Тиймээ, хайрын од минь

Би гадуур хувцасаа шүүрэн аваад гадагш гарлаа. Маш их яарч байна. Юунд ингэтлээ яараад байгаа юм бүү мэд гэхдээ дотор хүн маань додлон хөөрнө. Салхи сөрөн би алхсаар л байлаа. Шөнийн хүйтэн салхи энгэр цээж рүү минь үлээж , сэмхэн намайг хэн нэгэн үнсэн таалаад ч байх шиг. Гадаа харанхуй гудамж эл хулхин олон жилийн өмнө цаг сайхан байхад гадаа гараад чөлөөтэй алхана гэдэг ямарч асуудалгүй байлаа. Харин одоо бол орой үдэш гадаа гарахаас эмээдэг болсонсон. Гэтэл би гав ганцаараа маш их аз жаргалтай баясан хөөрөн алхсаар л байна. Яг л жаахан хүүхэд эх рүүгээ яаран байх шиг. Халаасандаа гараа хийгээд замын гэрэл даган алхаад л байлаа. Тэгээд машины хөдөлгөөн, хүмүүсийн хөлөөс холдон алхсаар л байлаа. Шөнийн тэнгэрт ассан одод, мэлмэрэн энхрийлэх саран надад хань болон гэрэл гэгээгээрээ замчилсаар л байлаа.






Өндөр байшин халхлахгүй, уудам тэнгэрийг харж болох тийм хэсэгхэн чөлөөнд би очиж зогслоо. Зүрхээ даран, амьсгаагаа намсган би хэсэгхэн хугацаанд зогслоо. Дээш өлийн ширтэн, өлмий дээрээ зогсон өндрийн өндөр рүү тэмүүлэн зогсож байна. Тиймээ, би хэн нэгэнд ямар их хайртайгаа, тэгээд энд тэмүүлэл дүүрэн зогсож байгаадаа дэгэлзсэн сэтгэлээ барьж дийлэлгүй уйлсаар л байлаа. Хамар шархирам халуун нулимс хацрыг минь даган уруудна. Хаана байгаа, хэзээ таарахаа үл мэдэх би цурхиран уйлсаар л байна. Үнэндээ энэ үед халуун хайрандаа шатан, харамлан харамлан чамайг үгүйлэн уйлж байсан юм.Би чамайгаа маш их санаж байна. Яагаад би чамд ингэтлээ дурласнаа асуухгүй, зүгээр л чи минь байгаа нь хангалттай. Гэхдээ хэн нэгэн чамайг хэтэрхий их хайрлаад байгааг чи минь мэдэж байгаа болов уу.

Алсад бүр алсад дээр бүр дээдийн дээдэд нэгэн од инээмсэглэн анивчина. Цацрах туяа нь холын холд жигдхэн цохилох зүрх шиг булгилж байсан учир би чамайгаа зүрхэн од, цэцгэн од хэмээн нэрлэлээ.Тэгээд чамайг харж болох энэ хэсэгхэн орон зайнд оддын өндөрлөгийг байгуулахаар өөртэй ам авлаа.

...Цагаан гантиган дотроосоо гэрэлтэх шатууд аажим аажимаар дээшилсээр л, жижигхэн өндөрлөгт авчирахад хотын гэрэл шидэт түм буман гэрэлт цох шиг анивчин, томоос том бадамлянхуа суурит мөнхийн гал өндрийн өндөрт нисэн дүүлэх мэт очисоо улалзуулан, хос хосоороо хөгжилдэх залуус, хөгшид хэн бүхний алхаа хөнгөн, нүд гэрэлтэй.өндөрлөг дэх цагаан байшинд томоос том дуран авай суулгажээ. энгийн нүдээр ч, дурангаар ч хязгааргүй одот ертөнцийг харах ая тухтай энэ орчинд хүмүүс ирэх дуртай болоод олон жил болжээ. орой бүр эндээс, энэ өндөрлөгөөс энхрий хайртыгаа, хайрын халуун дулаан үгсээ бие биендээ хэлэх хүмүүсийн цуваа хөвөрвөөр л.
Тиймээ, хайрын од минь. Миний зүрхэн од, цэцгэн од минь дээ.. Баярлалаа.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам