Ид шид гэж байдаг болов уу

Бага байхдаа хүн бүр л хурдан том болохсон хэмээн мөрөөддөг шүү дээ. Тэгээд нэгэн өндөрлөгөөс харахад аль хэдий нь том болсон тэрээр энэ амьдралд өөрийн гэсэн орон зайтай, өөрийн гэж нэрлэгдэх амины хэдэн хүнтэй болсон байдаг. Дараа нь өөрийнхөө болон нөгөө хэдэн хайртай нөхдүүдийнхээ төлөө ёстой л шургаж унатлаа гүйж эхэлнэ. Нэг сэхээрээд хартал нас маань нэлээн талийсан, дээр нь аливаа юманд бага байсан шигээ догдлон хөөрдөгөө больсон байдаг шүү дээ.

Үнэндээ амьдрал гэж юу юм бэ, аз жаргал хаана байдаг хаанаас ирдэг юм бол өдөр шөнө, үнэн худал, эсрэг тэсрэг, арга билэг гээд л юм бүхэн хоёр талтай байдаг юм бол бидний эхлэл, бидний төгсгөл хаана байна вэ, зах хязгааргүй орон зайн аль хавьд нь бидний хөгжил, гэгээрэл, нуугднам бэ.



Ер нь ид шид гэж байдаг юм болов уу, миний бодлоор бол хайртай хүнтэй байх, хайрын цэцэгээ тэврэн уярах, хайртай бүгдэдээ харамгүй зүтгэлээ зориулах л жинхэнэ ид шид байх болов уу гэж бодож байна. Учир нь зөвхөн нэг л хүний өмнө зүрхний хаалга нь нээлттэй байж чаддаг, нэг л хүний алдаа оноо бүхнийг нь өөрийн гэж хүлээж авч чадаж байгаа бол, нөгөө талаар үүрэг хариуцлагынхаа өмнө өөрийгөө умартаж чадаж байгаа л бол жинхэнэ ид шид тэр буй за.

Энэ л сэжмээр энхрий хайртай бүхэн минь эхэлсэн, дуун аялгуу нь дуурсаж байгаа болохоор энэ хорвоод бидний түүх тоглож байгаа нь тэр байх. Ийм болохоор энэ замбуулинд бид байгаа нь өөрөө тэр чигээрээ ид шид болог, мөч бүхэнд дахин яг над шиг бас тань шиг хүн хаана ч хэзээ ч бий болохгүйн адил таны, миний бодол санаа, хүсэл мөрөөдөл, үг, үйл хөдлөл, ер нь юм бүхэн маань тэр чигээрээ ганцхан хувь ид шид гайхамшиг юм байна.

Агуу бүхэн бидэнд байна, амьдралын ололт амжилт, гэрэлт ирээдүй бидний мэдэлд юм байна шүү дээ.Өнөөдөр 2009 оны 10 сарын 11 ны өдөр яг жилийн дараа магадгүй 2010 оны 10 сарын 10 ны өдрийн 20 цаг 10 минутад эргэн энэ дурсамжтайгаа уулзья. Учир нь зүгээр л өөрөө өөрсөддөө шидтэн болж үзье, тэгээд тэр хүссэн зүйлээ жилийн турш боломж гарсан бүрдээ хүсэн мөрөөдөж, яг л бага насныхаа гэнэхэн мөрөөдөл шиг нандигнаад үзье, магадгүй биелэх биз.

Өдөр бүр сэтгэлийн гүндээ өөрийн бага насныхаа гэгээн мөрөөдөлтэйгээ холбогдсоноор ямар их эрч хүч, хайр, баяр баясгалангаар бялхаж чадах болоо энэ л гол нь шүү дээ. Тэгээд өдрийн турш ялалт өөд давшиж буй баатар мэт байцгаая. Ингээд танд амжилт хүсье, би ч бас нандин мөрөөдлөө өр зүрхэндээ нууцхан бичлээ, энэ миний дотор байгаа нууцыг хэн ч мэдэхгүй учраас нандин байгаа юм. Та ч бас нандин хүсэл, мөрөөдлөө өр зүрхэндээ бичээрэй, заавал аз жаргалаар бялхах болноо, амлаж байна, за амжилт анд минь

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам