Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Намуухан аялгуу хөвөрсөөр л...
Гадаа цас орж байна. Харин сэтгэл хэн нэгнийг үгүйлэн үгүйлэн бэдэрнэ. Ариухан цав цагаахан цас алгуурхан доошилсоор алган дээр минь буухдаа хайлан оддог шиг бидний сэтгэлээс хайртай юм бүхэн маань цаг хугацааны эрхээр замхран одох юм даа.
Өнөөдөр би сэтгэлийн гүнээсээ бүхнийг эрэн эрэн байнам. Хамгийн эхэнд эмээ өвөөгөө эрлээ, тэдний минь хэлж сургаж байсан үгс өнөөдөр миний амьдралд билэг ерөөл болон биеллээ олон охин нь сайн сайхан амьдарч байнаа буурай нар минь.
Хаврын хаварт илч дулаантай уралдан ирдэг энхрийхэн янаг чамайгаа өр зүрхнээсээ хайлаа. Цаг хугацааны шалгуурт бөхийж гандаагүй хайрын цэцэг маань өнөөдөр талархалын аугаа цэцэрлэгт хүрээлэн болжээ. Мөч бүхэнд цэцгийн далайд умбан хором бүхэнд хайр жаргалангаар жиргэх шувуу адил гэнэн томоогүй миний хайр гэмгүйхэн чамайгаа олон удаа хүлээдэг ч бурууг чамдаа тохолгүй өнгөрөн одсон басхүү золгон айсуй бүхэнд хайраа өргөнөм.
Мөнхөд залуугаараа хайрын өмнө орчлонгийн бүхий л учрал найр тавин найрснам.
Алсын алсаас ирэх зам харгуйг ширтэн босоо Бурхадад хувилсан эх орон минь та дүнхийн дүнхийх цасан дундаас дуугүйхэн нэгнийг сэтгэлдээ шивнэх шиг дүнсийн хүглийнэм.
Харж хайрладаг, харамлаж нялхардаг хайртай бүгд нь харьд одон холдоод удлаа. Хэзээ ч юм яг өнөөдөр будран буй их цас шиг эх орондоо эргээд ирэх л юм шиг сэтгэл нь гэгэлзэн самсай нь шархиран, өргөө гэртээ ороод л ирэх юм шиг хүлээсээр олон хавар, намрыг элээсэн ч сэтгэлийн гүн дэх горьдлого нь барагдахгүй сэм сэмхэн нулимсаа шудран харуулдсаар л ...
Сайхан гэхэд дэндүү сайхан сэтгэлийн аргамжаа минь эх нутаг минь чиний өмнө би түмэнтэй буруутай ч энгэрт минь эрхэлж өссөн эрх нялх үрээ өмөөрсөөр өнхөрөх нь дээ яасан хатуу орчлон бэ...
Цас лавсан орсоор л...
Удахгүй яргуй дэлгэрнэ, удахгуй чи минь ирээсэй, удахгүй, удахгүй,удахгүй хүлээсэн бүхэн хайраа аваасай, хүссэн бүхэн хүслээ биелүүлээсэй...
удахгүй удахгүй удахгүй....
сэтгэл дундуур намуухан аялгуу хөвөрнөм...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment