Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Анхилга
Зах хязгааргүй орчлонг ариухан цэцэгс чимнэ. Харин тэр үзэсгэлэнт цэцэгс бол бид юм шүү дээ. Тийм ч учраас бид өдөр бүр яг л цэцэг шиг шинээр дэлгэрдэг бас сэргэдэг.
Хавар ер нь хүний сэтгэлийг сайхан сайхан гэрэл гэгээтэй зүйл рүү замчилахыг хичээдэг гэлтэй. Хүн бүр л ариун нандин дурсамжаа хаврын хаварт сэргээн хаврын хонгор салхитай хамт эрхэмлэн нандигнадаг билээ.
Дээш өндрийн өндөрт урган өндийх шинэ ногооны анхны навч гэрэл гэгээ өөд тэмүүлдэг шиг бид бүхэн байгаль эхтэйгээ хамт дахин хавар л дахин амилдаг аж.
өнөөдөр би өөрөө өөрөөсөө алслан одном. Шинэхэн орох цас, сэвшээ хонгор салхи, нахиагаа чагнах модод, дээврээс гоожих усны дусал, шувуудын жиргээ, хүүхдийн инээд хөөр энэ бүхэн хаврын амьсгал.
Сайн сайхан учрал минь урд минь яг одоо бүү хөндөлс.
Яг энэ ариухан шинэхэн нахиа шиг сэтгэлд минь мөнхрөн үлдэн цэцэглэн агуу том хайрын итгэлийн мод болон борооноор ч цаснаар ч өр зүрхэнд минь цэцэглэн цэцэглэн үлд дээ.
салхины аясаар навчис сэржигнэнэ,
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
Сайн уу? гайхалтай сайхан мэдэрч бичиж ээ.
ReplyDeleteбаярлалаа. чамаар сонин сайхан юу байна даа. эх оронд минь одоо хавар ирж байна, хавар өөрөө ариухан байдаг болоод тэр үү сайн сайхан мөрөөдлийг бэлэглэх юм даа. Нээрээ хавар хүний хүсэл мөрөөдлийг биелүүлдэг шидтэйсэн бол энэ хорвоо дээр хичнээн сайхан сайхан олон зүйл болох байсан бол...
ReplyDeleteБид хүнд хэцүү байлаа ч эцсийн мөчийг хүртэл амьдралын төлөө, өөрийн итгэл үнэмшил, хайртай бүхнийхээ төлөө яг л хавар шиг чин үнэнч тэмцэгч даруухан анд түшиг байхсан...
баярлалаа анд минь