Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Өвгөн андын минь сүнс
Өнөө миний өмнө ирлээ
Өвдөг нь чичрэн нулимс нь хатжээ
Тэрээр
Эцэг эхээс өвлөсөн уул хайрханаа бэдрэн
Элэг дэлүүгээрээ мөлхсөн ч эх орноо таньсангүй гэнэ
Эжий буурал хангай нь, элсэн буурал аав нь
Энд одоо алга , би хаана ирсэн юм бэ хэмээн надаас асуулаа
Талын чоно, уулын бүргэд, хангай согоо нь өнчирчээ
Хаа саагүй гаслах энэлэн шаналан хааны орноос нь авчирсан гэнэ
Тэртээх тэнгэрт харууслын дуулал сонсогдоод
Халгин цалгих агаар харанга дэлдэн босоо тарнид хувилсан гэнэ
Өршөөл эрэн мөлхөх эх орноо яалтай
Өргөл барьц бадарлах бодлого шугамыг яалтай
Өөрөө хоолтой ч бусдын хоолыг булаагчийг яалтай
Өнө мөнхийн тавиланд завсар орсонд яалтай
Өнөөдрөөс эхлэн өвгөн миний сүнс
Хөх толботой хүн бүхний зүрхэнд нэвтэрснийг дуулга хэмээлээ
Өнчин ишиг ч өсгөж хайрладаг өнө эртний түүхээ анирд
Хөгжил гэгээрэл, энэрэл нигүүсэлийг өөрийн гүндээ ундраа хэмээвээ
Одод харахдаа та орчлонг тэр чигээр нь ав
Тэнгэрийг харахдаа та тэнгэрлэг монгол гэдгээ сана
Агаар таны амь юм амьдрал таны боломж юм хэмээн адис ерөөлөө үлдээн
Асар цацралт гэрэл гэгээнд хувилан мөнхөрвөө
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment