн сайханд зориулья
Алхаа минь орчлонд нэмэр болог
Ажил үйлс бүхэн минь дэлхий эх таных байг
Балчир насны мөрөөдөл жигүүр дэвэн одсон ч
Бодол санаагаа би юунд үл гүйцнэм бэ...
Гурав.
Шувууд адил дүүлэн нисэхсэн
Шулуухан энэ л байгаа чигээрээ эрх чөлөөтэй амьдрахсан
Сэтгэлийн минь гүнд жаргалангийн далай цалгилна
Сэрүү татуулан нэгэн хөлөг хөвнөм ...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment