зөвхөн чамайгаа үрээ л хүлээнэм..

Сая сая ариуслын цэцэгс агаарт уусан уусна 
Сэм сэмхэн аниргүйхэн Бурхан бээр мишээнэ 
Сэрүүхэн намрын зөөлөн хонгор салхиар 
Сайхан үрээ харан харан нутаг нь харуулдан харуулдана 

Түмэн өнгөөр чуулан гоёлоо өмссөн намар ахайтан 
Тэртээ холоос дуун шуранхайг түрэн түрнэ 
Цээний тогоруу нутагтаа хоргодон хоргодон ганганан  
Цээж тэнэгэр тал нутагтаа эргэн хурган хургана  

Тэнгэртээ одод нь чуулсан 
Тэртээ холоос ч бодолд нь уяатай 
Тэнгэрлэг Монголдоо сэтгэлээ үлдээсэн 
Тэнгэрийн шувуу чамайгаа эргэн ирэхийг л хүлээнэм би  

Цасан дороос сэрэх яргуйтай хамт хүлээе 
Цавчин цавчих туурайн төвөргөөнд ч бас хүлээе 
Цаашлан бас наашлан буй нялх хаварыг ч хүлээе 
Цээжээ даран наманчлан наманчлан би хүлээе  

Миний Монголын юм бүхнээ хүлээе 
Миний Монголын эрхэм үрсээ хүлээе 
Миний Монголын эрхэмсэг оршихуйг хүлээе 
Миний Монголын эрдэнэт амиа хүлээе  

Хүлээсэн уулс, өвгөдөө хоргодохоос нь өмнө
Хүлээсэн амраг ханиа элэхээс нь өмнө 
Хүлээсэн амь, амьсгал, харцаа анихаас нь өмнө 
Хүрээд л ирээрэй Миний Монголын үрс минь дээ 

Уул нь буданд замхрахгүй ээ 
Уур зандалд цочихгүй ээ 
Утаатай улаан цайгаа чанаад  
Угтаад авнаа эх нутаг нь би чамайгаа 

Урдаас чинь гүйж очоод
Өмнө чинь сөгдөн мөргье
Үр минь чамайгаа санан үгүйлснээ 
Өр зүрх минь одоо бүтэн болсноо тунхагланаа 

Ирээрэй үр хүүхдүүд минь 
Ирээрэй эх орон минь 
Ирээрэй эзэн Монгол минь 
Ирээрэй ижий эх орондоо 
Ирээрэй эцэг хөх тэнгэртээ  

Хүлээнэм, үр минь дээ хүлээнэм 
Хэрэв би л хүлээхгүй юм бол  
Хэн хэзээ хүлээх вэ 
Бэтгэртлээ санасан үр минь чи 
Бүтэн байхын минь учир шалтгаан юм шүү 

Эх орон, эцэг тэнгэр нь зүрхээ даран даран зөвхөн чамайгаа үрээ л хүлээнэм...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам