Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
түүх таниас надаас эхэлдэг
...Саарал ордны баруун хаалгаар нэгэн өндөр хүн гарч ирээд Улс төрийн товчоо бүрэн эрхээрээ огцорч байна гэж хэлэхдээ асар их хайр шингэж хэлж байгааг нь тухайн үедээ мэдэрч уйлж байж билээ. Одоо ч гэсэн тэр үеийг маш сайн санаж байна.
Хаврын урьтай зэрэгцэн өвлийн жавар тачигнаж хаварт халаагаа өгөхгүй шуурч байсан тэр үед хатуу хөлдүү цемэнтэн дээр эсгий дэвсэн эвхдэг ороор салхи жавраа хаан суусан тэдгээр Залуучууд бол мөнх тэнгэрийн дор Монголынхоо төлөө цохилсон зүрхтэй улс байлаа.
Тэр цаг үеийн төр бол жинхэнээсээ улс эх орныхоо төлөө ажиллаж чадаж байсан жинхэнэ Монгол баатрууд нь байв. Учир нь Хааны алба халаатай эзний алба ээлжтэй гэдгийг мэдэж байсан хүчирхэг эх орончид байж дээ. Одоо ийм эх оронч зүрх гаргах нэгээхэн ч хүн алга болж. Зөвхөн амин хувиа бодон үржүүлэхийн хүрдтэй үнэнчээр андалж.
...Хориод жилийн өмнө бид байнгийн айдас хардлаган дунд амьдарч байсан мэт боловч тэр үед монголоо монгол чигээр нь авч үлдэх цорын ганц зөв зам байсан байж болох юм. Хувь хүний ертөнцийг үзэх үзэл тэр битгий хэл явах гишгэх мөр нь хүртэл ил тод байсан тэр цаг дор харин ч Монгол эх орон, газар нутаг минь тайван амгалан байсан юм биш байгаа даа.
Өнөөдрийн өндөрлөгөөс харахад тухайн үед гарган дэвшүүлж байсан шаардлагууд бүгд шахуу эсрэгээрээ болсон байх юм, тэрээр ардчилалыг эхлүүлсэн тэд өөрсдөө тэрхүү үзэл баримтлалаа уландаа гишгэсэн, хэдхэн хүний хувийн мэдэлд шилжин, төр тэр чигээрээ олигархуудын гарт баригдаж, улс орныг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн шатар тоглох болсон нь ардчиллын салхины чигийг, түүхийг хэдий нь гуйвуулж ганхуулсаар байна.
Саваа бэлдээд саалиа хураа гэдэгсэн биш билүү. Энэ бол их утга учиртай үг гэж бодож байна. Томоор сэтгэсэн ч багаар сэтгэсэн ч гэсэн хэрхэн аж төрөх, амьдрал ахуйгаа залж чиглүүлэхийг төрд ч иргэнд ч хэлсэн гэлтэй. Хэдхэн сая хүн амтай, өргөн дэлгэр газар нутагтай, байгалийн асар их баялагтай, оюуны асар өндөр чадавхитай Монгол хүн өнөөдөр хаачив.
Яагаад эхэлсэн үйл хэрэг хэн нэгэн олигархуудын мэдэлд шилжин, ард олны зовлонгоор жаргах болов. Хаана байна тэр ардчилал. Өнөөдөр эргээд хуучин тогтолцооны зарим зөвийг нь эргэн санагалзаж байна.
Салхи зөв салхилж байж л урин дулаан цаг жам ёсоороо ирдгийн адил өнөөдөр салхи биш бүр аадар бороо, үер хэрэгтэй байна Монголын төрд.
Хэдийгээр хэзээ нэг цагт салхи зөв чигт салхилах нь ойлгомжтой ч алдаанаасаа суралцаж нийгмийн болж бүтэж байгаа сайн чиг баримтлалыг үлдээн түүн дээрээ тулгуурлан өндийх нь зүй юм.
Бидний ардчилал нэрийн дор өнгөрүүлсэн цаг мөч бүхэнд хүүхэд өлсөж даарч байна, өвгөд эмгэд маань эзэнгүй хэрэггүй гэж адлагдаж байна, мөнгөгүй л бол мянган сайн хүн ч хэн ч биш болж хүн чанартай төрсөндөө өөрийгөө адлаж байна, мөр бүтэн үлдэхийн тулд зарим нь бие эрхтэнээ арилжиж байна, олон сайхан залуус эх орноосоо дайжиж байна, оронд нь хазгай хэлтэн охид нялхасыг эзэгнэж байна, эх болсон газар шороо ариун гол мөрөн амьсгалах агаарыг хайгаад хайгаад олдохоо байлаа, болж байгаа ганц зүйл нь хагартлаа баяжсан хүмүүс бүсдыгаа хог шаар гэж хардаг болж.
Монголын түүх хорин жилээр хязгаарлагдахгүй мөнхөд үргэлжилнэ, үргэлжилсээр л байх болно. Иймийн учир яг одоо зөв тийш нь Монголын түүхийг залахын тулд хувь хүн бүр нийгмийн эд эс гэдгээ ухааран зөв шийдэлд хүрэхийн тулд, зөв замаар замнахын тулд чин сэтгэлээсээ хичээн зүтгэх шаардлагатай байна, төрийн бодлогыг барь гэж бид өөрсдөө эрх мэдлийг өгсөн болохоор эргэж хариуцлага тооцдог тогтолцоог гаргаж ирэх цаг нь болсон байна. Бидний эрх чөлөөгүй байгаад, монголын нийгмийн буруу бүхэн бидэнд ч бас хамаатай тул нийгмийн эд эс болсон Та зөв сэтгэж ухаарах цаг иржээ.
Бидэнд тэнгэрээс гэрэл гэгээ амьсгалах агаар мөч бүхэнд ирж байх цаг дор өөр юу хэрэгтэй гэж, бүх зүйл байгаа бус уу. Гагцхүү түүх таниас надаас эхэлдэг эх орон өргөө гэрт тань үргэлжилж улбаалдаг энгийн үнэнд шүтэн барилдмуй.
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment