Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Гэрлэн цэцэгс бүжнэм
Тиймээ хайр үнэхээр сайхан. Хайртай гэдэг үгээ бид эжии аавдаа, эх орондоо, үр ачдаа, хайртаа бүхэндээ харамгүй хэлдэг. Хэлээд л байгаа хэрнээ улам олон удаа хэлмээр энхрийлмээр, хайрламаар эвийлмээр байх нь гайхалтай.
Сайхан сайхан амьдрал өөрөө сайхан. Хичээгээд л мэрийгээд л байна. Хүндлэл дээдлэл, энэрэл эгээрэл, ухаарал энхрийлэл энэ бүхэн хайрын анд нөхөд.
Шинэ он айсуй.
Ухаарал эгээрлийг улам илүү ойртуулдаг болохоор л хүмүүн бид шинэ онд хайртай. Ухаажин саруулсахын тулд урамшиж жавхаажихын тулд бусдаас онцлон шинэ гэж нэрийдсэн буй за.
Өчигдөрхөн саарал байсан хөндий өнөөдөр цав цагаахан цасаар битүү бүрхэгджээ. Өвлийн тэсгим хүйтэнд үл ажран цасан ширхэг гялалзан гялтганана. Ирээч ирээч илээч илээч гэх шиг уур манан савсуулан дээш хөөрөн дэгдэнэ.
Энэ бол миний бидний амьдралын талбар, юу төлөвлөж, юу бүтээн байгуулж, ямархан хувь тавилантай яаж амьдрахаа та одоо шийд. Яагаад гэвэл эх дэлхий минь нэгээхэн зайд энхжингийн орны агуу уудам орон зай байдгийм.
Үлгэр домог мэт түүхүүдтэй, үүлэнд хүрсэн өндөрлөгүүдтэй, элэгдэн жаргасан элсэн далайтай, цэвэр цэнгэг устай, цэнгэлийн далай, оюуны билигт хүрсэн, цэнхэртэн харагдах миний эх оронг Бурханы буудалласан буянт нутаг гэдгийм.
Энэ л эх орны минь өндөрлөгүүдтэй, энэ л эх нутгийн минь агаар ус, амьсгал амьтай хүйгээр холбогдон хүүрнэн ярилцахыг зуун зууны Бурхад зүйрлэшгүй ихээр хүсдэг юм гэнэ лээ.
… Улиран өнгөрөх цаг хугацааны уртад зүрх сэтгэлээрээ хамтдаа байсанд тань таларханам хайртай бүхэн минь.
Дурсамж болон одсон цаг хугацаа та баяр баясал, харуусал гуниглал бүхнийг минь тээн одсонсон. Одоо дэргэд минь үгүй ч миний нэгээхэн хэсэг байсан, байгаа тэр нэгэн танидаа ч бас таларханам. Та минь, чи минь байсан учраас л баяр баясгалан, инээд хөөр минь утга учиртай байсийм.
Хөтлөлцөн алхаж байсан тэр зөрөг, хүүрнэлдэн сууж байсан тэр сандал, хөөрхийлөн хайрлаж байсан тэр л яриа дурсамжтай минь хамт намуухан анирласан ч зүрхний минь гүнд хадаатай цуурайтан байнам.
Аяа хүмүүн бид юуны учир хайрлаад л, энхрийлээд л байгаа нь хайрын нууц байнам. Зүрхэнд минь, нүдэнд минь, итгэлд минь, зүтгэлд минь хайр чи зүйрлэшгүй их эрхтэй болохоороо л ундран гарах рашаан лугаа уянга эгшиг болон хорвоодоо дуурснам.
Таларханам, таларханам, хайртай бүхэндээ таларханам. Харам үгүй хайраа өнөөдөр л хан хорвоод шинэ он гэж хэлэгдэх тэр мөчөөс урьтан хэлэхийг хүсэж байна.
Нандин дурсамж, энэрэл хайрын дээд нь байсан таньдаа, чамдаа мөнхөд таларханам.
Аяа танд ч бас талархая. Хайртай бүхнийг минь харамгүй өгсөн эх дэлхий, ээж аав, хайр энэрлийн дээд та бүхэндээ таларханам.
Одоо гэдэг энэ цаг одон холдохоос өмнө омогшин хайраа илчилье бие биедээ.
…Шинэ оны анхны өдөр айсуй. Шинэ өдрийн өглөөн наран мандлаа. Уулын цаанаас алтан шаргал туяа татаж байна. Уудам эх оронд минь, эх дэлхийд минь, өр зүрхэнд минь итгэл найдвар, инээд хөөр, баяр жаргалан, хайр энхрийлэл та алтан нарны цацрагтай хамт, амин нарны илчтэй хамт атганд нь алиман зүрхэнд минь шингэж байна.
Наманчлан би мөргөнөм, Сүслэн би залбирнам. Нандигнан би хүслээ илгээнэм. Гэрэл гэгээ өөд тэмүүлэн шинэ итгэл найдвар, шинэ амжилт бүтээл, шинэ эрч хүч, шинэ хайр энэрэл, шинэ шинэ бүхнийг шинэ оны шинэ өглөө өгч байнам.
Нүдээ алгуурхан нээн гараа би жигүүрлэн нисэх шувууд адил алдаллаа. Салхи үлээж байна, жавар хайран салхилан байна. Харин сэтгэлд минь илч, итгэл буцалнам.
Гялалзан гялтганах цасан цагаан далай, цэнхэртэн мэлмэрэх цэлмэг хөх тэнгэр, тэнгэр газрыг холбон би нисэн дүүлэх Бурхан-Хүн-Шувуу ажээ.
Энэ л хорвоодоо би ууснам. Эвийлэн хайрладаг, энэрэн нигүүлсдэг энхрий хайртай бүхэн минь энд мөнхөд шившээстэй би сэтгэлийн гүндээ шинээр төрж байнам.
Тиймээ баярлалаа, баяр бахадлын дээдийг, омогшил бахадлын дээдийг мэдрэн, байнам. Амьд явах ямар сайхан юм бэ, сайхан байнаа.
Гэрэл гэгээ та өчүүхэн өчүүхэн галаар гагнагджээ. Гэрлэн цэцэгс доош буун гэрэл гэгээг орчлонд тунхаглаж байна. Шинэ он гарлаа.
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
bi shine onii anhnii udriin uuriin tuyag harah durtai baidag yum l daa. tegeed l ter yeiin setgegdelee ta nartaigaa huvaaltsahiig hyslee. yagaad ch yum shine onii ehnii udriin anhnii uuriin gegee id shidiin gemeer ontsgoi baidag. tiim bolohoor ta ch gesen ene muchiig zaaval haraarai. tegeed erch huchteigeer bayar bayasgalantaigaar 2010 onii udur buhen az jargalaar jiguurlen jiguurlen baih boltugai. ungursun mush buhend hamt baij setgeliin yram ygch baisan ta nartai baigaadaa bayartai baidag yum shuu and mini
ReplyDeleteHamgiin sain saihan buhniig husye. Shine ond bugd setgel hangaluun baih boltugai.
ReplyDeletezarim hair buur "hairaad" baih yumaa he he. Ih saihan bichleg oruuljee.
ReplyDeleteHair bol yertontsiin hamgiin gaihamshigtai chanar, tuuniig yu yum bol gej bodohyin orond hairlah yumaa l hairlah heregtei. Tegeed l guitsee!
ReplyDelete