Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Нэгэн үлгэр
Олон мянган жилийн өмнө аливаа хүн яах ёстойг болон ямар хугацаанд, юу юу хийх ёстойг нь нэг бүрчлэн бичсэн өөр өөрийн ном - данстай төрдөг байж л дээ.
Эхэндээ бүх зүйл номд заасны дагуу явж байлаа. Хорвоо ертөнц хөгжил цэцэглэлд умбаж, шувууд жиргэх бүү хэл өвс ногоо, шүүдэрийн дуслууд ч дуулах лугаа жаргаж байв гэнэ.
Гэтэл хүн гэдэг амьтаны сониуч зан улам бүр ихэссээр өрөөлийн юманд ч шунан тэмүүлж эхэлжээ.
Тэгээд салхи шиг тогтворгүй болж, өөрт таалагдсан бүхэн рүү үсчин гүйсээр л байж.
Түүний шунал хүсэлд хязгаар гэж байсангүй. Улам улмаар шунан зам мөрөө алдасаар байлаа. Нөгөө ном-дансыг нь барих үүрэг хүлээсэн нэгэнбээр, хүнд яaх ёстойг нь яаж ч хэлээд, гуйж гувшаад нэмэр тусыг эс олов. Эхэн үед хүний ааш аяг бүхэнд нийцүүлэн нөгөөх ном-дансанд бичээстэй бүхнийг баллуурдаад л дахин шинээр бичээд л байж. Тэгээд нэг харсан чинь жинхэнэ эх номонд бичээстэй байсан бүхэн огт өөр утгатай болж хувирчээ.
Цөхрөл гунигт автсан данс хөтлөгч, "би хүмүүн төрөлтөний дансыг хөтлөж зам мөрийг нь зааж чадахаа болилоо!" гээд навсайсан, баллаж сохолсон данс бичиг, бас нэгэн гэрээслэл үлдээгээд эргэж харалгүй харван оджээ.
Тэр гэрээслэлд нь:"Үүрийн туяаг өглөө бүр ажиж, харанхуй ухаанаа, амьдрал - оршихуйгаа Гэрэл гэгээ - Сансрын амьсгалтай нэгтгэх аваас үнэн зам мөрөө олох болно" гэсэн байжээ.
Тэр цагаас хойш гэрэл гэгээг-амь амьсгалаа болгож шүтсэн хэн бүхэн ариусан гэгээрч, ухаажин хөгжих замаа олдог болсон гэнээ. ...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
Тэр цагаас хойш гэрэл гэгээг-амь амьсгалаа болгож шүтсэн хэн бүхэн ариусан гэгээрч, ухаажин хөгжих замаа олдог болсон гэнээ.
ReplyDelete