Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
сайн байна уу
... Ер нь эрх чөлөө гэж юу вэ, хүн болгоны хувьд эрх чөлөө хэмээх ойлголт, үзэл баримтлал өөр өөр байна л даа. Мэдээж хүн бүр өсөж төрсөн орчин, хувийн зан чанар гээд л бүх зүйлээрээ өөр байж болох ч биднийг гагцхүү эх орноо, монголоо гэсэн сэтгэл холбон, хатсан сэтгэлийг минь дэвтээж, зангирсан нулимсыг маань арчиж өгдөг байж болох юм.
Би зүгээр л сэтгэлээ таньд нээх гэсэн юм шүү. Яг одоо би асгаран уйлж байна, яагаад хүн нэг бүр өөрөө л сайн сайхан байгаа бол сэтгэл нь ханана вэ. Бид хэдийдээ ийм болоо вэ, ийм өнө эртний түүхтэй Монгол угсаатан бид энэ хүнд хэцүү үед яагаад зөвхөн амин хувиа бодно вэ.
Өнөөдөр мянга мянган хүүхэд хүнд өвчнөөр өвдөн шаналж байна. Тэд энэ хорвоо дээр ирэхдээ монголынхоо цэлгэр уудам тал нутагт гүйх гэж, инээж дуулах гэж, солонго хараад баясан хөөрөх гэж ирцгээсэн гэмгүй Бурхад шүү дээ. Гэтэл тэд одоо зүгээр л эмнэлгийн төмөр орон дээр цагаан тааз ширтэн өнөө маргаашаа хүлээн, хүйтэн хөлөө эцэг эхдээ бариулан хэвтэж байна.
Цахилгаан тасрах бүрд тэд үхдэг, чимээгүйхэн биднээс холдсоор л байна. Яагаад ийм тавилантай байх ёстой гэж, яагаад.
... монголын зарим хүүхэд өвлийн хүйтнээс, Улаанбаатарын энэ их утаа майгаас зугтан гадаадад өвөлжиж байна. Боломжтой энэ хүмүүсийг буруутгах гээгүй юм шүү. Харин Монголоос зугтах, Монголоо зүхэх энэ ядуу сэтгэлээг л монголын хүн нэг бүр өөрчлөхийн төлөө байгаасаа гэж бодсон юм.
Бид үнэндээ ядраагүй ээ, харин бид задарч байна, маш хурдтай Монголд задрал явагдаж байна. Яг л эд эс үржих мэт Монгол задарч байна, хэн дуртай нь Монголыг муулж байна, төрөө дээдлэх гэтэл төр нь ард түмнээ мөлжиж байна, Монгол ийм ч болчих гэж ийм ч байгаагүйсэн гэж халаглаж байна, гадаадын аль нэг баян улс авбал таарна гэмээн бурж байна.
Монголын юм бүхэн үнэүй болж байна, монголоо муулж байгаа хүмүүсийн арга ядаж байгааг нь мэдэж байгаа хэдий ч тэдэнтэй тэрсэлдмээр байна. Бид монголын төлөө, монголынхоо төлөө зүрх минь цохилохгүй юм бол хэн хэзээ цохилох вэ, хэн хэзээ монголоо хайрлах вэ,
Бидэнд бидний гэх зүйл байхгүй болчихбол биднийг хэн гэх вэ, Монгол хэмээх нэр, монгол хэмээх юм бүхэн, монгол хэмээх арга ухаан, ёс заншил, дуу хуур, монгол хэмээх хүн чанар, мөс хайлсаар байх юм гэж үү.
Монголын яг одоогийн чөдөр тушаа, монголын хөгжлийг, монголыг монгол биш болгож байгаа зүйл буруу тогтолцоо, буруу удирдлага гэвэл дараагийн буруу эргэлт давтагдахаас өмнө тэр сонгууль гээчийг зөв болгомоор байна, хууль цаазыг монголын төлөө, монголын ард түмний эрх ашигт нийцсэн, монгол хүн амьд явах амьдрах ажиллах орчинг нь бүрдүүлмээр байна. Төр нь төр шиг байвал ард түмэн маань төрөө дээдлэн миний монгол цэцэглэн хөгжинө буй за.
... Яг одоо би уйлж байна, Монголоо гэсэндээ уйлж байна, чимээгүйхэн биднээс одож буй нялх хүүхдүүдтэйгээ хамт уйлж байна, амьсгалах агаарыг минь авч одох арчаагүй хүмүүсийн бардам сэтгэлтний зүрхийг зүсэн уйлж байна.
Үнэндээ асгарах нулимс нь хатан гарахаа боливол яах вэ, агуу монгол нутаг минь хэнийх ч биш хатсан элсэн цөл болвол яах вэ, монгол гэсэн юм бүхэн маань харьд одвол яах вэ, Монголын төлөө гэсэн сэтгэл бүхэн бөхвөл яах вэ....
Яг одоо дүү нь уйлж байна, монголоо хамтдаа аварья, монголын төлөө хамтдаа цохилох элэг нэгт ахан дүүс минь ээ Монголдоо та хэрэгтэй байхад өөрийн чадах чинэгээрээ дуу хоолойгоо нэгтгье, монголын төрийг барилцах багана нь, унь нь, хана нь, туурга нь болсон ард түмэн минь туурга тусгаар Монгол улсаа , их өргөө гэрээ шинээр барин төвхнүүлье.
Эрх чөлөө гэдэг бол Эх орон байх ёстой
Эрх чөлөө гэдэг бол Монголын төлөө цохилох зүрх бүхэн байх ёстой
Эрх чөлөө гэдэг бол Монголын юм бүхэн байх ёстой
Эрх чөлөө гэдэг бол Монгол хүн Монголоороо байхад оршном
/Мөнх хөх тэнгэрээ ширтэн, Монголынхоо төлөө цохилох хүн бүхэнд зориулав/
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment