П.Нарандэлгэр сурвалжлага


Л.Баярсайхан: Би өөрөө өөртөө Чингис

Эмэгтэйчүүдийн эмч, доктор Лувсандоржийн Баярсайхан эмчийг “Жаргалан ” эрүүл мэндийн нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр уншигчид андахгүй биз ээ. Харин тэрбээр одоо эмчийн их ажлын хажуугаар уулын спортод зүрх сэтгэлээ өгч, нэг жил дөрвөн сарын дотор 4000 метрээс дээш өндөртэй ууланд 11 удаа амжилттай дайралт хийж чаджээ. Тэдний дотроос 8848 метрийн өндөрт орших дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн ноён оргилд гарсан амжилтаараа Монголдоо төдийгүй Олон улсад шинэ дээд амжилт тогтоогоод байгаа юм. Түүнтэй  уулзаж ярилцсанаа уншигч таньд хүргэж байна.
 -Та эмч хүн. Яагаад уулын спортын тамирчин болчихов оо?
-Анх ТВ-9 телевиз байгуулагдсан цагаас эхлэн “Жаргалан” нэртэй эрүүл мэндийн нэвтрүүлгийг  хөтлөж байлаа. 2003-2008 он хүртэл ТВ-9, ТВ-8, SBN телевизээр энэ нэвтрүүлгээ үргэлжлүүлэн янз бүрийн эмч, зочидтой уулзаж, хэрхэн эрүүл саруул амьдрах талаар ярилцдаг байлаа. Энэ бүх уулзалт ярилцлагын төгсгөлд нэг л зүйл дээр санал нэгддэг байсан нь идэвхтэй хөдөлгөөн, цэвэр агаар эрүүл урт удаан
амьдрахын үндэс. Хангалттай ярьсан одоо хийж хэрэгжүүлэх ёстой гэж шийдээд эхлээд Богд уул руу алхдаг байсан. Ганцаараа ч хамаагүй өвөл зун гэхгүй Богд уул руу авирч буухдаа ойр орчныхоо хог хаягдлыг түүгээд буучихдаг байлаа. 2006 онд “Монгол Хайкин” клубыг байгуулж, өвөл зун гэхгүй  бүтэн сайн өдөр болгон уулаар аялах ажлыг зохион байгуулж ирсэн. Харин өнгөрсөн онд Монголынхоо хамгийн өндөр Хүйтний оргилд гарахаар зорьсон юм. Анх удаа өндөр уулын оргилд гараад зургаа татуулж, уухай хашгиран бөөн баяр зогсож байтал араас хэсэг уулчин гараад ирсэн. “Учрал болгон цаанаа учиртай, эх орныхоо хамгийн өндөр цэгт таарсан хүмүүс байна, нэр усаа мэдэлцэж танилцъя”  гээд гар барихад нэг нь “Өсөхбаяр” гэж билээ. Тэр үед би залуу гавьяатаасаа ууланд авирах эрч хүчийг авсан гэж боддог юм. Тэр учралаас хойш дандаа дээшээ өндөр оргилуудад гарчээ. 
 -”Монгол Хайкин” клубынхээ үйл ажиллагааг танилцуулаач. Танай клубын гишүүн болоход ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
 - 2006 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн тогтмол дөрвөн улирал бүтэн сайн өдөр болгон уулаар аялах ажлыг зохион байгуулж байна. Эрүүл мэндээ сайжруулж, эрүүл аж төрөх ёсыг дэмжих, уул, ус байгаль орчинтойгоо зөв харьцах, эко-аялал, идэвхтэй амралтыг сурталчлах сайн дурын, гишүүнчлэлтэй клуб. Ууланд аялж, алхах нь үнэхээр эрүүл мэндэд тустай юм билээ. Би клубээ байгуулж, явган аялдаг болохоос өмнө жилдээ хоёр удаа хэвтэрт ортлоо ханиад хүрч өвддөг байсан. Гэтэл сүүлийн хэдэн жил би дахиж хүндээр өвчлөөгүй. Тиймээс манай клубын зүгээс аль болох олон хүнийг ууланд дуртай болгох, уулаар аялж, өөрсдийн эрүүл мэнддээ тодорхой хувь нэмэр оруулахыг зөвлөдөг. Ингэснээр тухайн хүн өвдөж шаналахгүй, амьдралдаа эрч хүчтэй хандсанаар гэр бүлдээ, ажилдаа илүү амжилт гаргах нь тодорхой.  Манай клубын гишүүд хол, ойрын уулын явган аялал хийж байгалийн үзэсгэлэнт газрууд болон дотоод, гадаадын өндөр уулаар аялах ажлыг ч зохион байгуулж байна. Энэ жил анх удаагаа клубын маань найман хүний бүрэлдэхүүнтэй баг Балбын талын Эверестийн бааз лагераас 5364 метрийн өндөрт аяллаа. 5550 метрийн өндөр Калапаттар уулын оргилд гарлаа. Мөн миний бие өнгөрсөн тавдугаар сарын 19-нд Эверестийн оргил 8848 метрт гарч Монголынхоо болон клубынхээ туг далбааг мандуулах аз завшаан тохиолоо. Гишүүнчлэл нээлттэй, насны хязгаар тогтоодоггүй. Жилдээ нэг л удаа 20 мянган төгрөгийн гишүүний татвар өгнө. Шинээр гишүүн болоход нэг л болзолтой. Манай клубт нэгдэхээр шийдсэн бол гурван удаагийн ням гаригт таслалгүй явах ёстой. Учир нь нэг л удаа явж үзээд шантраад дахиж ирэхгүй тохиолдол зөндөө гардаг. Тиймээс үнэхээр өөрийнхөө эрүүл мэндийн төлөө идэвхтэй хөдөлгөөн, эрүүл агаарт гарах нь хичнээн чухал болохыг ойлгосон хүн л бидэнтэй нэгддэг. Гурван удаагийн Богд уул руу явган аялалд оролцсон тохиолдолд гишүүний үнэмлэх гардуулж, татвараа авна. Тэгээд л болоо. Манай клубын гишүүн болохыг хүсвэл ням гариг бүрийн 10  цагт 120 мянгатын “Jetro” супермаркетын гадна хүрч ирэхэд л хангалттай.
-Нэг жил гаруй хугацаанд дэлхийн 11 өндөр оргилд гарсан байна. Таны энэ бүх амжилтын нууц юу вэ
 -Миний энэ амжилт үнэхээр зарим хүмүүс итгэхийн аргагүй санагддаг юм билээ. Тиймдээ ч мэргэжлийн уулын спортын тамирчдын анхаарлыг их татсан. Гэхдээ энэ бүхнийг нотлох нотолгоо нь надад байгаа гэрэл зургууд.  Энэ тухай миний Facebook хаягнаас ч харж болно. 2011 оны зургадугаар сарын 22-нд 4374 м өндөрт орших Монгол Улсын хамгийн өндөр Хүйтний оргилд анх гарснаас хойш нэг жил дөрвөн сарын дотор 4000 метрээс өндөр оргилд 11 удаа гарсан байна. Хамгийн өндөр нь Эверестийн оргил, далайн түвшнээс дээш 8848 м. Гэхдээ гол нь өндөртөө биш, уул болгон хэцүү, амь насаа алдах эрсдэл тэнд хором болгон дагаж явдаг. Энэ жил гэхэд гадаадын 11 уулчин Эверестэд амиа алдсан. Биднийг авирч байхад  нөгөө талаар авирсан хүмүүсийн дунд ч энэхүү харамсалтай тохиолдол таарч байлаа. Би нэгэнт л уулын оргил өөд авирч эхэлсэн л бол надад буцах эрх байхгүй. Зөвхөн дээшээ тэмүүлж, өөрт байгаа бүхий л хүчээ шавхаж байж оргилд хүрнэ. 7-8 цаг уул өөд авирах бол наад захын асуудал. Зөвхөн өөртөө итгэж  гарын хүч, алхаа оновчтой газар байрлуулах, хөлийн тэнцвэртэй байдалд л анхаарлаа хандуулдаг. Үнэндээ амь нас хутганы ирэн дээр, ядарсандаа шүлсээ хаях нь байтугай, залгих ч чадалгүй болох үе тохиодог.
-Хамгийн сүүлд олон улсын багийг ахалж, Ама Даблам оргилд амжилттай авиралт хийгээд иржээ. Энэ тухайгаа сонирхуулаач?
-Миний ахалсан олон улсын уулчдын баг өнгөрөгч аравдугаар сарын 31-ны өглөөний 08 цагт Гималайн нурууны хамгийн үзэсгэлэнт оргил “Сувдан эрдэнэ” гэх Ама Дабламын оргил дээр амжилттай авирч гарсан. Энэ оргил бол далайн түвшнээс дээш 6856 м-ийн өндөрт оршдог Гималай нуруунд очсон, авирсан уулчин болгоны мөрөөдөл байдаг. Ама Даблам нь дэлхийн хамгийн өндөр барилгаас дөрөв дахин өндөр. Тодруулбал, Хонконгийн 490 м “Тэнгэрийн 100” нэртэй барилга дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байгаа. Гэтэл Ама Дабламын оргилд авирахын тулд далайн түвшнээс дээш 4570 м-т  очиж авиралтаа эхлүүлсэн. Оргилд хүрэхэд далайн түвшнээс дээш 6820 м-т өндөрт зогсож байсан гээд бодохоор дөрөв дахин өндөр барилга руу авирсан гэж болно. Манай багт долоон тивийн долоон өндөр оргилд амжилттай авирч гарсан Канад, Голландын хоёр гишүүн, 8000 метрээс өндөр хоёр оргилд гарсан Норвегийн нэг уулчин  багтаж байсан. Би багийн гишүүддээ санаа тавих, болзошгүй эрсдлээс хамгаалах, гол нь багаа амжилтад хүргэхийг зорьсон. Бүх зүйлийг маш нарийн тооцоолж байж оргил руу авирдаг. Авиралт хийхэд тоноглол, бэлтгэл байдал хамгийн чухал. Багийн бүх гишүүд өмнө нь дэлхийн олон уулын оргилд авирч гарч байсан боловч ийм хүнд хэцүү, ур чадвар шаардсан авиралтыг анх удаа хийснээрээ онцлог юм. Оргилд тэмүүлсэн үндсэн авиралтыг дандаа шөнө хийж байсан. Учир нь өдөр их шуурдаг болохоор зөвхөн шөнө л авиралтаа үргэлжлүүлдэг. Хоол хүнсээ дор бүрдээ бэлддэг ч би багийн ахлагчийн хувьд хамгийн сайн чанартай илчлэг ихтэй хүнсийг сонгож байсан. Бидний хамгийн сайн нөхөр бол Монголоосоо авч явсан үхрийн жигнэсэн мах, хатаасан адууны мах, зөгийн бал, нэрсний шүүс. Үнэхээр эрч хүчээ нөхөж чадсан. Үндсэн авиралт 4700 метрээс эхэлж кемп нэгийг 5800 метр дээр байгуулж, маргааш нь кемп хоёрыг 6100 метрт байгуулж, кемп гурвыг байгуулах /майхан босгох/ боломжгүй учраас шууд кемп хоёроос оргил өөд 6856 метр хүртэл авирч гарсан. Буухдаа кемп нэг дээр ирж хоносон. Кемп нэгээс эхлээд дээшээ дан хад, цас мөс байсан.
Энэ авиралт хад, цас мөсөн хананы цэвэр техникийн ур чадварыг шаардсан авиралт байлаа. Гэвч манай багийн нэг гишүүн хоёр хөлийн сарвуугаа хөлдөөж, яаралтай эх орондоо хүргүүлсэн. Би үргэлж илүү хувцас хэрэгсэлтэй явдаг учраас тусгай зориулалттай нэг комбинзоноо түүнд өмсүүлсэн. Гэхдээ тэр ямар ч байсан оргилд хүрнэ гэсэн итгэлтэй байсан. Түүний бие одоо сайжирсан ч нилээн удаан хугацаагаар эмчилгээ хийлгэнэ гэж байна лээ. Эверестийн оргилд амжилттай авирч байсан туршлага нь энэ авиралтад чухал нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Норвегийн гишүүн Эверестэд авирснаас хойш авираагүй, нөгөө хоёр гишүүн бэлтгэл авиралт болгож Альпийн нурууны Маттерхорн оргил явсан боловч гарч амжаагүй, харин 4158 метрийн Жунгфрау оргилд гарсан байв. Миний хувьд саяхан Маттерхорн болон Монбланы оргилд гараад байсан. Энэ бүхнийг харгалзан энэ авиралтын ахлагчаар намайг сонгосон байх. Надад итгэсэн  нь үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Альпийн нурууны хамгийн хэцүү уул Маттерхорн, мөн энэ Гималайн уулсын хэцүү оргилын нэг Ама Дабламд амжилттай авирч чадсандаа тун баяртай байна.
 -Уулын спортыг зардал ихтэй гэж  ярьдаг. Та энэ олон аяллын санхүүжилтийг яаж шийдэж байна. Таныг ивээн тэтгэдэг байгууллага, улсаас ямар нэгэн дэмжлэг туслалцаа гэж байдаг уу?
-Ямар нэгэн тусламж үзүүлж ивээн тэтгэдэг байгууллага  байхгүй. Өөрөө л бүхнийг зохицуулдаг. Тоноглол, хувцас, хэрэгсэл маш үнэтэй. 6000м, 7000м, 8000м –т өмсөх гутал, бээлий, өмсгөл, алх, бэхэлгээ гээд дээшлэх тусам үнэ нь нэмэгдэж, зардал ихэснэ. Зөвхөн Эверестэд авирахад би 50 мянган ам.доллар зарцуулсан. Бүхнийг өөрөө зохицуулахад хүндрэлтэй асуудал цөөнгүй тулгардаг. Гэхдээ уулын спортыг эх орондоо хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Энэ нь нэг талаар өсвөр үеийн хүүхэд залууст ч маш чухал спорт. Уулын спортоор хичээллэснээр хүн тэсвэр хатуужил, эр зориг, зөв хуваарилалт, алхам бүрээ тооцох чадвартай болдог. Монголын залуусыг ууланд авираад бай гэсэн үг биш л дээ. Гэхдээ гадаадын хэг нэгэн мундаг, алдар нэртэй хүнийг тахин шүтэх биш, эх орныхоо эрэлхэг зоригтой хэн нэгнээр бахархаасай гэж боддог. Тиймдээ ч би энэ спортыг олон нийтэд таниулж, ямар хүнд хэцүү бэрхийг туулсан тухайгаа ярих болсон. Ингэж байж залуус монгол бахархалтай, үлгэр жишээ авах хүнтэй болно.
-Уулын спортыг яаж хөгжүүлэх вэ?
-Уулын спортын талаар мэдээ мэдээллийг өргөжүүлмээр байна. Хүмүүс Эверест гэдэг нэг ууланд гарсан гэсэн зураг л үздэг. Бодит байдал дээр уулын спорт бол хамгийн хэцүү, алхам тутам үхэж болох аюултай тулгардаг. Нэг ч үзэгч, хөгжөөн дэмжигчгүй, амьсгалах хангалттай хүчилтөрөгчгүй, хүйтэн, хатуу мөсөн хана, хүнд төмөр багаж хэрэгсэл, нөгөө талд нь хүний халуун сэтгэл хоёрын амь өрссөн ширүүн тэмцэл болдог. Маш өндөр зардалтай, бүх зардал хувь хүнээс өөрөөс нь гарна. Уулын оргил дээр гарна гэж зүгээр нэг их өндөрт гарахын нэр биш. Гэтэл Олимпийн наадмыг хэдэн сая хүн үзэж дэмжиж байхад бэртэж гэмтэхээс өөр аюулгүй шахуу нөхцөлд бүх биеийн хүч чадлаа, сэтгэлийн тэнхээгээ дайчлахгүй байгааг харахад үнэхээр харамсалтай байдаг. Үнэхээр үхэл амьдралын төлөөх тулаан хэмээн тэмцэх ёстой тэгж байж сая амжилтад хүрнэ.  Харин уулын спорт бол цэвэр эр зориг, тэсвэр тэвчээр шаардсан спорт. Тийм болохоор уулын спортын амьдралыг мэдэх гадарлах над шиг хүмүүс илүү их үгээ хэлж, мэдээлэл тараах хэрэгтэй юм байна.
- Ар гэрийнхэн нь алс холыг зориход тань санаа зовдог л байх даа.
-Ээж минь л их санаа нь зовдог юм. Ээж минь барагтай бол утсаар яриад байдаггүй  ч гэхдээ намайг яг ууланд явж байхад ихэвчлэн залгадаг. “Хаана байна” гэж асуухад нь “Хүү нь уулан дээр” гээд хэлэхэд утсаа тасалчихдаг. Ууланд авирч, сайхан мэдрэмжид тэмүүлэх тусам “Эхийн санаа үрд, үрийн санаа уул хаданд” гэдэг үгийг үнэхээр их ойлгож байгаа. Үнэхээр манай монголчууд их мэргэн үг хэлдэг байжээ. \инээв\
-Таны бахархал?
-Миний мэргэжил эмэгтэйчүүдийн эмч. Мэргэжлээрээ 20 жил ажиллахдаа нэг ч удаа үр хөндөлт хийж үзээгүй гэдгээрээ бахархдаг. Би тийм муухай үйлийг хийхийг хүсээгүй. Сүүлийн арваад жил эмэгтэйчүүдийн хорт хавдрын эсрэг эмчилгээ үйлчилгээ хийж байна. Тодруулбал, ХСҮТ-д 1995-2002 онд найман жил ажиллаж мэргэшээд “Даффодил Сайн эмэгтэйн клиник”-ийг нээсэн. Эрт үед нь илрүүлээд эмчлээд байхад өвчтөн үйлчлүүлэгчээ хавдраас болж алдахгүй, эрүүл саруул, элэг бүтэн амьдрал хайрлаж олон мянган хүний буян заяаг түшиж явна. Хийсэн ажлаа харах, мэдрэх үнэхээр сайхан. Хотод төлбөртэй үйлчилгээ хийхээс гадна анх удаа хөдөө орон нутгийн эмэгтэйчүүддээ зориулж үнэ төлбөргүй хавдраас сэргийлэх үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийдэг хүмүүнлэгийн хөтөлбөр хэрэгжүүлээд найман жил болжээ. Энэ үйлчилгээг “Амьдралын төлөө аян” гэдэг, хөтөлбөр Ротарийн дэмжлэг авч Олон улсын Ротарийн шилдэг хөтөлбөрөөр шалгарсан. Би ч энэ шилдэг шагналыг хүртсэндээ их бэлгэшээдэг. Энэ хугацаанд Монгол Улсын 21 аймгаар  3-4 удаа явсан, одоогоор 24824 ээж, эмэгтэйчүүдэд хүрч үйлчлээд байна.
Миний өндөр уулын оргилд тэмүүлсэн 11 авиралтын долоо нь өндрийн тоноглолтой техникийн авиралттай, дөрөв нь уулын таягнаас өөр багажгүй байсан. Нийтдээ энэ хугацаанд 63 мянга 872 метрийн өндөрт гарчээ. Миний хувьд дахин давтагдашгүй амжилт. Оргил болгон дээр Алтан соёмбот хөх далбаагаа мандуулж, уухайн дуугаа цууриатуулж явлаа. Тэр бүхнийг өөрийн нүдээрээ харж бахархана гэдэг үнэхээр сайхан шүү. Нөгөө талаар би туйлын азтай хүн. Альпийн нурууны хамгийн өндөр оргил 4812 метрийн Монблан дээрээс шүхрээр зургаан цаг гаруй нисч буусан минь сэтгэлээс гардаггүй.
-Та ирэх онд хаана аль улсын,  ямар оргилд авирах төлөвлөгөөтэй байна?
-Одоогоор яг тийшээ явна гэсэн төлөвлөгөө гаргаагүй байгаа. Увс аймгийн Хархираа Тургэний уулсын оргилд гарч магадгүй. Ингэхдээ тухайн аймагт уулын спортыг хөгжүүлэх ажлын хүрээнд оролцоно. Гэхдээ яг эцсийн шийдвэр гараагүй байгаа. Дэлхийн уулын спортын тамирчид долоон тивийн, долоон том оргилд авирахыг эрмэлздэг. Миний хувьд дэлхийн хамгийн өндөр дөрвөн ууланд авираад үзчихлээ. Надад бол авирч байгаа уул минь сайхан, бартаа саад ихтэй байвал шууд сонгоно. Тооноосоо илүү чанар юм даа. Энэ бүх аялал, амжилтыг дүгнээд хэлэхэд би бол өөрөө өөртөө Чингис. Яагаад гэвэл ууланд авирна гэдэг яг л дайн байлдаанд оролцон тулалдахтай адил. Буцах зам байхгүй, эхэлсэн л бол яаж дуусах нь хамаагүй, эцсээ хүртэл тэмцэнэ. Тэгээд бүхнийг ардаа орхиод оргилд гарсан байхад хамгийн их аз жаргал, сэтгэл хөдлөл, эрч хүчийг олж авдаг.
8000 м дээш өндөрт гарахдаа өмсдөг гутал
Цасны тах /гутлын гадуур бэхлэнэ/
Цас мөсний алх
Үндсэн бэхэлгээ
Эверестийн оргилд хүргэсэн алх
Энэ өмсгөлийн дотуур хоёрхон өмсгөл өмсдөг
Ама Даблама оргилд авирсан багийнхан
Ярилцсан П.Нарандэлгэр
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
eh survalj: www.shuud.mn

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам