Би айж байна

Олон амьтны амь нөмөрсөн элдэв маяглалаас айж байна
Олон залуусын сэтгэлийг гижигдсэн ялдам айлаас айж байна
Олдсон ч амархан оддог андын нөхөрлөл хуурамч байхаас айж байна
Оосор бүчгүй өргөө гэр маань сэмрэн нимгэрэхээс айж байна

Хүлээсэн хайр хагацал болох вий гэхээс айж байна
Хүнлэг сэтгэл хатуужин шавар болохоос айж байна
Хүндэтээ байранд шуналтан шургалсанд айж байна
Хууль цааз хуурамч авлигийг төрүүлж байгаад айж байна

Хорт утаа хэвлий дэх үрсийг нь боомилж байгаад айж байна
Халуун сэтгэл хаашаа ч юм холдон одож ирэхгүй байхаас айж байна
Хүйтэн салхи хацар хайрахаас айхгүй байна
Хазгай хэлтнээр хайрт эх орон минь дүүрч байгаагаас айж байна



Гадаах харанхүй хүйтнээс айсангүй ээ би
Гал голомт минь тулгагүй болох вий гэхээс айж байна
Гэмгүй үрсийн агаарыг булаах соёл иргэншлээс айж байна
Гэгээн төрийн багана ганхан савалж байгаагаас айж байна

Бутанд хярсан туулай шиг монголын ирээдүй
Булт олноороо дайрах харь сэтгэлтэнээр дүүрлээ гэж үү
Буян нь арай ч барагдчихаагүйсэн дээ ээ халаг гэж
Бодол болон айсаар, чичирсээр л хэн ч биш байх юм гэж үү

Эх орон минь биднээс нэг л өдөр нүүр бууруулбал
Эх дэлхий минь биднээс нэг л өдөр алга бууруулбал
Бүхнийг хийх нь оройтсон байх тэр цаг хуацааг
Бид хэзээ ч харахыг үл хүснэм

Юу ч хийж чадахгүй байгаа арчаагүй цаг хугацаанаасаа ичиж байна
Юм юм хийх чадалтай эх орон нэгтнүүдээ уриалж байна
Айсаар л чичирсээр л байсаар
Алив бүхнээ түүх болгох юм гэж үү бид

Би айж байна

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам