Намайг бага байхад манайх хос тоть тэжээдэг байж билээ. Маш гоё том торонд тотьнууд маань амьдардаг байлаа. Торон дотроо хангалттай тоглож наадан нисэх зайтай. Мань хоёр хоёр биендээ дэндүү их дурлалцсан, хайраар дүүрэн амьдардаг байв. Харах бүрийд л хошуугаа нийлүүлээд үнсэлцээд л байдаг юм. Миний анх удаагаа хосын хайрыг бахдан харсан балчирхан насны минь дурьдатгал байсан юм. Эр нь маш гоё өнгөтэй, хирэндээ таарсан эрдүү биерхүү. Харин эм тоть нь яг л цайвар ягаан сарнай шиг өнгөтэй, цаанаасаа л нэг тийм энхрийхэн санагддаг байж билээ.Би хичээлээсээ ирээд шууд л тэр хоёрын өрөө рүү гүйнэ. Эмээ минь хоёр нялуун хайрыг орхи, өөрсдийнхөөрөө бие биенээ энхрийлэх гэж заяасан амьтадад битгий саад бол гэж хэлнэ, би ч тэсэлгүй эмээгийнхээ нүдийг хариулж байгаад аль хэдий нь тэдний дэргэд очин хараад л суух дуртай болж билээ.
Ах сургуулиас ирээд хоёр тотиндоо хоол, усыг нь өгнө. Дараа нь бүх цонх хаалтуудаа хаасны дараа тэр хоёрыг торноос нь нэг нэгээр нь гаргана. Эхлээд эр тотийг гаргалаа. Тортойгоо ойрхон нисээд л эргээд л бууна, эр тоть торноосоо огт холдох дургүй. Би бодохдоо энэ эр тоть тийм их үнсэлцэх дуртай юм байхдаа тэнэг, торноос гарсан дээрээ хол хол нисээд далавчаа амраагаад авахгүй тэнэг гэдэг нь гэж боддог байсан юм. Тэгээд торон дээрээ хөдөлгөөнгүй суугаад тор руугаа орох гээд зүтгэж эхэлнэ. Ах бид хоёрт ямарч сонирхолтой санагдаагүй тул түүнийг хурдхан шиг үүрэнд нь хийнэ.
Гэхдээ л тэр хоёр минь аз жаргалтай урт удаан амьдарсан юмдаг. Гурван ч удаа өндөг нь амьлаагүйн тул ягаахан маань торноос гараад нисэх ч дургүй болж билээ. Манайхан бүгдээрээ тэр хоёрын хүсэл биелээсэй хэмээн шивнэнэ. Өвөө минь арц асаан эрхээ имрэн тэдэн рүү ямар нэгэн юм шивнэнэ, эмээ минь цайныхаа дээжийг балчирхан хосын хайр биелээсэй хэмээн ерөөнө, манай гэрийн хүн бүхэн тэдэнд аз жаргалыг ерөөн дуу шуу муутайхан.
Цаг ирлээ. Нэг л өдөр тэдний жижигхэн үүрэнд маш жижигхэн улаан нялзрай амьтан өндөгнөөсөө гаран амилсан байлаа. манай гэрийнхэн тэр хэдэн хоног саруудад магнай тэнийм баяр жаргаланд умбаж байлаа. Тийм ээ тэр цагаас хойш бид нэгэн агуу том гэр бүл шиг хэл хэлээ мэдэхгүй ч бид бие биенээ ойлгодог болсон юм.
Бага байхад минь хайрын хичээлийг хайрын үндэс язгуур, халамж энхрийллийн дээдийг мэдрүүлсэн зүрхний гүн дэх балчирхан шувууддаа одоо ч хайртай хэвээр байна.
Өглөө бүхэн цонхон дээр минь өч төчнөөн болжмор, тагтаанууд ирнэ. Яг цагтаа яг хүлээж л байдаг тэдэндээ хоолоо хуваалцан байгаа минь энэ насны минь хайрын үрийг өр зүрхэнд минь суулгасан та нарын минь ач юм даа. Миний хязгааргүйд жигүүрлэн жигүүрлэх анд минь дээ.
No comments:
Post a Comment