Чиний дүрийг...

Чиний дүрийг санах бүрийд сэтгэл зүсэм өвдөх юм. Энэ нь хүнд хэцүү аян дайнд явахаас ч хэцүү дөнгө аж. Гарт баригдамгүй хүрч боломгүй тийм нэгэн сайхан дурсамж, чиний тухай ярьж ч болохгүй чамтай дахин хэзээ ч таарахгүй байж болох ч юунд миний сэтгэлд чи байнга оршном бэ?

Бодит бус нисэн одсон бүхнийг гартаа барьж, хүрч мэдрэх гээд байдаг хүмүүний энэхүү хүсэл үнэхээр дорой тэнэглэл юм аа. Хэзээ хүн төрөлхтөн ухаажин саруулсах бол хэзээ хүмүүний гаслан энэлэн төгсөх юм бол доо.



Зарим нь мартахын тулд ямар нэгэн зүйлийг хийхийг хамгийн зөв зам гэж үздэг байхад харин зарим нь юу болоод өнгөрснийг зүгээр л хэрэгсэхгүй байхыг чухалчилдаг аж.

За хөөрхий хорвоогийн нэгэн өдөр яг одоо үргэлжилж байна. Бидний нэгэн тоглолт нэг талаар өндөрлөсөн юм бол түүндээ зүгээр л цэг тавья. Хүний амьдралын мөн чанар амьтнаас юугаараа ялгагдах вэ, энэ нь мэдээж хөгжил дэвшил өөд тэмүүлдгээрээ л байх гэж мунхагланам. Гэвч амьтад ч гэсэн басхүү нэг төрлийн төрөлтөн болохоор тэднээр оролдоод яах вэ...

Өнгөрсөн бүхэн хумхийн тоос адил эргэж ирэхгүй нь үнэн гэвээс :

Цаг хугацаанд үл тээртэн хөдөлмөрлөе
Цаашлан одсон мөчийн хойноос нэхэл дагал болдгоо больё
Наашлан ирж буй бүхнийг амжилт болгохын тулд
Нарт энэ`орчлонд яг одоогоор л амьдарч хөдөлмөрлөе

Юуг ч үл хэрэгс, юунд ч үл тээрт
Зөвхөн тэмүүл, тэмц, ялалтын оргил ойртож байнам
Ажилгүй анхиагүй хүн л өнгөрсөнтэйгээ амьдардаг юм бол
Аугаа их боломжийн эзэн байж ангайж суугаад яах бэ...

Сэргэ дээ сэргэ үр минь сэр
Сэрүүн зүднээсээ сэр
Чинийх биш юмны төлөө
Чи үхэн хатан тэмцээд ч хэрэггүй

Орчлон хорвоо уудмын учир
Одоо чи өөрчлөлтийг өөрөөсөө л хий
Сайхан бүхнээ мөрөөдсөн тэмдэглэл нээ
Сарнайн анхилга адил орчлонд чи ариуслаа илгээ

1 comment:

  1. Uram zorig hairlasan saihan muruud chin, uyamga shulgiin badag bolon nartad irlee duu mini...

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам