Үзэмж төгөлдөр үүлсийн гүнээс



Үзэмж төгөлдөр үүлсийн гүнээс өнгө өнгийн гэрэлт бяцхан үүлс үржихүйд гараа алдлан тэнгэр ширтэх мянга мянган Хүүхэд-Бүрхадын мэлмийд мөрөөдлийн орных нь хаалга өөд гэрэл гэгээ дуун аялгууны дундах мөнгөлөг солонго замчилваа.

Сэтгэлийн жигүүрээ дэлгэн хурдлах сэргэлэн багачуудын араас сэтгэл зүрхээрээ байдаг хэн бүхэн хамтдаа нисэн дүүлэхүйд алс хязгаарын чанадаас аялгуу дуу дуурсан алаг энэхэн дэлхийд минь ариуслын, энэрлийн гэрэл түгэн түглээ өнөөдөр.



Гэрэл гэгээн дундах мөрөөдлийн ертөнцдөө мөнхөд үлдэхийг хүссэн ч гэгээн гэртэй гэрэл нь болохоор ирсэн юм, гал голомттоо эзэн суухаар тэнгэрээс томилогдон ирсэн юм тэд.

Инээдтэй нь хамт энхжин дэлгэрдэгийг та мэдэх үү, итгэлтэй нь хамт амьдрал батждагийг та мэдэх үү, ижий ааваа хайрлах хайртай нь хамт энэ орчлонд ариусал баяр жаргалан ирдэгийг та мэдэх үү. Тэнгэрлэг гэгээхэн тэднийг зүгээр л тэвэрч ав, хэмжээлшгүйгээр хайрла үрсээ.

Үүрийн гэгээний алтан цацрагтай хамт өвөр дээр минь эрхэлж ирсэн балчирхан үр минь өдөр бүхэн сэтгэл өөд минь баясан мишээдэг болохоор, үдшийн олон ододтой хамт хязгааргүй гэнэн өгөөмөр хайраа бидэнд шингээдэг болохоор л өр зүрхэнд минь богтлоотой энхрийхэн үр чамайгаа эх дэлхий ээж нь мөнхөд хайрладаг аж.

Аз жаргалыг холоос хайх хэрэггүй ээ аз жаргал энгэрт чинь байна, амьдралын дуулал дэргэд чинь дуурсан үргэлжилж байхад амьд мөрөөдөл яг одоо үлгэрээ туурвисаар л....

Аз жаргал, баяр жаргалан, итгэл найдвар, гэрэл гэгээ бидэнтэй өдөр бүр байдаг болохоор бид жаргалтай байдгийн нууц юм байна...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам