Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Илчээ өгсөн нэгэнд итгэлээ та өг…
Би айж байна. Өдөр ч айдаг. Яагаад, яагаад айгаад байгаадаа өөрөө ч гайхдаг юм.
Цаашид даараад л, айгаад байхыг одоо би хүсэхгүй ээ. Би хэтэрхий үл үзэгдэм болоод эсвэл хэтэрхий даруу бус болоод айгаад, даараад байгаа юм болов уу.
Үнэндээ энэ нь хэн бүхэнд байдаг л зан ажээ. Дулаацахын тулд хэн нэгэнд ээнэгшинэ. Айдсаа дарахын тулд айгаагүй дүр эсгэн бардамнана. Гэвч ходоодны мухарт нь өнөөх нь үлдсэн.
Даарч байна, даарч байна гэсээр халуунд ч, тэсгэм хүйтнээр ч илч дулаан гаргаж болгох бүхнийг үнс болгосоор, хэзээ хэдийд энэ бүхэн төгсөх нь хэнд хамаатай гэлцэнэ.
Дулаацахын тулд бид өөрсдөө ч мэдэлгүй
аливаа нэгэн зүйлийг нэг нэгээр нь үндсээр нь үгүй хийсээр л…
Айдсаа дарахын тулд баг өмсөн баатар болон хулганана.
…Гадаа жавар тачигнасан дүн өвөл ирж байна. Өдөржин, шөнөжин гадаа байсан нэгэн дулаацаж байна гэж хууртан өөрөө үнс болон өрөөлд илчээ өгчээ. Одоо түүнийг хэнч дурсахгүй байсныг нь санах ч үгүй.
Үүн лугаа хүмүүний амьдрал дэндүү, дэндүү богино ажээ. Биднийг бий болгосон, хүний дайтай өдий хүргэсэн хөгшид минь хорогдсоор, бид ч бас одно. Байгаль дэлхий ч жижгэрсээр л …
Тэр цаг ирэхээс өмнө илч дулааныг, итгэлийн галыг та нартаа өгөхсөн. Ямар их хүсэж байна гээч Бурхан минь. Даанч өөрийн амины хэддээ илчээ өгөх гэж мунгинасаар байтал илчийг минь авах эзэнгүй болох нь олонтаа.
Гадаа жавар тачигнаж байна, магадгүй танд илчээ өгсөн нэгэн гадаа бээрэн зогсоо, тэгээд шуудайны аманд хэдэн нүүрс, модоо хийх гэж чичрэн зогсож байна.
Хөндий гэр, хүйтэн жавар, хөлдүү ус, бээрсэн гар, даарсан сэтгэл хэзээ гэрээ дулаацуулж, яаж шүү халуун юм ойчно доо.
Хэмнэж галлан, хэмжээтэй дулаацахгүй бол хаврыг хүртэл хэмнэлээ гээд ч яалтай билээ дээ. Өлөн ходоод, дундуур жаргал, бүлээцэх төдий илч, бүүдгэр наран энэ бүхэн бидний мэдэх амьдрал.
Яахав дулаан гэрт байгаа хүн даарахын зовлонг мэдэхгүй л биз. Гэхдээ дэргэд минь хайртай хүмүүс минь, хайран дэлхий минь даарч байна, сэмэрч байна.
Өөрөөсөө нуун байж, хоолоосоо хасан байж багахан илчинд мордоно.
Тиймээ, та одоо даараагүй ч гэсэн даарч байгаа нэгэнд сэтгэлийн илчээ, итгэлийн галаа өгөөч, хөл бүлээцэхийн жаргал, тааваараа инээхийн жаргал хичнээн сайхан билээ.
Ганцхан зун биш зуун зуун жил илчээр, итгэлээр бүү дутаасай. Гадаах хүйтэнд бус голоо харлатал гомдоод, хүлээгээд л даараад л, айгаад л байгаа юм биш байгаа даа…
Тиймээ, танд одоо боломж байгаа бол сэтгэлийн илчээ илгээ тэдэнд.
Хаврын хаварт мод, ногоо, цэцэг тарьж хан байгалиа давхарлан арвитга, харин одоо хангай шиг түшигтээ өвгөддөө хайрийн илчээ итгэлээ өг.
Тэд хүртэх буянтай улс, хорвоогийн жамаар бид ч өвгөрнө, хожим үр хойч минь баярлалаа гээд магнайг минь чин сэтгэлээсээ халуун дулаан гараараа илж инээмсэглэн байг, сэтгэл бардам итгэл дүүрэн амьдарсан юм шүү би гээд сэтгэлийн илчийг амь амьсгал, итгэл найдвар, хайр харцаараа дамжуулан замлинг амирлуулаг.
Ум сайн амгалан болтугай
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment