Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
ашиг харсан амьдралын сонголт
алдаж болохгүй торгон агшин гэнэм
алд дэлэм зөрсөн замын зөрлөг дээр
амаа ангайн тэр нэгэн зогсоно
хаашаа ч харсан худал хуурмаг хөвөрсөн
хаашаа янзын дэглэм бэ энэ
хүн хүнээрээ байж болдоггүй юм бол
хүн гэж би өөрийгөө хэлэхээс ичиж байна
тэр нэгний өмнөөс тэрсүүд зан гаргамаар
тэртээ холын аз жаргалын суурийг онгичин сэндийлэх
түүнээс үнэндээ үнэн өөрөө тэр чигээрээ зугтаж байхад
тэнэг царайлаад дагалдах тэр нэгэнг би их өрөвдөж байна даа
эгцэлж өмнөөс минь хараад хүний хэлээр бус
худал хуурмагийн нүдээр гөлөлзөн
хуурамч инээд тодруулах чи намайг элэглэх бус
харин өөрөө өөрийгөө шоолбол зохилтой
хээрийн салхи хөлд орооцолдон
хөгийн зүйл хаа сайгүй болоод байгааг сануулна
тэнгэр хол газар ойрхон гэдэг ч
тэд аль аль нь сэмэрч нимгэрч байнам
халтар царайлжээ миний сэтгэл, хэзээ ч ийм байгаагүй сэн дээ
хаашаа л харнав хөх саарал үнс нурам шуурсан
хорвоогийн олон өнгө хэдийдээ ингээд
хулжин одоов дээ, хөөрхий бидний амьдрал
үдэш бүхэнд өөдрөг сэтгэлээ зүрхэндээ эвхэн
хараа хүрэмгүй өндрийн өндөрт дүүлдэгсэн
харин энэ үдэш тэнгэр тоостой
хоолой дотор гашуун утаа хурган шургана
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment